МАХН С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр шийдэв

“БАНТАН” БОЛСОН  БАГА ЧУУЛГАН

УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ тодруулан СЕХ-нд бүртгүүлэх хуулийн хугацаа энэ сарын 14-нд дуусгавар болсон. СЕХ МАН, АН-ын нэр дэвшигчийг бүртгэж, МАХН-аас нэр дэвшсэн Н.Энхбаярыг СЕХ бүртгэхээс татгалзсан. Түүнийг ялтай хугацаа нь дуусаагүй, сүүлийн таван жилд эх орондоо байнга оршин суугаагүй гэх шалтгаанаар бүртгээгүй юм.

Сонгуулийн тухай хуулийн 143.2-т “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсвэл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлэн, шаардагдах бичиг баримтыг сонгуулийн төв байгууллагад ирүүлнэ” гэж заасан. Нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх, өөр хүний нэрийг дэвшүүлэх хуулийн хугацаа урьд шөнийн 00.00 цагаар дуусгавар боллоо.

МАХН-ынхан хуулийн хугацаа дуусахаас өмнө Ерөнхийлөгчийн сонгуульд өөр нэр дэвшигч тодруулах уу, эсвэл нэр дэвшүүлэхгүй өнжих үү гэдэг салаа замын уулзвараас шийдвэрээ гаргахаар өчигдөржин бужигнав. Тус нам өчигдөр үдээс хойш Гүйцэтгэх товчоо, Бага чуулганаа хуралдуулан Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, эсэх, оролцвол Н.Энхбаярын оронд хэнийг нэр дэвшүүлэх тухайгаа хэлэлцсэн.

Бага чуулган 14.00 цагт эхэлнэ гэсэн зар тараасан бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд тус намыг төлөөлөн өрсөлдөх хүсэлтээ илэрхийлсэн, иргэний хөдөлгөөний байгууллагууд, хамтран ажилладаг улс төрийн хүчнүүд, намын гишүүдээс санал болгосон хүний тоо наймд хүрсэн тухай мэдээлэл чих дэлсэж байлаа. Тухайлбал, Гавьяат хуульч С.Нарангэрэл, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунбаатар, Ц.Шаравдорж, С.Ганбаатар, Нобелийн шагналт багийн гишүүн Д.Эрдэнэцогт, “Насны зам” компанийн захирал Ж.Энхжаргал нарын нэр сонсогдож байв.

МАХН-ын удирдах байгууллагаас томилогдсон ажлын хэсэг Бага чуулган эхлэхээс өмнө дээрх хүмүүстэй уулзаж, ярилцсан бөгөөд энэ үеэр намын хөрөнгө санхүү таарууг учирлаж, сонгуулийн зардлын тодорхой хувийг нэр дэвшигч өөрөө даах нөхцөлтэйг дуулгасан гэсэн мэдээлэл байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн нам 6.8, нэр дэвшигч 3.9 тэрбум хүртэл төгрөг зарцуулж болно хэмээн Үндэсний аудитын ерөнхий газраас зардлын дээд хэмжээг тогтоосон. Өрсөлдөгч хоёр нам хэмжээндээ тулгаж буюу 10.7 тэрбум төгрөгөөр сонгуульд оролцох нь тодорхой тул МАХН-аас нэр дэвшигч дор хаяж таван тэрбум төгрөг босгох ёстой. Үүнийгээ гаргаж чадах уу, үгүй юү гэдэг яриа намын удирдлага болон нэр дэвшихээр горилогчдын дунд өрнөжээ.

Эл уулзалтын дараа МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаад УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, “Насны зам” компанийн захирал Ж.Энхжаргал нарын нэрийг Бага чуулганд оруулахаар болсон юм.

14.00 цагт товлосон Бага чуулган 16.00 цагт эхлэв. 200 гаруй гишүүнийх нь 120 орчим нь иржээ. Бага чуулганы гишүүдийн зарим нь “Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН оролцох нь МАН, АН-ын дээрэнгүй үйлдлийг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Тэгээд ч нэр нь яригдаж буй хүмүүсийн хэн нь ч олон нийтийн дэмжлэг авч чадахааргүй харагдаж байна. Нөгөөтэйгүүр нам сонгуулийн санхүүжилт гаргаж чадахгүй. Тиймээс энэ сонгуульд нэр дэвшүүлэх буюу аль нэг намыг дэмжихгүйгээр эсэргүүцлээ илэрхийлэх нь зүйтэй” гэсэн байр суурь илэрхийлж байв. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох, эсэхээ шийдэхээр санал хураахад хуралд оролцсон гишүүдийн 56 нь оролцох хэрэггүй, 51 оролцох нь зүйтэй гэсэн санал өгсөн байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ирж “МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд заавал оролцох ёстой. УИХ-д суудалтай гуравдагч хүчин байж, хэлмэгдэж байгаа үедээ эрхээ эдлэхгүй орхих нь гутамшиг. МАХН улс төрийн тавцанд тогтож үлдэх үү, үгүй юү гэдгийг энэ сонгууль харуулна” хэмээн маргаан дэгдээж, дахин санал хураалт явуулахаар болжээ. Бага чуулганы гишүүд ийнхүү хоёр хуваагдаж, ширүүн маргалдсаар дахин санал хураах шийдэлд хүрэх үед 18.50 цаг болж байв. Хуралдахаар эхлээд маргаанаар дууссан Бага чуулганаас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь зүйтэй гэсэн шийдвэр 19.20 цагийн үед гарсан юм.

ӨӨРИЙН ГЭСЭН НАМ Ч ҮГҮЙ С.ГАНБААТАР НЭР ДЭВШИХ ЭРХ ХАЛААСЛАВ

УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж, Ц.Оюунбаатар, С.Ганбаатар, “Насны зам” компанийн захирал Ж.Энхжаргал нараас нэр дэвшигчээ тодруулахаар нууц санал хураалт явуулахад Бага чуулганы гишүүдийн 65 хувь нь С.Ганбаатарыг дэмжсэн байна. 20.00 цаг өнгөрч байхад энэ шийдвэр гарсан. УИХ-д суудалтай нам л Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй. Гэтэл өчигдрийг хүртэл өөрийн гэсэн нам ч үгүй явсан С.Ганбаатар Ерөнхийлөгчид нэр дэвших эрх халаасалж, хэдэн жилийн өмнөөс өвөртөлсөн Ерөнхийлөгч болох мөрөөдөлдөө хүрэх эхний даваагаа давлаа. Тэр үнэхээр элдэвтэй эр аж.

Гэвч баярлах эртэднэ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сойж оролцох шийдэлд хүрсэн МАХН нэр дэвшигчээ бүртгүүлж чадах, эсэх нь тодорхойгүй. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлэг, өр төлбөргүйг нотлох татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай хилийн албаны тодорхойлолт, нэр дэвшигчийн эрүүл мэндийн талаарх эмнэлгийн дүгнэлт зэрэг 15 төрлийн баримт бичгийг бүрдүүлэн СЕХ-нд хүргүүлэх ёстой. Гэтэл түүнд ердөө гурван цаг гаруйхны хугацаа үлдсэн. Дээр нь ажлын цаг дууссан.

Ажлын цаг дууссаны улмаас бичиг баримтаа бүрдүүлж чадахгүйд хүрвэл хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх, эсэх талаар СЕХ-ноос энэ талаар тодруулахад “Бид өнөөдөр (өчигдөр)-ийн 00.00 цаг хүртэл хүлээнэ. Нэр дэвшигч хуульд заасан бичиг баримтаа бүгдийг нь авчрах үүрэгтэй. Ямар ч хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй” гэсэн юм.

Харин С.Ганбаатар нэр дэвшинэ гэдэгтээ итгэлтэй байсан бололтой. Тэрбээр Бага чуулганы шийдвэр гарахаас өмнө бичиг баримтаа бүрдүүлээд явж байсан, 16.30 цагт шүүхээс гуйсаар байгаад тодорхойлолтоо аваад явсан сураг дуулдсан. Хэрэв тэр эмчийн үзлэгээс эхлээд бүх бичиг баримтаа бүрдүүлж амжсан бол түүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрээ СЕХ өнөөдөр гаргана.

С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвших замд тээглэх саад ганц СЕХ биш. МАХН-ыг УИХ-д суудалтай нам болгосон ганц баатар О.Баасанхүү нь түүнийг эсэргүүцэж буй. О.Баасанхүү “Би МАХН-аас Монголын төрийг барих зангарагтай, хуулийг ёсчлон биелүүлэх нэр цэвэр хүн дэвшээсэй гэж хүсэж байсан. С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг би тууштай эсэргүүцэх болно. УИХ-д суудал авчирсан гишүүний хувиар түүнийг дэмжихгүй гэдгээ СЕХ-нд албан ёсоор мэдэгдэнэ” гээд “Намайг намаасаа гарах нөхцөл байдалд МАХН-ын удирдлага бүү хүргээсэй” хэмээн мэдэгдсэн. Тэр намаасаа гарвал МАХН УИХ-д суудалгүй болж, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрх ч замхарч мэднэ. Энэ бол “Зэрэг нэмэхийн өмнө” кино амьдралд давтагдах бодит аюул юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)