МАН-ын Удирдах зөвлөл Ерөнхий сайдыг шүүнэ

МАН-ын бүлгийн ээлжит хуралдааны талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийв. Энэ долоо хоногт Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх Төрийн шагналын тухай хуулийн төслийг тус бүлэг дэмжихгүй, одоогийн тогтолцоог хэвээр хадгалах ёстой гэв. Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн шагналын тухай хуулийн төсөлд Хөдөлмөрийн баатар цолгүй болгох, “Ардын” тодотголтой цолны оронд “Улсын эрдэнэ” гэх цол бий болгохоор тусгасан байна. Мөн “Гавьяат” тодотголтой шагналыг ерөнхийд нь “Гавьяат зүтгэлтэн” гэхээр тусгаж, Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн оронд “Эрдэнийн очир” гэх одон бий болгохоор тусгасан юм.

Мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийг бүлэг нь дэмжихгүй гэдгийг гишүүн Д.Лүндээжанцан илэрхийлсэн. Тус төслийг Ш.Түвдэндорж гишүүн санаачилжээ. Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас хүчингүй болгож, нэгэнт гаргасан шийдвэрийг хууль батлах замаар сэргээчихвэл Цэц дахин авч үзэх шаардлагагүй болох нь. Тэгвэл Цэц гэж байхын хэрэг юу байна вэ. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьдаг байгууллага нь Цэц. Шүүхгүй Үндсэн хууль бол шүдгүй арслантай адил гэдэг. Ер нь хэдхэн гишүүн хууль санаачлах замаар Үндсэн хуульд халддаг явдал энэ парламентын үед даамжирсан” гээд Үндсэн хууль руу халдсан уг алхмаа зогсоохыг шаардлаа.

Мэдээллийн төгсгөлд бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонконгод форумд оролцох үеэрээ хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэв. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын тэргүүн нь “ардчилсан мал” гэсэн зохисгүй үг хэлсэн” гээд улс орноо гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг ажилладаг гэсэн мэдээлэл тараасан хэмээн шүүмжлэв. Өмнө нь Монголын эдийн засгийн форумын үеэр аж ахуйн нэгжүүд рүү дайрсан мэдэгдлийнх нь төлөө уучлалт гуйхыг МАН-ынхан шаардаад буй. Тиймээс Засгийн газрын тэргүүн гадаадад улстөржсөнийг нь Удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцэх гэнэ.

Б.УРАН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)