Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөх ёслол боллоо. Тус хүндэтгэлийн ёслолд УИХ-ын дарга болон Засгийн газрын гишүүд оролцсон юм. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ "Та бид Монгол Улсын тусгаар тогтнолын сэргээн мандуулсан түүхт ардын хувьсгалын 100 жил, XX зууны Монгол Улсын сэргэн мандалыг удирдан зохион байгуулагч, МАН-ын 100 жилийн ойн босгон дээр төр, нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбал даргын мэндэлсэн 104 жилийн ойг тэмдэглэн хүндэтгэж, хөшөөнд нь цэцэг өргөлөө. 

Монголын түүхэнд тод томруунаар нэрээ үлдээсэн энэ эрхэм хүн, Монголын улс төрийн ууган манлайлагч, МАН-ын дарга болсны 80 жилийн ой энэ жил тохиож байгааг тэмдэглэн хэлэхдээ баяртай байна. МАН-ын түүхэн замналын хагас 100 жил нь Ю.Цэдэнбалын үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Ю.Цэдэнбал Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалах, хоёр дайнд цэрэг эрийн ёсоор оролцож, тусгаар тогтнолоо хөрш орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх, Дэлхийн 100 гаруй оронтой дипломат харилцаа тогтоох, бүс нутгийн орнууддаа бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, НҮБ-ын бүрэн эрхэт гишүүнээр Монгол Улсаа элсүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн хүн билээ.

Тэрбээр насан туршдаа суралцаж олсон өргөн дэлгэр мэдлэг, ажил амьдралын туршлага, удирдах ажилтны авьяас билэг, нөр их хөдөлмөрөөрөө, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө нэгэн үзүүр сэтгэлээр зүтгэсэн Монгол түмний эрхэмлэн дээдэлдэг хүү нь юм. Мөн Ю.Цэдэнбал нь ардын боловсролын бүхэл бүтэн тогтолцоог төлөвшүүлж, МУИС, АШУҮИС, ШУА-ыг байгуулсан. 

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрээс эхлэн өнөөдрийн бүтээн байгуулсан бүхэн Ю.Цэдэнбалын үйл ажиллагаа, хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой юм. Үүнээс гадна эрүүл мэндийн салбар, үндэсний банк санхүү, үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа зам тээвэр холбоо харилцааны ажлуудыг удирдсан. Нэг улс үндэстний амжилтыг нэг хүний нэртэй холбох нь өрөөсгөл боловч, чухамхүү тэр он цагуудад төр улсаа удирдаж байсан төрийн зүтгэлтний түүхэн үүрэг гавьяаг орхигдуулж болохгүй.

Өнөөдөр нийгэм, улс төрийн тогтолцоог эрүүл саруул байлгах, авилгагүй нийгмийг төлөвшүүлэх, хүн бүр ажилтай орлоготой байхын тулд энэ хүний ухаалаг бодлогыг судлах нь нэн чухал юм. Түүхэн замналаа үнэн зөвөөр дүгнэж, түүхээ бүтээсэн сод хүмүүсийнхээ бахархалт жишээнээс суралцах нь бидний болон хойч үеийнхний эрхэм зорилт байх учиртай. Монгол төрийн гарамгай зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хөдөлмөр зүтгэл, гэгээн үйл хойч үедээ ямагт үлгэр дуурайлж болж, мөнхийн гавьяа нь эгнэгт дурсагдах болтугай" гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)