МАН-ын “Багаар нь сонгуулах” тактикт барьц бүү алдаарай

  Ардын намын “ачаа” одоо хангалттай. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д хоёр сонгууль дараалан үнэмлэхүй олонхоороо “улирч”, Засгийн газрыг дангаараа байгуулсан МАН-ынхан “нуруун” дээрх ачаагаа үүрсэн шиг үүр, илүү шунах хэрэггүй. УИХ-ын сонгуулиар “Биднийг багаар нь сонгочих. Эхлүүлсэн ажлаа дуусгая” гэсээр үнэмлэхүй ялалт байгуулсан Ардын намынхан нийслэл, аймаг, дүүрэг, сумын түвшинд ч “Хамтад нь сонгоорой. Багаар нь дэмжээрэй. Дээр, дооргүй нэг намын хүмүүс ажиллавал ёстой санаа амар, сайтар зүтгэнэ” гэх маягийн мессеж шидээд эхэлсэн тул ийн хэлэхэд хүрэв. Хэрэв эрх баригчид орон нутгийн сонгуульд ялбал нэг намын “ноёрхол” ардчилсан Монгол Улсад жинхэнэ утгаараа тогтож мэдэх нь.

...Өдгөө эрх баригчдын ухуулаад байгаа шиг орон нутгийн сонгуульд МАН-аас бусад нам илүүрхлээ гээд төрийн ажил, У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагаа гацах нь юу л бол. Засаг даргыг дэргэдээс нь ИТХ, одоо бидний сонгох гээд байгаа хүмүүс (төлөөлөгч) хянана. Зөвийг нь дэмжиж, бурууг нь шүүмжилж, хазаарлах үүрэгтэй. Засаг даргын ажлыг дүгнэж, шаардлагатай бол огцруулах хүртэл санал гаргаж, дээд шатанд нь уламжлах эрхтэй...

Үндсэн хуульд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, нийслэл, аймаг, дүүрэг, сумын удирдлага гэдэг нь ирэх сарын 15-нд болох сонгуулиар бүрдэх ИТХ, түүнээс нэр дэвшүүлэн томилогддог Засаг дарга. ИТХ нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг, Засаг дарга нь төрийн удирдлага, тэр дундаа гүйцэтгэх засаглалыг төлөөлдөг гэсэн үг. Энгийнээр хэлбэл, ИТХ, Засаг дарга хамтран, гэхдээ харилцан хяналттайгаар нутгийн удирдлагыг хэрэгжүүлэх ёстой. Жишээ нь, ирэх дөрвөн жилийн хугацаанд нийслэл, 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумын Засаг дарга Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үгнээс гарах ёсгүй. Ингэхдээ тэд Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн бодлого, шийдвэрт захирагдахаас бус, Ардын намын даргынх нь хувиар аялдан дагалдана гэсэн үг биш болохыг энд тодотгох нь илүүц байж ч мэднэ. АН, ер нь МАН-аас бусад намын гишүүн Засаг дарга боллоо гээд У.Хүрэлсүхийн үгнээс зөрж, “давхина” гэсэн үг бас биш. Өдгөө эрх баригчдын ухуулаад байгаа шиг орон нутгийн сонгуульд МАН-аас бусад нам илүүрхлээ гээд төрийн ажил, У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагаа гацах нь юу л бол. Засаг даргыг дэргэдээс нь ИТХ, одоо бидний сонгох гээд байгаа хүмүүс (төлөөлөгч) хянана. Зөвийг нь дэмжиж, бурууг нь шүүмжилж, хазаарлах үүрэгтэй. Засаг даргын ажлыг дүгнэж, шаардлагатай бол огцруулах хүртэл санал гаргаж, дээд шатанд нь уламжлах эрхтэй. Аль нэг аймаг, сум, дүүргийн Засаг дарга гэгдэх ганц хүнд бус, гүйцэтгэх засаглал, орон нутаг дахь удирдлагад тэр чигээр нь хяналт тавьж байгаа хэрэг. ИТХ нь зөвхөн нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэд, оршин суугчдын эрх ашигтай холбоотой асуудлаар хуралдаж, шийдвэр гаргадаг төдий байгууллага биш. Уг зарчим нь ердөө л энэ, их энгийн.

Тэгвэл энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардын намынхан илүүрхлээ гэж бодъё. Засаг дарга нь ч энэ намаас л томилогдоно гэсэн үг. Энэ тохиолдолд Засаг даргыг ИТХ хянана гэдэг нь үлгэр болох биз. Хэлж, шүүмжилмээр байвч хэлээ хазаад өнгөрөх биз. Эрх баригч намынхны өнгөрсөн 100 жилийн түүхэндээ бий болгосон “имиж” ерөнхийдөө ийм. Хэлснийг нь хэлмэгдүүлж, шийтгэж, хяхан хавчиж, илүү “үглэхийг” нь хориглодог. Яаж ийж байгаад хэлж, шүүмжиллээ ч гадагш гаргана гэж бараг үгүй, зангидсан гар мэт эв найртай харагдаж чаддаг. Ийм “хүмүүжилтэй” намынхан нэгнийгээ Засаг дарга болгочихоод, нөгөө хэд нь ИТХ-ыг бүрдүүлээд суувал бүр “вакумжина”. Тэр тусмаа харах нь ширүүн, хэлэх нь хатуу, хурандаа цолтон энэ намынхныг “командалж” байгаа өнөө цагт өөрсдийгөө өөнтөглөх нь хумигдана уу гэхээс газар авахгүй. Тэд болж, бүтэж байгаагаа л магтан дуулах “кампанит ажил” өрнүүлэхээс бус, ажил хэрэгч, эрүүл шүүмжлэл тавих талбар хэзээ ч бэлдэхгүй. Гэвч энэ нь зөвхөн Ардын намынхны юу нь болохгүй байгаа тухай мэдээлэл хаагдаж, цензуртай болж байна гэсэн үг биш. Төр, засаг тэр чигээрээ хаалттай болно. Тиймээс тэдний “багаар нь сонгуулах” тактикт барьц бүү алдаарай.

Тэгээд ч ИТХ, Засаг дарга хоёр “цус ойртож” байгаа нь нэг намын ноёрхол баттай орших суурь болохоор хэмжээнд хүрээд буйг тэмдэглэе. УИХ-ын гишүүнийг сайдаар томилж, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хяналт, тэнцвэр алдагдаж байгааг засаж, “давхар дээл”-ийг нь тайлж, нимгэлэх ёстой гэдэгтэй агуулгын хувьд агаар нэг нөхцөл орон нутгийн түвшинд хэдийн бий болсон. Өөрөөр хэлбэл, хамтран хэрэгжүүлэх учиртай нутгийн удирдлагад Засаг даргын оролцоо давамгайлж ирсэн байдаг. УИХ, Засгийн газрын хооронд яригддаг “давхар дээл”-ийн маргаан өнгөрсөн тавдугаар сараас мөрдсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шийдэгдсэн ч доод шатанд үргэлжилсэн хэвээр байгаа. Манайд нутгийн удирдлагыг хэрэгжүүлж буй ИТХ болон ИНХ нь бие дааж, хараат бусаар ажиллаж чадахгүй байгаатай судлаачид санал нэг байдаг. Өнгөрсөн оны зургадугаар сарын байдлаар нийслэлээс гадна зарим аймаг, сумын нийт 11 ИТХ-ын төлөөлөгчдийн 43.2 хувийг тухайн орон нутгийн Засаг даргаас шууд хамааралтай буюу түүний орлогч, доод шатны нэгжийн Засаг дарга, төрийн үйлчилгээний албан хаагч, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга нар бүрдүүлж байгааг “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” бодлогын судалгааны тайлан, зөвлөмж (МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн дэргэдэх Төрийн байгуулалтын экспертийн зөвлөл, Монгол дахь Конрад-Аденауэр сан хамтран хийсэн) дурджээ. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглалд ажиллаж байгаа хүмүүс ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогддог, эсвэл сонгогдсоныхоо дараа дээрх албан тушаалд очдогоос нутгийн удирдлагын болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт давхцаж, хяналт алдагдаж буй шалтгаан нь энэ. Улмаар ИТХ-ууд Засаг даргын боловсруулж, танилцуулсан асуудлыг хэлэлцэхэд дийлэнх хугацаагаа зарцуулж, идэвхгүй ажилладаг нь уг судалгааны дүн мэдээнд илт аж.

“Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан” гэгчээр Ерөнхий сайдын саналаас эс хамааран улстөрждөг, Засгийн газрын тэргүүний “үл үзэгдэх гар” заавал оролцдог ажил бол аймаг, нийслэлийн Засаг даргын томилгоо болчихоод буй. Гэтэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал гаргаж болохоор өнөөгийн эрх баригчид тусгасан. Өөрөөр хэлбэл, хэнийг Засаг даргаар томилмоор байгаагаа Ерөнхий сайд болон дээд шатны Засаг дарга нь ил тод илэрхийлэх эрхийг нь хуульчилна гэсэн үг. Ард түмний сонгох, төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох эрхээс нь булаацалдаж байгаа нь энэ. Өнгөрсөн сард хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганаар уг хуулийг хэлэлцэн баталж, орон нутгийн сонгуулиас өмнө мөрдөн хэрэгжүүлэх гэж үнэмлэхүй олонх зүтгэсэн ч парламент дахь цөөнх завсарлага авсан юм. Маргааш эхлэх намрын ээлжит чуулганаар үүнийг хэлэлцэнэ. Сонгуулиас өмнө батлан мөрдөхгүй гэх баталгаа үгүй. Ингэвэл Ерөнхий сайд бүгдийг нь атгана. Орон нутгийн сонгуулиар АН болон бусад нь илүүрхлээ ч Ардын намын дарга У.Хүрэлсүх Засаг дарга нарыг нь “томилно” гэсэн үг. Ийм байхад эрх баригчдын ялалт Монголын ардчилал, олон ургалч үзэл санаа, сөрөг хүчин дуу хоолойгоо хүргэхэд нэрмээс болох юм биш үү.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)