МАН ч мөнгө хэвлэнэ

МАН-ынхан мөнгө хэвлэж, төсвийн алдагдлыг нөхөх нь. Тэд ингэх замаа засаж эхэллээ. Төвбанкны тухай хуулийг өөрчилж, эрх зүйн орчны хувьд дардан сайхан зам тавихаар ажиллаж байна. Төвбанкны тухай хуульд Монголбанкнаас Засгийн газар тодорхой хэмжээний санхүүжилт зээлээд тухайн төсвийн жилдээ багтаан буцааж төлөхийг үүрэгдсэн заалт бий. Тэгвэл ийм агуулга бүхий заалтыг зээлсэн мөнгөө он дамжуулан хэрэглээд дараа жил нь төлөх боломжтой болгон өөрчлөхөөр хэлэлцэж байна.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар энэ жил мөнгө зээлээд дараа ондоо багтаан төлнө гэсэн үг. Мөн Төвбанкны тухай хуульд Монголбанк сүүлийн гурван жилийн төсвийн орлогын дунджийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг Засгийн газарт зээлж болно гэсэн агуулгатай заалт бий. Тэд 10 хувийн хязгаарыг огт байхгүй болгох санал гаргажээ. Хязгааргүй болчихвол хэдэн ч төгрөг хэвлүүлж авах эрхтэй болно гэсэн үг.

Монголбанкнаас зээлсэн хөрөнгөө Засгийн газар тухайн жилдээ буцаан төлөхийг үүрэгдсэн, мөн 10 хувийн хязгаар тавьсан хуулийн заалт нь Төвбанкны бие даасан байдлыг хамгаалж байв. Хэрэв хязгааргүй хэмжээгээр мөнгө зээлэх эрх зүйн орчныг бүрдүүлбэл Монголбанк Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хүссэн үедээ мөнгө авдаг “кассын машин” болж хувирах юм.

Монголбанкны ерөнхийлөгч бие даасан байдлаа хадгалж ажиллах нь эргэлзээтэй. “Хязгааргүй хэмжээгээр мөнгө зээлж болно” гээд хуулийн заалтыг өөрчилчихвөл МАН-ынхан Н.Баяртсайханаас мөнгө нэхээд амар заяа үзүүлэхгүй. Нөгөөх нь өндөр албан тушаалд томилсон ачийг нь бодоод үг дуугүй дагаж мэднэ. Ингэвэл өөрсдийгөө эдийн засгийн аврагчдаар тодруулаад буй МАН-ынхан жинхэнэ “эдийн засгийн алуурчид” болж хувирах юм.

Асуудлыг улс төрийн өнцгөөс харъя. Хэн мөнгө хэвлэхийг эсэргүүцэн, хамгийн чанга хашгирч байсан билээ? Хэн Монголбанкны өмнөх ерөнхийлөгчийг “эдийн засгийн алчуурчин” хэмээн цоллож байсан бэ? Тэд МАН-ынхан биш байсан гэж үү. Яах аргагүй тэд л ингэж дуугарч, эсэргүүцэж байсан. Гэтэл одоо өөрсдөө мөнгө хэвлэх замаа засаж байгаа нь ичгэвтэр хэрэг. Тэгээд бүр төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор мөнгө хэвлэх юм гэнэ.

Мөнөөх Н.Золжаргалаас юугаараа ялгарах нь вэ? Н.Золжаргал гурван их наяд төгрөг хэвлэсэн. Түүний хэрэгжүүлсэн найман хувийн хүүтэй орон сууцны зээл, Үнэ тогтворжуулах болон “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хашаа” хөтөлбөр арилжааны банкаар дамжсан зээл байв. Эдгээр хөтөлбөрийн санхүүжилт эдийн засагт үр ашиг “бүтээчихээд” буцаж төвлөрөх нь тодорхой мөнгө байв. Түүний уламжлалт бус аргаар хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нь олон нийтэд таалагдаж, эдийн засагт бодит үр дүнгээ өгч байсан. Үүнийг найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрөөс харж болно.

Гэтэл тэр “Сайн хувьцаа” хөтөлбөр нэрийн дор 374 тэрбум төгрөг хэвлээд иргэдэд тараачихсан. АН-ынхан сонгуулиар оноо нэмж авах зорилгоор ийм үйлдэл хийлгэсэн нь хэнд ч ойлгомжтой. “Хэзээ ч Засгийн газарт зээл өгөхгүй” гэж ам гарч явсан Н.Золжаргал албан тушаалд томилсон намынхандаа ингэж дийлдсэн юм. Одоо Н.Баяртсайханд дараагийн Н.Золжаргал болох уу, үгүй юү гэдэг сонголт тулгараад байна. Мэдээж энэ бол хэцүү сонголт.

Хэрэв УИХ Монголбанкны Засгийн газарт зээл олгох хязгаарыг чөлөөлбөл секундын дараа л Сангийн сайд Б.Чойжилсүрэн түүнээс мөнгө шилжүүлэхийг хүсэх байх. Мөнгө хэвлэхийг хамгийн ихээр эсэргүүцэж байсан хүн бол Ч.Хүрэлбаатар гишүүн. Тэр одоо Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Үзэл бодол, байр суурьтаа үнэнч байж мөнгө хэвлэх саналыг зогсооно гэж түүнд найдъя.

Их хэмжээний мөнгө хэвлээд зах зээлд нийлүүлбэл ам.долларын ханш улам өснө. Нам түвшинд тогтвортой байгаа инфляц нэмэгдэнэ. Иргэдийн худалдан авах чадвар буурна. Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн нь холыг харсан шийдвэр байж гэдэг нь өнөөдөр ойлгогдож байна. Засгийн газарт их хэмжээний мөнгө хэвлэж өгөх магадлал үүссэн учраас ам.долларын ханшийг өсөхгүй, төгрөгийг үнэгүйдүүлэхгүйн тулд бодлогын хүүг 15 хувьд хүргэсэн байж.

Мөнгө хэвлэх нь хэзээд буруу бодлого байдаг. Цаг үеийн онцгой тохиолдолд мөнгө хэвлэж, эдийн засгийн өсөлтөө хангаж болно. Гэхдээ хэсэг хугацааны дараа зогсоох хэрэгтэй. Үргэлж мөнгө хэвлэх замаар бэрхшээлээ шийдэх нь буруу алхам. Мөнгө зогсолтгүй хэвлэсээр эдийн засгаа “алсан” бэлэн жишээ бол Зимбабве улс. Инфляц 300 хувиар өсөж, валютын ханшаа хянаж чадах больж, цалингаа авах гэж усны тэрэг түрж очдог болмооргүй байна. Мөнгө хэвлэснээс олон улсын зах зээлээс хөрөнгө татсан нь илүү дээр гарц байх.

Хэдийг хэвлэх гээд байна вэ? Энэ тооцоо Сангийн яамныхны тархинд явж байгаа нь лав. Гэхдээ тэд энэ талаар ам нээхгүй л байна. Төсвийн тодотголын танилцуулгаас харвал, Засгийн газрын дотоодын зах зээлд гаргасан үнэт цаасны үлдэгдэл долдугаар сарын 31-нд 3.4 их наяд төгрөг байгаа аж. Харин хүлээгдэж буй гүйцэтгэлээр 4.7 их наяд төгрөг болох юм байна.

Дотоодын зах зээлд нэмж, 1.2 их наяд төгрөгийн үнэт цаас гаргах юм болов уу. Бараг ийм хэмжээний хөрөнгө зах зээлээс татаж байж, төсвийн алдагдлыг нөхөх байх. Гэхдээ хэдийг нь хэвлэх бол. Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр “Монголбанкнаас зээл авахаас өөр гарцгүй байгаа. Жаахан дэмжлэг авах хэрэгтэй байна. Хэрэв Төвбанкнаас зээл авахгүй бол Засгийн газрын зээлийн хүүг төлж, тэтгэвэр, тэтгэмж тавьж чадахгүйд хүрнэ” гэж учирлаж байсан.

Мөнгө хэвлээд эдийн засагт ашигтай хөтөлбөр санхүүжүүлсэн бол өөр хэрэг. Ингэвэл эдийн засагт ашиг тусаа өгөөд, эргэн төлөгдөнө. Харин мөнгө хэвлэж төсвийг санхүүжүүлэх нь эдийн засгийн бодит секторт сайнаар нөлөөлөхгүй. Сахилга бат муутай төсвийг мөнгө хэвлэж санхүүжүүлбэл ёроолгүй сав руу ус хийж буйтай адил гоожоод алга болно. Яагаад мөнгө хэвлэхээр шийдсэн юм бэ? Үүнээс өөр сонголт, гарц байгаагүй гэж үү? Олон улсын зах зээлээс мөнгө татсан нь дээргүй юү? Мөнгө хэвлэвэл эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ? Инфляцаа өсгөж, ханшаа алдвал яах вэ? Бэлэн хариултгүй, ямар олон асуулт вэ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)