МАРШАЛЛ БИЛИНГСЛИ: Монгол Улс 2020 он гэхэд “саарал жагсаалт”-аас гарах боломжтой

АНУ-ын Сангийн яамны Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал хариуцсан дэд сайд Маршалл Билингсли өнгөрсөн баасан гарагт “Өнөөдөр”, “UB Post” сонин, news.mn, ikon.mn сайтад ярилцлага өглөө. Тус уулзалт нь Санхүүгийн арга хэмжээ авах байгууллагаас (ФАТФ) Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулсан талаар, манай мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэхэд АНУ-аас үзүүлэх дэмжлэг, уг жагсаалтаас гарахад өгөх зөвлөмжүүд, бусад асуудалд анхаарлаа хандуулсан юм.

АНУ-ын Сангийн яамны дэд сайд Маршалл Билингсли, түүний баг Монгол Улсын Засгийн газар болон санхүүгийн тогтолцоонд АНУ-ын зүгээс тусалж дэмжихэд бэлэн байгааг илэрхийлж, манай Засгийн газрыг хэрхэн үр дүнтэй дэмжих талаар хэлэлцэж, авлига, мөнгө угаах, татвараас зайлсхийх, санхүүгийн бусад гэмт хэрэгтэй тэмцэхэд банк, санхүүгийн салбар, ард иргэдийг хамгаалах хэд хэдэн чухал шинэчлэл хийхэд хувь нэмрээ оруулахаар анхны айлчлалаа хийв. Энэ үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Гадаад харилцааны сайд нартай уулзсан юм.

Ярилцлагын эхэнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон санхүүгийн бусад гэмт хэрэгтэй тэмцэх асуудлаар мэргэшсэн АНУ-ын Сангийн яамны дэд сайд авлига, эсвэл санхүүгийн гэмт хэргээр бий болсон сангуудад үр дүнтэй ял шийтгэл ногдуулж, улсын санд хурааж авах ажлын ач холбогдлыг тэмдэглэв. Дэд сайд Маршалл Билингсли “АНУ Монгол Улсыг “саарал жагсаалт”-аас аль болох хурдан гаргах хүсэлтэй байгаа. Гэхдээ үүнийг зам товчилсон байдлаар хуумгай хийхийг хүсэхгүй. “Саарал жагсаалт”-аас гарахын тулд гүйцэтгэх ёстой шалгуур үзүүлэлтийг хангах төдий бус, харин Монголын ард иргэдийн санхүүгийн нөхцөл байдлыг хамгаалах тогтолцоо бий болгохын тулд хамтран ажиллахыг чухалчилж байна” гэсэн юм.

-“Саарал жагсаалт”-д орсноос болж Монгол Улсад ямар эрсдэл үүсэх вэ. Тухайлбал, Монгол Улстай харилцагч барууны банкууд өртөг зардлаа нэмэгдүүлнэ гэж та бодож байна уу?

-“Саарал жагсаалт” гэдэг бол үнэнийг хэлэхэд олон улсын ихэнх банк аль хэдийн мэдэж байсан эрсдэлүүдийг л баримтжуулсан төдий явдал. Уг жагсаалтад ороод гарсан 65-66 орон байдаг. Монгол Улс ч өмнө нь энэ жагсаалтад ороод гарсан.

“Саарал жагсаалт”-д асуудал нь байгаа юм биш, харин баримтжуулсан зүйлсийг засаж залруулж, түүнд анхаарлаа хандуулах нь чухал. Монгол Улсын Засгийн газар олж илрүүлсэн олон алдаа дутагдлыг засаж залруулахын тулд хэд хэдэн шинэ хууль тогтоомж, журам баталсан. Хийх ёстой ажил олон бий. Гэхдээ “саарал жагсаалт” нь олон улсын банкуудын тооцоололд нөлөөлнө гэж би бодохгүй байна. Харин тэдний тооцоололд шийдвэрлэх ёстой далд асуудлууд илүү нөлөөлөх болов уу.

-Таны ярьж буй далд асуудлууд гэдэг нь юу вэ?

-Монгол Улсын Засгийн газар санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгаж, хууль зөрчсөн этгээдэд ял шийтгэл ногдуулж, яллахад бодит хүчин чармайлт гаргаж буйг сонсоход баяртай байна. Санхүүгийн гэмт хэрэг нь дотроо маш олон янз. Монгол Улсын Засгийн газрын өнөөг хүртэл гаргаж буй хүчин чармайлт болон явуулж буй мөрдөн байцаалт нь Засгийн газар мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд бодит ажил хийж байгаа гэсэн итгэл үнэмшлийг надад төрүүлсэн.

-ЖДҮХС-д улстөрчид хутгалдсан гэмт хэргийг өнөөг хүртэл шийдвэрлээгүй байна. Монгол Улс “саарал жагсаалт”-д орох болсон гол шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Одоо үргэлжилж буй мөрдөн байцаалтын тодорхой хэрэгт би санал бодлоо хэлэхгүй байсан нь дээр болов уу. Харин миний зүгээс банкууд аюулгүй байдлыг хамгаалах анхдагч хүчин зүйл байдаг учраас санхүүгийн гүйлгээг олон улсын банкаар хийхийг хангахын тулд тэдгээртэй хамтран ажиллах нь чухал гэдгийг хэлмээр байна. Тэд гол хамгаалагчид байдаг. Монгол Улсад маш хүчтэй комплайнс хөтөлбөртэй сайн банкууд бий. Миний бодлоор санхүүгийн үйл ажиллагааг аль болох Монголын банкуудаар дамжуулан явуулбал төдий чинээ оновчтой.

-“Саарал жагсаалт”-аас хурдан гарахын тулд нэн тэргүүнд манай улс юу хийх ёстой вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч болон сайд нартай хийсэн уулзалтаас харахад тэд энэ жагсаалтаас гарах хүчин чармайлтад гол анхаарлаа хандуулж байгаа нь тодорхой. АНУ-ын Сангийн яам ч үүнд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. Иймээс манай яамны мэргэжлийн шинжээчдийн нэг одоогоор Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд энэ асуудлаар голлон ажиллах санхүүгийн атташе буюу зөвлөхийн үүрэг гүйцэтгэхээр томилогдоод байна. ФАТФ болон Монгол Улсын Засгийн газар хооронд харилцан тохиролцсон үйл ажиллагааны төлөвлөгөөнд зөвлөмж өгч буй 40 асуудлаар маш тодорхой чиглэлийг заасан. Өмнө дурдсанчлан эдгээр асуудлын хүрээнд одоогоор маш сайн ахиц дэвшил гарч байгаа бөгөөд ирэх саруудад Монголын Засгийн газар боловсруулж баталсан хууль тогтоомж болон дүрэм журмын үр дүнтэй хэрэгжилтийг батлан харуулах нь чухал. Бид үл хөдлөх хөрөнгө, хилийн чанадаас орж ирж буй бэлэн мөнгөний урсгал, дээр дурдсан ял шийтгэл, мөрдөн байцаалт, хуулийн болон нягтлан бодох аж ахуйн нэгжүүдийн үр дүнтэй хяналт зэрэг олон чухал асуудлын хүрээнд хамтран ажиллах болно. Эдгээр нь ФАТФ-ын санал болгосон цаашдын хийх ажлын гол “сэдэв” юм.

-Монгол Улсыг “саарал жагсаалт”-д орох ёстой гэж үзсэн улс орнуудын нэг нь АНУ байсан гэж сонссон. Хэрэв энэ үнэн бол гол буруушаах шалтгаан нь юу байсан бэ?

-Энэ бол буруушаасан, эсвэл зэмлэсэн үйл явц биш учраас бид хэрэглэж буй үг хэллэгтээ маш болгоомжтой хандахыг хүсэж байна. Уг процессыг харилцан үнэлгээ хийх үйл явц гэдэг бөгөөд бүх улс орон үүнийг дагадаг. Энэ нь цэвэр хяналтын үйл явц бөгөөд стандартууд нь маш тодорхой байдаг учраас хүнд хэцүү үйл явц. Улс орон бүрийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн стандартын дагуу үнэлдэг. Улс орнууд ийм стандарт ашиглаж буйн учир нь дэлхийн санхүүгийн тогтолцоо бүгд хоорондоо харилцан хамааралтай. Жишээ нь, Монгол Улсын банк, санхүүгийн тогтолцоо нь Өмнөд Солонгосынхтой харилцан холбоотой. Нэг улс орны санхүүгийн зохицуулах тогтолцооны эрүүл, эсэх нь эцэс сүүлдээ дэлхийн санхүүгийн тогтолцооны эрүүл, эсэхэд нөлөөлөх жишээтэй. АНУ энэ хяналтын үйл явцад гар бие оролцсон. Үүнийг шударга бөгөөд үнэн зөв гэж бид үздэг. Журмын дагуу Монгол Улс “саарал жагсаалт”-д орох нь тодорхой байсан. Хэдий тийм ч Монголыг ардчилсан улсын хувьд ирээдүйд хүчтэй эдийг засагтай байгаасай гэсэн эрмэлзэл АНУ-д бий.

-Монголбанкны ерөнхийлөгч манай улс 2020 оны эцэс гэхэд “саарал жагсаалт”-аас гарна гэж мэдэгдсэн. Ийм боломж бий юү?

-Бүрэн бий. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас шалтгаална. Шинэ хууль тогтоомж болон зарим хуучин хуулийг хэр түргэн, үр дүнтэй хэрэгжүүлж, түүнийгээ батлан харуулж чадахаас хамаарна. Бид энд байх хугацаандаа хийж буй ажлуудын нэг нь харилцан мэдээлэл солилцсоноор Монгол Улсын Засгийн газарт ФАТФ-т үр дүнтэй хэрэгжилтийг батлан харуулах хууль сахиулах үйл ажиллагааны зарим арга замыг тодорхойлоход хувь нэмэр оруулах явдал. АНУ нь дээрх хяналтын үйл явцыг Итали улсын Засгийн газартай хамтран ахалдгийн хувьд бусад улс орны нэгэн адил Монголыг үнэнч шударгаар үнэлнэ гэдэгт итгэл төгс байдаг.

-Энэ жагсаалтад орсон нь ялангуяа бусад улс оронтой хамтарч ажилладаг бизнес болон хувь хүмүүст хэрхэн нөлөөлөх вэ?

-Дахин онцолж хэлэхэд Монголыг бусад улс оронтой хамтран ажиллахад нөлөөлж буй хүчин зүйл нь “саарал жагсаалт” биш. Энэ жагсаалт нь засаж залруулах ёстой сул талтай тодорхой асуудалд анхаарлаа хандуулж, сайжруулах үйл явц юм. Ташрамд дурдахад, улс орон бүр өөрийн гэсэн сул талтай, АНУ ч адил. Миний хийдэг ажлын нэг хэсэг нь санхүүгийн гэмт хэргийг хянаж, шалгах арга барилыг сайжруулахад дэмжлэг үзүүлдэг АНУ-ын санхүүгийн тогтолцоог хамгаалах байдаг. Тиймээс бид төгс гэж хэн ч хэлж чадахгүй. Манай хоёр улсын эдийн засгийн хэмжээнээс шалтгаалан тулгарч болох эрсдэлүүд нь өөр. Монгол Улсын ихэнх эрсдэлийн хувьд АНУ-ын туулаад өнгөрсөн нийтлэг эрсдэлүүд юм. Монгол дахь АНУ-ын ЭСЯ-нд ажиллуулахаар АНУ-ын Сангийн яамны шинжээчийг томилсон шалтгаан нь дээрх туршлагыг Монголд нэвтрүүлж, бидний хувьд тус дөхөмтэй байсан зүйлсийг Монголын хууль тогтоомж, журмыг сайжруулахад санал болгох явдал.

Нэг тод жишээ бол үл хөдлөх хөрөнгө юм. Энэ нь АНУ-д том асуудал бөгөөд үл хөдлөх хөрөнгийн арилжаагаар дамжуулан манай тогтолцоонд мөнгө угааж байдаг. Томоохон үл хөдлөх хөрөнгө барьсан ч тэнд хүн амьдрахгүй, тэгсэн атлаа үнэ нь тэнгэрт хадаж, энгийн иргэд тэр өндөр үнэтэй байрыг авч дийлдэггүй учраас энэ нь мөнгө угаах хамгийн хор хөнөөлтэй арга хэлбэр. Энэ чиглэлээр АНУ арвин туршлага хуримтлуулсан учраас хамтран ажиллаж хувь нэмэр оруулах боломжтой.

-Ирэх жил УИХ-ын сонгууль болно. Сонгуулийн өмнө Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулсан нь аливаа улс төрийн зорилготой байсан байх магадлал бий юү?

-ФАТФ-ын процесс нь санхүүгийн тогтолцоон дахь баримтад төвлөрсөн маш тодорхой, мэргэжлийн үйл явц юм. Энэ нь үр дүнд нөлөөлөх улс төрийн зорилгыг гүйцэлдүүлэх үйл явц биш. Улс орон бүр өөрийн гэсэн сонгуулийн үйл явцтай байдаг бөгөөд би ирэх УИХ-ын сонгуулийн талаар энд саналаа хэлмээргүй байна.

-Хилийн аюулгүй байдал нь мөнгө угаах гэмт хэргийг арилгахад манайд тулгамдаж буй гол асуудлын нэг. Энэ чиглэлээр бид АНУ-аас ямар тусламж дэмжлэг хүсэж болох вэ?

-Монгол Улс маш урт хилтэй бөгөөд хүмүүс хилээр их хэмжээний бэлэн мөнгө зөөхгүй байхыг бататгахын тулд гаалийн хяналт шалгалтыг дээшлүүлэх нь Засгийн газрын гол хүчин чармайлт болж байна. Ихэвчлэн бэлэн мөнгө нь ам.доллар байдаг учраас энэ нь бидэнд ч маш чухал асуудал юм. Бид ам.долларыг аливаа төрлийн хууль бус наймааны хэрэгсэл болгохыг хүсэхгүй байна. Энэ чиглэлээр бид мэдээлэл, санал бодлоо солилцсоор ирсэн. Монголын Засгийн газар энэ тал дээр шинэ технологи нэвтрүүлж эхэлсэн бөгөөд бид үүнийг дэмжин ажиллаж байна.

-Үйл ажиллагааны хэрэгжилтийг хангахын тулд та ямар зөвлөмж өгөх вэ?

-Энэ бүх үйл явцыг мөнгө угаах гэмт хэрэг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх ажил хэзээ ч дуусахгүй гэдэг байр сууринаас хандахыг зөвлөх байна. Монгол Улс “саарал жагсаалт”-аас гарсан ч энэхүү тэмцэл дуусахгүй. Уг үйл ажиллагааны төлөвлөгөөг ирээдүйд хэрэгтэй хөрөнгө оруулалтыг хийх замын зураглал гэж авч үзээсэй гэж зөвлөж байна. Ингэж авч үзэхийн гол учир нь “саарал жагсаалт”-д орно гэдэг нь хямрал биш бөгөөд харин үүнийг цаашид улс орны эдийн засгийг сахин хамгаалах Монгол Улс дахь ард иргэд болон шинжээч нарт хөрөнгө оруулах боломж гэж үзэх явдал юм.

Бэлтгэсэн: Б.Дөлгөөн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)