“Мастерс” Гран при олон улсын тэмцээн болно

Дэлхийд чансаагаараа жин тус бүртээ эхний 16-д багтаж байгаа шилдэг жүдочид хүч үзэх “Мастерс” Гран при олон улсын тэмцээн энэ сарын 23-24-нд Морокко улсын Рабат хотноо болно.

Дэлхийн чансаа гэдэг нь 2016 оны олимпийн эрхийн оноогоороо жин, жиндээ эхний 16-д бичигдсэн жүдочид багтдаг. Нийт 200 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний алтан медаль 6000 ам.доллар, мөнгөн медалийг 4000, хүрэл медалийг 2000 ам.долларын мөнгөн шагнал дагалдах юм. Тус тэмцээнд түрүүлсэн тамирчин олимпийн эрхийн 700 оноо, мөнгөн медаль 420 оноо, хүрэл медаль 280, шагналт V байрт 140 оноо, VII байр 112 оноо тус тус дагалдана.

Монголын 14 жүдоч уг тэмцээний татамид хүч, ур чадвараа сорих юм. Монголын багийн ахлагчаар МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат, гавьяат тамирчин Д.Нармандах болон дасгалжуулагчаар Ардын багш О.Балжинням, гавьяат Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од нар ажиллана. Эрэгтэйчүүдийн 60 кг, 73 кг-д тус бүр Монголын гурван жүдоч өрсөлдөх юм. Харин 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа дэлхийд 12 дугаарт бичигдэж байгаа ч тивийн АШТ-ээр гэмтэл авсан учир тэмцээнд оролцохгүй. Манай жүдочид Парист бэлтгэлээ базааж байгаад Морокког зорьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)