Массачусетсийн технологийн дээд сургуультай хамтран ажиллахаар боллоо

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг АНУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд Массачусетсийн технологийн дээд сургуулийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын Засгийн газраас дээд боловсролын салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй санаачилгын талаар харилцан санал солилцлоо.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Массачусетсийн технологийн дээд сургуулийн J-WEL Абдул Латиф Жамилын нэрэмжит Дэлхий дахины боловсрол лаборатори хооронд их дээд сургуулиудын багшид сургалтын шинэ технологи, онлайн сургалт, блендэд сургалт зохион байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Массачусетсийн технологийн дээд сургуулийн J-WEL Абдул Латиф Жамилын нэрэмжит Дэлхий дахины боловсрол лабораторийн Ерѳнхий захирал Вижай Кумар нар байгууллаа.

Санамж бичгийг байгуулснаар манай улсын их, дээд сургуулийн инженерийн сургалтын төлөвлөгөөг дэлхийн түвшинд хүргэх чиглэлээр хамтран ажиллах, жилд хоёр удаа зохион байгууллагддаг J-WEL долоо хоногийн арга хэмжээ, блендэд сургалт, дижитал заах аргазүй зэрэг сургалтын шинэ арга зүйн сургалтад хамрагдахаас гадна тус тѳвийн цахим сургалтын нѳѳц материалуудад үнэ тѳлбѳргүй хандах эрх нь үүснэ. Дашрамд дурдахад Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь тус тѳвтэй хамтын ажиллагаатай дэлхийн 17 их сургуулийн нэг болж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)