Маргаашнаас нийлэг, хальсан уутыг хориглох тухай ЗГ-ын тогтоол хэрэгжиж эхэлнэ

Гуравдугаар сарын 1-нээс буюу маргаашнаас 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээний сав баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон тогтоол хэрэгжиж эхэлнэ.

Монгол Улсын хэмжээнд жилд хоёр сая тонн хог хаягдал гардгийн 1.4 сая тонн нь нийслэлчүүдийнх, нарийвчилбал үүнийх нь 500 тонн нь гялгар уут байдаг аж. Тиймээс байгаль орчин төдийгүй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэх нийлэг хальсан уутыг дэлхийн 60 гаруй улсад хязгаарлаад байна.

“Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” тогтоолыг дагаж мөрдөөгүй, зөрчсөн нөхцөлд Зөрчлийн тухай хуулийн 6.1-д заасны дагуу хувь хүнийг 300.000 төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван сая төгрөгөөр торгохоор заажээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, худалдаа, үйлчилгээнд ашиглагдаж буй 300 гаруй төрлийн нийлэг уутанд хэмжилт хийсэн. Зориулалтын багажаар хийсэн хэмжилтээр 64,5 хувь нь шаардлага хангаж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)