​“Материал импекс” компани ББСБ байгуулна

“Материал импекс” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болж, банк бус санхүүгийн байгууллага байгуулах шийдвэр гаргаснаа мэдээллээ.

Тус компани эзэмшлийнхээ газарт сүүлийн хэдэн жил орон сууцны барилга барьж байгаа гэнэ. “Орон сууцны борлуулалтаа дэмжихээр ББСБ байгуулж байна” гэж компанийн удирдлага мэдэгдээд байна. Ипотекийн найман хувийн хүүтэй зээл олголт зогссон нь орон сууцны борлуулалтыг эрс бууруулаад байгаа аж.

Тэднийх ББСБ-ыг өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани хэлбэрээр байгуулах нь. Үүнд шаардагдах хөрөнгийг хуримтлагдсан ашгаасаа гаргахаар болжээ. “Материал импекс” компани энэ оны эхний хагас жилд 9.23 тэрбумын борлуулалтын орлого олж, 361.5 сая төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

Орлого нь өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум төгрөг буюу 35 хувиар өсжээ. Гэвч алдагдал нь 149 сая төгрөгөөр нэмэгдэв. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийн нэгж хувьцааны ханш 9025, зах зээлийн үнэлгээ нь 12.3 тэрбум төгрөгт хүрчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)