Маргаан дагуулсан “тагнуулч”

АНУ-ын Конгресст Техас муж улсынхаа сонгуулийн нэг тойргийг төлөөлж, Бүгд найрамдах нам, улс төрийн эл хүчний удирдагч бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трампын чиг шугамыг тууштай хамгаалж байсан 54 настай Жон Рэтклифф Үндэсний тагнуулын газрын захирал болжээ. Энэ оны тавдугаар сараас тус газрын захирлын үүргийг ХБНГУ дахь АНУ-ын Элчин сайдын албан тушаалтай хавсран гүйцэтгэж байсан Ричард Гренеллийн халааг тэрбээр авсан юм.

Жон Рэтклифф 1965 оны аравдугаар сарын 20-нд АНУ-ын Иллинойс муж улсын Чикаго хотод дунд сургуулийн багшийн гэр бүлд мэндэлжээ. Айлын зургаан хүүхдийн отгон нь. Тэрбээр эхнэр, хоёр охинтой.

Индиана муж улсын Нотр-Дамын их сургуулийг 1987 онд төрийн удирдлагын бакалавр зэрэгтэй, Техас муж улсын Даллас хотын их сургуулийг Хуулийн сургуулийг 1989 онд иргэний эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн байна. Ажлын гараагаа өмгөөлөгчөөр эхэлжээ. 2000 онд хуулийн “Tucker & ratcliffe LLP” компанийн түнш болсны сацуу Техас муж улсын Уэслианы зэрэг янз бүрийн их сургуульд багшаар ажилласан. 2004 онд тус муж улсын Хит хотын даргаар сонгогдож, 2012 он хүртэл улиран эл албан тушаалыг хашсан байна. Үүний сацуу 2004-2007 онд Техасын Зүүн тойргийн Терроризмтой тэмцэх газрыг удирдаж, 2007-2008 онд тус тойргийн прокурорын үүрэг гүйцэтгэжээ.

2008 онд хуулийн “Ashcroft, sutton, ratcliffe” компанийн түнш болсон тэрбээр 2012 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдсөн Митт Ромнигийн штабын гишүүн байв.

Жон Рэтклифф 2014 онд Бүгд найрамдах намаас Төлөөлөгчдийн танхимд сонгогдон, Техас муж улсаа (2016, 2018 онд улиран сонгогдсон) төлөөлжээ. 2015 оны нэгдүгээр сараас тус танхимын Хууль зүй, Тагнуул, Дотоодын аюулгүй байдал, Ёс зүйн хорооны гишүүнээр ажилласан байна. 2016-2016 онд Дотоодын аюулгүй байдлын хорооны дэргэдэх Кибер аюулгүй байдал, дэд бүтцийг хамгаалах дэд хороог удирдан гэнэ. Холбооны улсын агентлагууд дахь луйвар, албан тушаалаа урвуулан ашигласан, кибер аюулгүй байдал, Израилтай түншлэх тухай зэрэг хуулийн хэдэн арван төсөл боловсруулахад оролцжээ. Барак Обамагийн засаг захиргааны үед баталсан, хууль сахиулах байгууллагуудад БХЯ-наас цэргийн техник шилжүүлэн өгөхөд хязгаар тавьсныг цуцлахын төлөө тэмцэж байсан. Үүнийг 2017 онд Д.Трампын зарлигаар цуцалсан. Д.Трампын сонгуулийн штабын гишүүд, тойрон хүрээлэгчдийг мөрдөн шалгах ажлыг тэргүүлж байсан тусгай прокурор Роберт Мюллерийн үйл ажиллагааг Жон Рэтклифф шүүмжлэн, бүрэн эрхээ хэтрүүлсэн, улс төрийн нөлөө оруулсанд буруушаажээ.

  АРДЧИЛСАН НАМЫНХАН ДЭМЖЭЭГҮЙ

АНУ-ын Сенат өнгөрөгч сарын 21-нд 49:41 саналаар Жон Рэтклиффийг уг албан тушаалд баталсан юм. Санал намын харьяаллаар хуваагдаж, дээд танхим дахь Ардчилсан намынхан түүнийг дэмжээгүй. Урьд нь Үндэсний тагнуулын газрын захирлыг хоёр намынхан дэмжихгүй байсан удаагүй аж. Мөн түүнийг хоёр дахь удаагийн оролдлогоор уг албан тушаалд баталсныг тэмдэглүүштэй. Д.Трамп түүнийг өнгөрсөн оны зун санал болгосон боловч холбооны улсын прокурор байхдаа терроризм, хууль бус цагаачлалтай тэмцэх талаар байгуулсан гавьяагаа хэт үнэлсэн буруутайн улмаас нэрээ татахад хүрчээ.

Нөгөөтээгүүр, сая ч Сенатын сөрөг хүчин хүсвэл түүнийг уг албан тушаалд батлах үйл явцад саад хийх олон асуудал хөндөж болох байсан гэнэ. Ардчилсан намынхны хувьд Р.Гренеллийг бодвол Ж.Рэтклифф нь хүлээн зөвшөөрч болохуйц учир түүнд саад болоогүй гэж ажиглагчид үзжээ. Хавсран гүйцэтгэсэн албан тушаалууд нь ер бусынаас гадна Р.Гренелл АНУ-д өндөр албан тушаал хашдаг хэрнээ ижил хүйстэн гэдгээ ил тод зарласан анхны хүн. Ташрамд дурдахад, хэвлэлд мэдээлснээс үзвэл тэрбээр тагнуулын ажлаасаа татгалзах төдийгүй Элчин сайдын үүрэг гүйцэтгэхгүй гэдгээ Цагаан ордонд хэдийн мэдэгдсэн байжээ.

Эл хоёр улстөрчид сөрөг хүчнийхэн мэргэжлийн ур чадварын хувьд эргэлзэж буйгаа албан ёсоор тайлбарласан аж. Тэд урьд нь тагнуулын байгууллагад ажиллаж байгаагүй. Үндэсний тагнуулын газрыг 2001 оны есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа АНУ-ын тагнуулын 16 байгууллагын ажлыг зохицуулах, Цагаан ордонд тэдгээрийг төлөөлөх учиртай засаг захиргааны нэгжийн хувиар анх байгуулсан юм. Тухайлбал, тус албаны захирал улсынхаа Ерөнхийлөгчид тагнуулын мэдээлэл өдөр тутам өгөх үүрэгтэй аж.

“Д.ТРАМПТ ХЭТ ҮНЭНЧ”

Үнэн хэрэгтээ Ж.Рэтклиффийг ч, Р.Гренеллийг ч Ерөнхийлөгчид хэт үнэнч хэмээн сэжиглэдэг. Гэвч эрх баригч нам үүнийг няцаажээ. “Их гүрнүүд, муу муухайгийн үүр уурхай болсон орнууд болон террористуудын сүрдүүлгийн үед тагнуулын байгууллагуудыг Жон Рэтклифф удирдаж, энэ ажилд улс төрийн нөлөө оруулахгүй байх талаар санаа тавина” гэж Сенат дахь Бүгд найрамдах намын олонхын удирдагч Митч Макконнелл Үндэсний тагнуулын газрын шинэ захиралд нэр дэвшигчийн талаарх сонсголын үеэр мэдэгдсэн байна. Гэсэн ч энэ нь сөрөг хүчнийхэнд итгэл, үнэмшил төрүүлээгүй аж. Ж.Рэтклифф мэргэжлийн ур чадвар, ажилдаа санаа тавих байдал, улс төрийн дарамт шахалтыг сөрөх чадавхын талаарх эргэлзээг арилгаж чадсангүй гэж Сенатын танхимын Ардчилсан намын цөөнхийн удирдагч Чак Шумер мэдэгджээ. “Үндэсний тагнуулын газрын захирлын албан тушаал маш үнэнч, туршлагатай, хараат бус, тууштай, эрх баригчдад үнэнийг хэлэх боломж олгодог байхыг шаарддаг. Харамсалтай нь, Жон Рэтклифф ийм өндөр шаардлагад нийцэхгүй” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

ОХУ-ЫН ТАЛААРХ БАЙР СУУРИАСАА УХАРЧЭЭ

Дональд Трампыг ялахад туслахын тулд 2016 оны сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэдэг итгэл үнэмшлээсээ нэр дэвшигч татгалзсан нь Ардчилсан намынханд онцгой түгшүүр төрүүлж буйг Техас муж улсын “Dallas morning news” сонин нотолжээ. “Энэ нь Ж. Рэтклиффийн тэргүүлэх болсон тагнуулын байгууллагынхан нийтээрээ хэлэлцэн ярьж буй сэдэв бол улсын Ерөнхийлөгчийн хувьд онцгой анхаарах сэдэв юм” гэж эл сонинд бичжээ.

Үүнийг шинжээчдийн тайлбарласнаар юуны түрүүнд, Оросыг буруутгасан илтгэлийг АНУ-ын тагнуулын байгууллагууд нийлж бус, зөвхөн удирдлагууд нь бэлтгэсэн учир дүгнэлт нь нэгдсэн санал байгаагүй аж. Хоёрдугаарт, 2016 оны сонгуулийн дүнг тэглэхийн тулд Оростой хуйвалдсан гэдгээр шалтагласан хэмээх АНУ-ын Ерөнхийлөгчийн нотолгоог Ж.Рэтклифф үргэлж дэмждэг. Гэтэл тэрбээр өөрийг нь шинэ албан тушаалд нэр дэвшүүлэх тухай сонсголын үеэр энэ талаар болгоомжтой хандаж байжээ. Тухайлбал, ОХУ хөндлөнгөөс оролцсон гэдгийг нотлохыг нөлөө бүхий сенатч, Ардчилсан намын гишүүн Марк Уорнер шаардсаны хариуд Ж.Рэтклифф хамтран зүтгэгч хууль тогтоогчдын дүгнэлттэй маргахгүй гэж хэлсэн аж. Эдгээрээс ОХУ хэдийгээр үл ойлголцол төрүүлж байгаа ч сонгуулийн явц болон дүнд нөлөөлж чадаагүй гэсэн дүгнэлт хийж буй. Дахин тийм явдал гаргуулахгүй байх талаар санаа тавихаа тэрбээр нотолсон байна.

Үнэн хэрэгтээ гурван сарын өмнө Бүгд найрамдах намын гишүүн Ж.Рэтклифф “АНУ-д Оросын суртал ухуулгыг хэн нэгэн түгээсэн бол сөрөг хүчнийхэн санаатай, албаны мэдээлэл тараах замаар хийсэн хэрэг” гэж олны өмнө мэдэгджээ. Гэсэн ч тэрбээр сонсголын үеэр өөртөө хир халдаагаагүй гэнэ. Сунжирсан үг хэлэхдээ түүнийг Төрийн тэргүүн Д.Трампыг шууд өмгөөлөөгүй, ихэвчлэн зөв зүйл ярьсныг Ардчилсан намынхны дунд алдартай, нөлөө бүхий хүн, Конгрессын гишүүн асан, өдгөө Вашингтон дахь Вильсоны төвийн ерөнхийлөгч Жейн Харман олны өмнө мэдэгджээ.

ЦАГААН ОРДНЫ ОРОЛЦООГҮЙ БАЙХ БОЛОМЖГҮЙ

Гэсэн ч Жон Рэтклифф тэргүүтэй АНУ-ын тагнуулынхан асуудал шийдэхдээ Цагаан ордон руу харахгүй байх боломжгүй. Харин Цагаан ордон өөрөө одоо арваннэгдүгээр сарын бүх нийтийн сонгуулиар одоогийн Ерөнхийлөгчийг улираах боломжийг өсгөх талаар хамгийн их санаа тавьж байгаа. Америкийн сонгогчдын байр суурь юуны түрүүнд АНУ “Ковид-19” цар тахлыг хэр амжилттай давах, үүнээс үүдсэн эдийн засгийн хямралыг хэрхэн давахаас шалтгаалахыг хэнбугай ч ойлгож буй. Гэвч сонгуулийн өмнө өөр хөзрүүд ч гарах нь. Д.Трампын хувьд тийм нэг хөзрийг “Обамагейт” гэнэ. Өөрөөр хэлбэл, өмнөх, Ардчилсан намын гишүүн, Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны удирдлага Бүгд найрамдах намын гишүүн Төрийн тэргүүний эсрэг санаатай, хууль бус үйлдэл хийж байсныг нотлох оролдлого хийнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөр байгаа Жозеф Байдены эсрэг “шулмын ан” хийж, тухайлбал, Украины авлигын хэрэгт түүнийг холбоотой хэмээн нотолж буйд Ардчилсан намынхан мөн дургүйцэж байна. Энэ бүхэн арваннэгдүгээр сард юу болохыг таах оролдлогыг хэн ч одоогоор хийгээгүй. Үүнд хүчний байгууллагууд, тэр дундаа тагнуулынхны байр суурь чухал. Гэвч тус улсын Ерөнхийлөгч эдгээр байгууллагын боловсон хүчний бодлогыг өөрийн үзэмжээр явуулах бүрэн эрхтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)