Матадын түймрийг унтрааж байсан нэг хүн амиа алдаж, хоёр хүн бэртлээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатарын сумын нутгаас эхэлсэн хээрийн түймэр Дорнод аймгийн Баянтүмэн, Матад сумдын нутгаар дамжин их хэмжээний талбай хамран шатаж байна. Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид гурван өдөр, шөнийн турш ажиллаж түймрийн хойд захыг цурманд оруулаад байна.

Тэгвэл энэ үеэр золгүй явдал тохиолдож Матадын түймрийг унтраахаар ажиллаж байсан нэг хүн амиа алдаж, хоёр хүн хүнд гэмтжээ. Гэхдээ тэд галд өртөж бус машины осолд орж амь насаа алдан, бэртсэн байна. Түймрийн захад зогсож байсан автомашин хажууд нь ажиллаж байсан хүмүүсийг холдож амжаагүй байхад байрлалаа сэлгэж хөдлөж тэднийг дайрчээ. Нас барсан иргэн нь Матад сумын харьяат хүн аж. Харин гэмтсэн хүмүүсийн биеийн байдал тааруу байгаа гэнэ

Газрын тосны цооногуудын үйл ажиллагааг зогсоожээ

Зүүн аймгуудыг хамарсан хээрийн түймэр газар авсаар Дорнод аймгийн таван суманд түймэр гарч байгаа тухай мэдээлэл ирлээ. Түймрийг унтраахаар ОБЕГ-ын алба хаагчид болон нутгийн иргэд хамтран ажиллаж байгаа бөгөөд болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, шаардлагатай арга хэмжээг авсаар байна. Тэр дундаа “Петрочайна дачин тамсаг” компанийн 19, 21 дүгээр талбай, төв кэмпийн орчим түймэр ассан хэвээр байгаа юм. Тус компанийн 70 гаруй ажилчин залуус түймрийг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд цооногуудын үйл ажиллагааг зогсоогоод байгаа аж.

Түймэр унтраахаар 400 хүн ажиллаж байна

Түймэр газар авч, хойд хэсгийг цурманд оруулч хойноосоо хүчтэй салхилж байгаагаас дахин асах магадлалтай байна. Одоо түймэр Матад сумын Баянгол багийн Бага хүрээ, Халхгол сумын Ташгай багийн Адагдулаан хүртэл тархан асаж байна. Түймрийн голомтод Дорнод, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн  алба хаагч, Матад, Баянтүмэн сумын иргэд нийлсэн 400 хүн ажиллаж байна.

Улаанбаатарт орж байгаа хур тунадас Дорнодод л хэрэгтэй байна

Зүүн аймгийн нутгаар хуурайшилт ихтэй байгаагаас гадна иргэдийн болгоомжгүй байдлаас болж татсан тамхины ишнээс үүснээс түймэр хоёр аймгийн нутаг дамнан асаж байна. Түймэр гарсан сумуудад агаарын температур 13-15 градус байгаа бөгөөд үдээс хойш хур тунадас орно гэсэн мэдээлэл байгаа юм. Өглөө Улаанбаатар хотод орсон хур тунадас зүүн аймгуудад л хэрэгтэй байна. Ялангуяа түймэр гарсан сумуудад хур тунадас орвол гал унтраагчдын ажилд бага ч гэсэн нэмэр болох юм.

Түймрээс сэргийлье

Ой хээрийн түймрийн давтамж өдрөөс өдөрт ойртож , түймэрт шатсан эд хөрөнгө, байгаль экологийн хохирлын хэмжээ өсөн нэмэгдсээр байна. Түймрээс сэргийлэх олон арга бий. Хамгийн чухал нь иргэдийн сонор сэрэмж билээ. Түүнчлэн орон нутагтаа буюу сум бүрт түймрийн зурвас байгуулбал хор хохирлыг багасгах боломжтой. Өнгөрсөн жил Дорнод аймаг  ОХУ-тай хиллэдэг зурвасын дагуу БОНХЯ болон орон нутгийн Байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар 200 гаруй км урт түймрээс сэргийлэх шороон зурвас анх удаа байгуулжээ. Чулуунхороот сумаас эхлэх энэ зурвасыг хилчдийн хүчээр, 46 сая төгрөгийн хөрөнгөөр барьж байгуулжээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)