МАН-ын ээлжит сорилт

Засгийн газар өнгөрөгч хуралдаанаараа 13 дэд сайдын гурваас бусдыг нь томилов. МАН-ын Удирдах зөвлөлөөс тодруулсан нэр дэвшигчдээс Гадаад харилцааны дэд сайдаар Г.Тэнгэр, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар М.Батбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Т.Аубакир нарыг томилсонгүй.

Нэр дэвшигчдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан АТГ Засгийн газрын хуралдаанд нэр бүхий арван хүний материалыг ирүүлсэн тул дээрх гурвыг томилоогүй аж. АТГ зарим нэр дэвшигчийн мэдүүлгийг ажлын цаг дуусахаас өмнө хянаж амжсангүй юу, эсвэл тэд тус албан тушаалыг хашихад ашиг, сонирхлын зөрчилтэй байв уу гэдэг нь тодорхойгүй байгаа ч Г.Тэнгэр тэргүүтэй нэр дэвшигчид өчигдөр Төрийн ордонд бараг өнжинө лээ.

Мөн тус хуралдаанаас зарим яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь зарим хүнийг томилоод байна.

Тодруулбал, зарим яамыг өөрчлөн байгуулсантай холбогдуулан Ж.Баярцэцэг, Д.Нямхүү, Ш.Булга-Эрдэнэ, Ю.Идэрцогт, Г.Нарангэрэл, Н.Ариунболд, А.Эрдэнэтуяа, Д.Ганхуяг зэрэг есөн Төрийн нарийн бичгийн даргыг ажлаас чөлөөлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэл, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Ганхуягийг буцаан томилсон.

Мөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталсантай холбогдуулан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа, Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа, Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болд, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга С.Мэндсайхан, Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаяр, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга Э.Одбаяр нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Мөн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, дүүргийн Тамгын газруудын орон тооны хязгаарыг батлаад буй. Нийслэлийн Засаг дарга дөрвөн орлогчтой байх бол орон нутгийн онцлог, хүн амын тооноос хамааран аймгуудын Засаг даргын Тамгын газар 29- 41 хүртэл орон тоотой ажиллах нь.

Юутай ч дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга гээд удирдах албан тушаалтнуудын томилгоо энэ өдрүүдэд тасрахгүй биз. Энэ сарын 20 гэхэд зарлахаар төлөвлөж буй ээлжит бус чуулган хүртэл Засгийн газарт цэгцэрч, төвхнөх боломж олгохоор МАН-ынхан ярилцсан юм билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ч бүх шатны томилгоог аль болох богино хугацаанд хийж, ажлын цалгардлыг арилгах чиглэл барьж байгаа гэсэн.

Энэ тухайд Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга Г.Отгонбаяр “Үлдсэн Төрийн нарийн бичгийн дарга болон агентлагийн дарга нарыг Төрийн албаны зөвлөлөөр дамжуулан, Төрийн албаны тухай хуулийг баримтлан томилно. Одоогоор төдийд, өдийд томилно гэсэн шийдвэр гараагүй ч ирэх долоо хоногт болох ээлжит хуралдаан, шаардлагатай бол наана нь ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхийг үгүйсгэхгүй” гэсэн юм.

Засаг, төр өөрчлөгдөхөд заавал хөдөлдөг тоотой хэдэн албан тушаалтныг цаг алдалгүй томилох нь яах аргагүй чухал. Гэвч Ерөнхий сайдыг яарахын хэрээр зүрх нь дэнсэлж, хэзээ халагдах бол гэж бүтэн нойртой хонохгүй байгаа олон төрийн албан хаагч бий гэдэгт итгэлтэй байна. АН-ынхны хардаж байгаачлан МАН-ынхан яам, агентлагийн нэрийг өөрчлөх замаар төрийн албанд ихээхэн халаа, сэлгээ хийх нь гэсэн айдас, хүлээлт байгаа нь үнэн.

Ерөнхий сайд, сайд, агентлагийн дарга, бүр сумын сургуулийн захирал өөрчлөгдөхөд доодох хүмүүс нь бужигнадаг үзэгдэл манайд бүр хэвшчихсэн гэхэд болно. Гадаад дахь дипломат төлөөлөгчийн газруудад нь хүртэл хөл, толгойгоо алдсан мэт бужигнадаг гэж байгаа юм. Энэ удаа сонгуулийн дараа эрх баригч, цөөнхийн байр суурь орвонгоороо өөрчлөгдөж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн тэр чигээрээ зүсээ хувиргаж буй болоод ч тэр үү бүх л яам, Тамгын газар, төрийн байгууллагад ажил ахихгүй, хүлээлтийн байдалд ороод байна.

Эрх баригчид төрийн албан хаагчдыг хоморголон халж байна гэх шүүмжлэлийг өнгөрсөн дөрвөн жилийн турш улиг болтол давтсан эрх баригчид одоо ажиллаж буй хүмүүст өшөө авах байдлаар хандах, эсэхийг ард түмэн, АН-ынхан анхааралтай ажиглаж байна. Үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхны хувьд мэргэжлийн Засгийн газар байгуулах нь эхний сорилт байсан. Иргэд, олон нийт, сөрөг хүчнийхний байр суурь, шүүмжлэлийг сонсож, тусган, мэргэжлийн Засгийн газар байгуулахаар ажиллаж буй эрх баригчдын дараагийн сорилт төрийн албаны тогтвортой байдлыг хангах явдал байх нь зайлшгүй. Энэ бол үнэндээ МАН-ын бус, Монголын сорилт юм.

АН-ынхныг царайчлахгүй, дангаараа ч Үндсэн хуулийг өөрчлөх хэмжээний эрх мэдэлтэй болсон МАН-ынхан төрийн албыг тогтвортой байлгах чиглэлд зарчмын шийдэл гаргах учиртай. Одоо үйлчилж буй Төрийн албаны тухай хуулийг өмөөрдөг хүмүүс бий. Биелүүлэхгүй л байгаа болохоос сайн хууль гэж магтах нь энүүхэнд. Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга ч УИХ-д хэдийнэ ирээд буй.

Өөрөөр хэлбэл, одоо үйлчилж буй хуулиа тордох, Ерөнхийлөгчийн боловсруулчихсан төслийг хууль болгох, эсвэл шинэ парламентын шинэ гишүүд шинээр төсөл боловсруулахын аль байлаа ч томилогдсон болгон нь төрийн албыг бужигнуулдаггүй байх тогтолцоог түмэн олон хүлээж байна, эрх баригчид аа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)