МАХН-ЫГ УДИРДЛАГА НЬ УРУУДУУЛСАН ГЭВ ҮҮ

МАХН-ын удирдлагууд “Тэрэл жийн...” гэсэн нэрт тунхаг гаргасан нь улс орны хэмжээний шуугианы эхлэлийг тавьсан гэж хэлж болно. Жирийн гишүүддээ дуулгалгүй удирдлагын цөөхөн хүний хүрээнд хуйвалдаан маягаар ажиллаж, үзэл бодлоо тулган хүлээлгэх замаар намыг маань төрөл арилжуулах нь гэж эгдүүцэх гишүүн цөөнгүй. Тэдний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ч сураг бий.

Өнгөрсөн баасан гаригт дуурийн театрт МАХН-ын 400 орчим гишүүн оролцсон “МАХН-ын шинэчлэл: ухрах уу, урагшлах уу” сэдэвт хэлэлцүүлэг болсон нь үүний нэг илрэл болов уу. Тус арга хэмжээг дарга, удирдлага бус жирийн гишүүд дэмжигчид нь санаачлан зохион байгуулсаныг ажиглагчид олзуурхаж байна лээ.

Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор А.Цанжид, Германы судлаач Удо Бракманн, улс төр судлаач С.МолорЭрдэнэ, Т.Атар, “Иргэний нийгэм” ТББын тэргүүн Т.Ундаръяа, доктор Н.Удвал, гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг нар хэлэлцүүлэг дээр илтгэл тавьж, гишүүд санал бодлоо солилцсон юм. Мөн намынхаа үзэл баримтлалыг солихыг буруу хэмээн үзэж байгаа МАХН-ын дарга асан Н.Энхбаяр урилгаар оролцсон юм. Тэрбээр МАХН-ын хамгийн үнэт зүйлсийн нэг бол үзэл баримтлал нь юм. Үзэл баримтлал гэдэг тухайн намын зүрх сэтгэл нь. Тэгвэл зүрхийг нь солих гэж байгаа бол, өөр хэмнэлээр цохилдог зүрх суулгах гэж байгаа бол эгэл жирийн гишүүдээсээ асуугаачээ, тэдний зөвшөөрөлгүйгээр асуудалд хандаж болохгүй ээ.

МАХН дарга нарын нам болжээ. Намыг эгэл жирийн гишүүдийнх нь гарт буцааж өгөх хэрэгтэй гэж хэллээ. Энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, МАХНын хэвлэл мэдээллийн албаны дарга Амарбаясгалан, Уламжлалын нэгдсэн намын дарга Х.Батболд нар бас оролцов. МАХН анхнаасаа л социал демократ үзэлтэй нам байсан.

МАН нэрээр үүсэн байгуулагдахдаа баян, хоосны ялгаагүй тэгш байх үзлийг үзэл баримтлалаа болгож байсан хэмээн А.Цанжид онцлов. Удо Бракманн Монголын улс төрийн намуудын бодлого, үзэл баримтлал тодорхой бус байгаа нь олон зүйлд ажиглагддаг гэлээ. Харин эдийн засагч Н.Дашзэвэг “Хэм тэгш жаргацгаая” гэсэн үг дээр тогтож ярилаа. Энэ үгийг МАНыг байгуулахдаа Д.Сүхбаатар хэлжээ. Уг үг социал демократ үзэл баримтлалыг тодорхойлж буй аж. “Бүгдээрээ чинээлэг, сайхан амьдарцгаая гэсэн утга энэ үгэнд байна.

Бид компанийн засаглал тогтоож, цөөхөн хүн баяждаг замаар хэрхэвч явж болохгүй” гэж тэрбээр үзэж байна. Доктор Н.Удвал илтгэлдээ өгүүлс нээс үзвэл МАХН-ын XXV их хурлын шийдвэр хэрэгжээгүй, өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн хариуцлагыг манай намынхан авч хэлэлцэж хариуцлага тооцоогүй. Энэ нь намын удирдлага хариуцлагаас зугтсаар ирсэний нэг жишээ болж байна гэсэн байр суурьтай байдаг ажээ.

Нам нэрээ сольсноор үзэл баримтлалаасаа хазайж, чинээлэг болоод дундаж давхаргынхныг дэмжих гэж байна хэмээн энд үг хэлсэн олон хүн шүүмжлэв. Хэлэлцүүлэгт оролцсон гишүүдийн олонх нь намынхаа нэрийг солихыг эсэргүүцэж байв. Манай нам нэрээсээ бус удирдлагаасаа болж уруудлаа. Авлига, хээл хахууль, мөнгө төгрөгтэй холбоотой луйварт нэр холбогдсон хүмүүс албан тушаалд хүрдэг. Жирийн гишүүдийн дуу хоолойг сонсохгүй байгаа нь намын нэр хүнд унахад хүргэсэн гэж тэд үзэж байв.

Нам нэрээ сольсноор 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдах магадлалтайг ахмад гишүүд хэлж байна. Нэрээ сольсноор иргэдийн дунд эргэлзээ, төөрөгдөл бий болж дэмжигчдийн дотор оноо алдахвий хэмээн болгоомжилж байгаагаа тэд нуусангүй. “Намын нэрийг сольсноор сонгуульд ялагдвал хариуцлагыг нь би хүлээнэ” гэж хэлсэн намын Ерөнхий нарийн бичгийн даргаа ч тэд шүүмжилж байлаа. Доктор профессор Ю.Атар “Нам үзэл онолоо өөрчилбөл нэр солигдоно, гишүүнчлэлээ дахин хийхэд хүрнэ.

Эцэстээ нам тарна. Намын үзэл бодлыг өөрчилнө гэдэг хэн нэгний хүчээр хийдэг зүйл биш” гэсэн бол доктор, профессор С.Молор-Эрдэнэ “МАХН-ын нэр, үзэл бодлыг өөрчлөх гээд байгаа нь монголчууд өөрсдөө сэдээд хийгээд ажил биш. Гаднаас нь хатгаад байгаа юм. Тэд Монголын нийгмийг зориуд үймээн самуунтай, зөрчилтэй байлгах гээд байна. Тэд Латин-Америкийг, Африкийг балласан. Түүнээс биш хувьсгалт гэдэг үгэнд утга учир нь байгаа юм биш. Цаана нь том “зүйл” яваад байна” хэмээсэн нь анхаарал татахгүй байхын аргагүй.

“Шинэ хөгжил” сан, “МАХН-ын үнэт зүйлийг хамгаалъя” бүлгэм, МАХН-ын гишүүд дэмжигчдийн “Зөв сонголт” хөдөлгөөн, “Шинэ үе-Ардчилал” ТББын зохион байгуулсан хэлэлцүүлгээс улс төрийн дүгнэлт, зөвлөмж гаргалаа. МАХН-ын гишүүд дэмжигчдийн “Шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө” гэдэг нэгдсэн хөдөлгөөн байгуулахыг дэмжих, түүний анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулахаар зөвлөмжид болов.

Ойрын үед өрнөж байгаа улс төрийн үйл явцаас харахад удахгүй болох МАХН-ын их хурал халуухан байх биз. Үзэл баримтал, нэрээ биш, бодлого үйл ажиллагаагаа өөрчлөөч. Энэ л жинхэнэ шинэчлэлт болно шүү гэж хэлж буй гишүүн олон байна бус уу. Харин намын удирдлагууд нь үүнийг хэрхэн хүлээж авах юм бол доо.


И.РЭНЧИНХАНД


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)