Марк Зүкербегийн хөрш “бясалгагч”

Нийтийн байранд Марк Зүкербергийн хөрш асан Дастин Московицыг “Фэйсбүүк” бараг 10 жилийн өмнө манай гаргийн хамгийн залуу, өөрийн хүчээр хөрөнгө босгосон тэрбумтан болгожээ. Тэр үед Дастины сонирхол эрс өөрчлөгдөж, “Фэйсбүүк”-ийг орхисон байв. Өдгөө тэрбээр биржид шинэ төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж буй. Тэр нь буддын шашин, бясалгал, цар тахлын ачаар хөгжин цэцэглэсэн “Asana” программ хангамж хөгжүүлэгч юм.

АНУ-ын Сан-Францискогийн Орчин үеийн урлагийн музейд цахилгаан хөгжим эгшиглэж, Дастин Московиц хүрэлцэн ирснийг илтгэнэ. Бараан саарал өнгийн цамц, жинсэн өмд, цагаан пүүз, тачир сахалтай тэрбээр тайзнаа гарч, хамтын ажиллагааны “Asana” аппликейшнийг ашигласан сэтгэгдлээ хуваалцав.

Хуанлийн долдугаар сарын 16-нд Дастин музейд байгаагүй. Калифорнид коронавирусийн цар тахлын ид үед тэрбээр хоосон өрөөнд таван минутын илтгэлээ бичиж, “You¬tube”-ээр дамжуулжээ. Гэхдээ энэ чухал биш, хүлээцтэй бөгөөд даруухан бизнесмэний хувьд “Asana”-гийн маягаар ажиллах талаар санаа бодлоо товчхон хуваалцахад үзэгч, сонсогчгүй нь харин ч таатай санагджээ.

36 настай Дастин Московиц 14.2 тэрбум долларын хөрөнгөтэй, Марк Зүкербергийн хамтран зүтгэгч, “Фэйсбүүк” компанийг үүсгэн байгуулагчдын нэг гэдгээрээ алдартай. 2011 онд тэрбээр манай гаргийн хамгийн залуу тэрбумтан болж, энэ “цолоо” хэдэн жил хадгалжээ. Тус компаниас гарснаас нь хойш сүүлийн 10 жилд түүний талаар мэдээлэл бараг гараагүй. “Asana”-г хамтран байгуулсан, 37 настай Жастин Розенстейний хамт тэрбээр хүмүүсийг ажил гүйцэтгэхийн тулд дэмий их хүчин чармайлт гаргахгүй байх талаар эртнээс бодож байсан асуудлаа шийдэх тухай чимээгүйхэн ажиллажээ. “Хамт олноороо харилцан ойлголцох хүртэл хэчнээн цаг зарцуулдгаа мэдээд бид мэл гайхлаа” гэж Дастин ярьсан аж.

Ажлын өдөртөө тавих хяналтаа сэргээхийн тулд “Asana” программыг 75 мянган компани болон байгууллага, тэдгээрийн дотор “AT&T”, “Гүүгл”, НАСА-гийн ажилтнууд ашиглаж байна. Тайлан бичихээс эхлээд арга хэмжээ төлөвлөх хүртэл бүх даалгаврыг эл программ удирддаг. Удахгүй хиймэл оюун ухаанд суурилсан аппликэйшн өдрийн хуваарь гарган, ажлын цагаа илүү үр өгөөжтэй төлөвлөх аргыг санал болгож эхэлнэ.

“Түргэн хөдөлж, саад бэршээлийг устга” уриатай “Фэйсбүүк”-ийн нэг эд, эс нь байсан Дастин Цахиурын хөндийнхний итгэл төгс байдлаас аажмаар татгалзжээ. Одоо тэрбээр “Asana”-г маш болгоомжтой байгуулж буй. Дахин алдахгүйн тулд урт хугацааны тогтвортой байдалд төвлөрч, ажилтнуудын тоо жилд хоёр дахинаас илүүгээр нэмэгдэх ёсгүй гэсэн хуучин дүрмээ баримталсаар байна. 2018 оны арваннэгдүгээр сард 1.5 тэрбум доллароор үнэлэгдсэн тус компани үйл хэргээ чимээгүйхэн үргэлжлүүлж, хөрөнгө оруулсаар байна. Үүгээр өрсөлдөгчдөөсөө эрс ялгарч буй. Өрсөлдөгч нь саяхан 2.7 тэрбум доллароор үнэлэгдсэн, баг удирдах асуудал хариуцсан “monday.com” компани, хоёр тэрбум долларын үнэлгээтэй тэмдэглэлийн “Notion” аппликейшн аж. Зарим талаар ийн ялгарч буй нь “Asana” интроверт ерөнхий захиралтайнх юм. Дастин “Форбес”-т том ярилцлага өгсөн нь оны эцэс хүртэл дахин ийм шаардлага гарахгүй хэмээн пи ар хэлтсийн удирдагчид нь амласантай холбоотой аж.

“Санаатайгаар бизнесээ удаан хөгжүүлж байгаа гэсэн таамгийг арилгахад цаг хугацаа хэрэгтэй. Ойрын ирээдүйд бус, урт хугацаанд хурдан ажиллахад зорилго оршино. Одоо бид юу тарьсан, түүнийгээ хураана” гэж Дастин Московиц ярьжээ.

“Asana” үнэхээр хурдаа авч буй. Энэ жил зарим талаар цар тахал, ажлын зохион байгуулалт өөрчлөгдсөний ачаар тус компани өндөр үзүүлэлтүүдээр оноо дуусгах нь. Санхүүгийн амжилтаа тайлбарлахаас тэд татгалзаж буй. Учир нь энэ намар IPO гаргаж магадгүй тул өмнө нь амьсгаа дарж байгаа аж. Өнгөрсөн сард “Asana” Үнэт цаас болон биржийн асуудал хариуцсан комисст бичиг баримтаа өгчээ. Үүнээс жилд 142.6 сая долларын орлого олох нь жилийн өмнөхөөс 86 хувиар илүү үзүүлэлт юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард дууссан улирлын орлого 47.7 сая доллар болсон нь нэг жилийн өмнөхөөс 70 хувиар илүү үзүүлэлт аж. Ингэснээр “Asana” үүлний технологийн салбар дахь дэлхийн хувийн томоохон 100 компанийг багтаасан “Форбес”-ийн жагсаалтын 17 дугаарт бичигджээ. Жилийн өмнө 41 дүгээрт жагссан байна.

Харвардын их сургуулийн дотуур байрны хөрш Марк Зүкербергт “Фэйсбүүк”-ийг байгуулахад тусалсан 2004 онд Дастин 19 настай байжээ. Хагас жилийн дараа тэрбээр Маркийн араас сургуулиа орхиод Цахиурын хөндий рүү шилжсэн гэнэ. 23 насандаа Дастин түүхэнд хамгийн түргэн хөгжсөн мэдээлэл технологийн компаниудын нэгд Программ хангамж хөгжүүлэх хэлтсийн ажилдаа дарагдсан дарга болсон байв. Өөрөөс нь нэг насаар ах, 2007 оны эхээр “Гүүгл”-ээс “Фэйсбүүк” уруу татсан Жастин Розенстейнтэй тэр үед танилцжээ. Сэтгэцийн эмч аав болон багшийн ээжийн хүү Дастин томоохон программчлалын уралдааны ачаар “Фэйсбүүк”-т алдаршсанаас бус, бусад үед хэнд ч анзаарагдахгүй байхыг илүүд үздэг. Сан-Франциско булангаас гаралтай, Стэнфордын их сургуулийг төгссөн, “Gmail”-ийн чатыг бүтээхэд оролцсон, нийтэч, чадварлаг илтгэгч, авьяаслаг Жастинтай Дастин нэгдэж, шилдэг баг болжээ.

Дастин “Фэйсбүүк”-ийн бүтээлч багт зориулан энгийн даалгаврыг өдөр, шөнөгүй бэлдэж, ингэснээр тэд төслүүддээ гарсан ахиц дэвшлийг анзаарч байв. “Гүүгл”-д дотоод үйл ажиллагааны мөн тийм үүрэг гүйцэтгэж байснаа Жастин түүнд ярьжээ. Тэд хүчээ нэгтгээд, дараагийн хэдэн сард “Tasks” хэсэг дээр ажиллахад бүх цагаа зориулсан аж. Үүнийг хуваарь гаргах, бүтээгдэхүүнүүдээ удирдах, цаашлаад оффисын төхөөрөмжүүдээ бүртгэхэд “Фэйсбүүк” даяар ашиглаж эхэлжээ. “Ирээдүйд бид бүтээхгүй байлаа ч “Asana” маягийн нэг зүйл бий болно гэдэгт итгэлтэй байсан” гэж Дастин Московиц ярьсан байна.

Энэ төсөл нийгмийн сүлжээ шиг моодонд ороогүй, эсвэл пуужин болон хиймэл оюун ухаан шиг далайцтай байгаагүй. Гэхдээ сансар судлалын салбарт амжилттай ажиллаж буй компаниуд болон янз бүрийн өвчинтэй тэмцдэг, арилжааны бус байгуулагууд ч ажилтнуудынхаа ажлыг зохицуулах хэрэгтэй болдог. Иог сонирхогчид учраас үүсгэн байгуулагчид нь “цэгцлэх” гэсэн санскрит утгатай үгээр нэрлэсэн “Asana” тэр болгонд тусалж чадах юм. “Бид тийм боломжоос татгалзаж болохгүй санагдсан” гэж Жастин ярьжээ.

Сан-Францискогийн Мишн дүүргийн зүүн хэсэгт ажлын давчуу байртай Дастин, Жастин нар булангийнхаа мэдээлэл технологийн салбарын гол элитүүдээс, тэдний дотор “Фэйсбүүк”-ийн ахмад Марк Зүкерберг, Шон Паркер, Питер Тиль нараас гарааны санхүүжилт авсан аж. Гэхдээ тэдний олонх нь үнэндээ эргэлзэж байсан гэж Дастины найз, “Тэгээс эхэлсэн бизнес. Бизнес загварын сонголт ба санааг түргэн шалгах “Lean startup” тестийн арга” номын зохиогч Эрик Риз өгүүлжээ.

Стартапын хөрөнгө татах жирийн хэрэгцээнээс чөлөөлөгдсөн Дастин, Жастин нар хэдэн сараар код бичиж, боломжийн үйлчлүүлэгчидтэй ярилцсаар 2011 оны арваннэгдүгээр сард бүтээгдэхүүнийхээ эхний хувилбарыг танилцуулав. Эхний хагас жилд бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүн үнэ төлбөргүй нийлүүлжээ. Хэрэглэгчдэдээ дадал суулгасны дараа дээд зэрэглэлийн хувилбараа үнэтэй худалдах зорилго тэд тавьсан аж. Чухам тэр хувилбарыг “Drop¬box”, “Zoom” их амжилттай ашигласан байна.

“Asana” бүтээгдэхүүнийхээ төлбөртэй хувилбарыг 2012 онд танилцуулсан (одоо сарын гэрээ нэг хүний 10.99 долларын үнэтэй). Гэхдээ борлуулалтын менежерүүдийн олон баг хөлслөхөөс татгалзаж, сэтгэл ханамжтай үйлчлүүлэгчид бусдад ярьж, санал болгох зэрэг хямд аргаар голдуу үйлчлүүлэгчээ хайхаар шийджээ. Чикагогийн цахим зах зээлийн программ хангамж хөгжүүлэгч “G2”-ынхонтой холбоо тогтоосноор тус компанийн дэлхий даяарх 250, Германы хийн тогоо үйлдвэрлэдэг “Viess¬mann”-ы 2500 гаруй ажилтан “Asana”-гийнхны үйлчилгээг “Гүүгл”-ийн бүтээгдэхүүнтэй хавсран хэрэглэж буй. Ийн уян хатан байх нь “Asana”-гийн амжилтын түлхүүр болжээ.

Үүний сацуу Дастин болон Жастин үйл ажиллагаагаа бүгдийг нь зөв хийхийн тулд өнгөрсөн жилүүдэд шинжээчидтэй ярилцаж, дасгалжуулагч, менежерүүдийг урьж, бас хөлсөлсөн байна. Буддын сургаал, манлайллын стратегийг олон жил судалсан Жастин компанийнхаа бүтцийг мод хэлбэрээр дүрсэлж, өөрийгөө доогуур тавьсаар ирсэн. “Asana” удирдах албан тушаалтнуудын уламжлалт нэрээс зайлсхийж, үүний оронд ажилтнуудаа тодорхой сэдэв, эсвэл бизнесийн чиглэлээр удирдагч болгодог. Багаар ажиллах чанарыг дээшлүүлэх чиглэлд санаа тавьж буй компани “Бид сурталчилж байгаа зүйлээ амьдралд хэрэгжүүлж, шилдэг туршлагыг олж, уламжлуулахыг хүсэж байна” гэсэн зорилт тавибал зөв хэмээн Дастин үздэг.

Тэрбээр удирдагчийн хувиар бас өссөн. “Фэйсбүүк”-т 20 настайдаа ажиллаж байхдаа тэвчээргүйгээрээ алдартай байсан Дастин азгүйтлийг хүчтэй тусгаж авахгүй байж сурчээ. “Та давалгааг зогсоож чадахгүй, гэхдээ та түүнийг даван туулж чадна” хэмээн одоо цагаараа байх асуудал хариуцсан шинжээч Жон Кабат-Цинний хэлсэн үгийг тэрбээр эш татдаг байна. “Хүн бүрт бүх амьдралдаа тэр чигээрээ байдаг дотоод нас гэж бий талаар бид таван жилийн өмнө ярилцаж байсан. Дастинаас дотоодын насыг нь асуухад, 112 хавьцаа болов уу гэж билээ” хэмээн хиймэл оюун ухаанаар дагнасан “Vicarious” стартапыг үүсгэн байгуулагч Скотт Финикс ярьсан юм. Эл стартапт л Дастин хөрөнгө оруулдаг.

Захирлуудын зөвлөлд гүйцэтгэдэг үүргийнхээ төлөө Жастин компанийнхаа өдөр тутмын ажлыг удирдах үүргээс хөндийрсөн 2019 онд Дастин бас нэг сорилтыг даван туулжээ. Суларсан байрыг эзлэхдээ Дастин “Asana”-гийн зүгээр ч нэг ерөнхий захирал биш, цор ганц нүүр царай нь болсон аж. Түүний хийх дараагийн том алхам нь компаниа биржид гаргах юм. Өнгөрсөн сарын 24-нд “Asana” зохих хүсэлтээ гаргаж, есдүгээр сарын эхний долоо хоногт хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийв. Компаниа биржид гаргах гэсэн нь ажилтнууддаа тусалж, багаар ажиллах загвараа амжилтад хүргэх хүсэлтэй нь холбоотой гэж тэрбумтанд ойр эх сурвалжууд мэдээлж байна.

Дастин Московицод зөвхөн мөнгө хэрэг болоогүй. “Түүнийг ашиг, орлого ярьж байхыг ганц ч удаа сонсоогүй” гэж манлайлах туршлагын дасгалжуулагч, Дастин, түүний багийн удирдагчид төдийгүй ээж, эхнэр Кэри Тьюна нь зөвлөгөө авдаг Диана Чепман өгүүлжээ. “Wall street journal” сонины сэтгүүлч асан Кэри одоо гэр бүлийн буяны үйл ажиллагааг удирдаж байна. “Дастин орлого олохын сацуу хүмүүст туслахыг үүргээ гэж үздэг” гэж тэрбээр ярилаа.

Дэмжлэг авахаар олон үйлчлүүлэгч нь “Асана”-д ханддаг нь 10 жилийн өмнө бизнес нь өчүүхэн стартап байсан үеийнхээс илүү ажилдаа явах түлхэц болдог гэж Дастин Московиц тэмдэглэжээ. “Энэ асуудлыг шийдэх шаардлага, эсвэл ашигтай бизнес байгаагүй бол би зүгээр л орхих байсан. Одоо бидний гүйцэтгэж буй үүргийн хувьд маш азтай мөч тохиож байгаа бөгөөд эл боломж эрч хүч өгч байна” гэж тэрбээр ярьсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)