Мах импексийн ХКҮ-ийн захирал Б.Бадмаа залууст үнэнч байхыг захилаа

Монголын Залуучуудын Холбооноос уламжлал болгон зохион явуулсан “Залуу хүн” цуврал лекцийн энэ хаврын 10 дахь буюу хамгийн сүүлийн зочноор Мах Импэкс ХК-ийн “ХКҮ”-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа уригдаж, залуустай нээлттэй ярилцлаа. Тэрбээр “Боломж-Ажлын гараа” сэдвээр илтгэл тавьж, өөрийн зөвлөгөөг хүргэсэн юм.

Тэрбээр энэ удаагийн ярилцлагаараа Б.Бадмаа гэдэг хувь хүний талаар мэдээлэл өгч, залууст үнэнч, шударга байхыг захилаа.


Мах Импэкс ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа “Боломжийг бурхнаас өгсөн бэлэг хэмээн ихэнх хүн тодорхойлсон байдаг. Боломжийг харж чадсан бол сонголт хийх хэрэгтэй. Өөрт олдсон өдөр өдрийн боломжуудыг ашиглан цагаа үр бүтээлтэй өнгөрүүлээрэй” хэмээв.

Өдрийн сонинд анх спортын сэтгүүлчээс ажлын гараагаа эхэлж байсан тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ууган үйлдвэрүүдийн нэг 70 жилийн түүхтэй Мах Импэкс компанийн “ХКҮ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг хашиж байгаа юм.

Тэрээр “Хүн үнэнч байх хэрэгтэй. Мөн цаг баримтлах нь чухал. Ажлын гарааг эхлэхдээ үнэнч, чин сэтгэлээсээ хандаж, цаг бариад сурчихвал өсөн дэвжих боломжтой юм.  Ажилд орсон залуучууд долоо хоноод л алга болчихдог тохиолдол бий. Залуу хүн үг дааж сурах нь ажлын гарааг эхлэхэд хэрэгтэй санагддаг. Хатуу, чанга үг хэн нэгнээс их сонсоно. Тэр болгонд нугарахгүй, сөхрөлгүй явж чадвал мөр бүтэн, нойр их, амар тайван амьдрах юм” гэж залууст зөвлөлөө.


Тэрээр мөн хүний ёсонд хэн нэгнийг богинохон хэмжээнд хуурах боломжгүй. Үнэнч байж чадвал ажил тань бүтэхгүй байсан ч үр дүн тань эерэгээр ирэхийг онцоллоо.

Тэрбээр “Боломж бидэнд бүгдэд нь байдаг. Хамгийн гол нь түүнийг олж харах нь чухалыг залууст зөвлөв.

“Залуус мэдлэгийг баялаг болгох нь чухал. Зарим оюутан заавал 100 хувь онц авах гэж хичээдэг. 98 хувь авчихвал сэтгэл дундуур байдаг тохиолдол бий. Энэ бол хэлбэр юм. Дүн биш сурч, мэдсэн мэргэжлийн үнэ цэнэ чухал” хэмээв.


“Шат дараалалтай амьдралын турш олон сонголт өмнө чинь гарч ирнэ. Тэрбумтан болоход хэзээ ч оройтохгүй. Ажлын гарааг зөв эхлэх нь чухал. Өөрийн мэргэжлийн хамгийн том гэсэн байгууллагыг сонго. Тэндээс их зүйлийг сурах хэрэгтэй. Алдаа, оноог мэдэж ав. Ингэж болохгүй юм байна гэж алдааг олж харах хэрэгтэй. Алдаагаа битгий давт. Ажлыг голж болохгүй. Залуучууд томоос эхлэх гэдэг, амьдралд их яардаг.  Нэг жилийн дотор яаж ч өөрчлөгдөж болно шүү дээ. Нэг байгууллагад орчихоод тэндээс их зүйл сурч, мэдсэнийхээ дараа өөрөө хүн удирдах боломж гарч ирнэ. Хамгийн чухал нь залуу хүн ажилтай, орлоготой байх хэрэгтэй хэмээн залууст зөвлөлөө.

Энгийн бүхэн агуу байдаг гэдэг шиг энэ удаагийн зочин оюутан залуустай нээлттэй ярилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо. Тэрбээр залууст хандан “Үнэнч бай” гэсэн ганцхан зөвлөгөөг өгсөн юм.


Хэн нэгэнд үнэнч байж, үнэн сэтгэлээр хандсан хүн хэзээ ч хазгай гишгэж алддаггүй. Боломж ч ундарч байдаг гэдгийг ойлгууллаа.

Энэ үеэр тус лекцэнд тасралтгүй 10 удаа хамрагдсан 25 оюутан, сурагчдад МЗХ болон зочны зүгээс гарын бэлэг өгсөн юм. Тухайлбал “Мэдлэгээр дүүрэн залуу” батламж, Сургалт, судалгааны Полиси төвийн сургалтын эрх, MXM фитнесс клубийн эрхийн бичиг, Чой сургалтын төвд хөнгөлттэй хамрагдах эрх, “Залуу хүн цуврал лекц”  калиграфаар уралсан дурсгалын зүйлсийг гардууллаа.


Залуу хүн цуврал лекцийн зочдоор МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны Полиси төвийн захирал Г.Эрдэнэгэрэл, Монголын шигшээ багийн тамирчин Т.Санчир, Сүү ХК-ийн захирал Гантулга , Мөрөөдлийн театрийн жүжигчин СТА жүжигчин Алтаншагай, Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр, Монголын бизнес хөгжлийн төвийн захирал Б.Дөлгөөн, Exclusive брэндийн захирал Г.Майцэцэг, “Кинг Кидс” Англи хэлний бүрэн дунд сургуулийн захирал Ц.Хулан, Менежер Карьерийн институтийн захирал Н.Гэрэлтуяа, Мах Импэкс ХК-ийн “ХКҮ”-ийн гүйцэтгэх захирал Б.Бадмаа нар тус тус  оролцлоо.

М.Болор

HTML-


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)