МАН: Засгийн газар руу дайрч, давшилсан увайгүй үйлдлүүдээ зогсоохыг АН-аас шаардаж байна

МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус намын Улс төрийн бодлого хариуцсан дарга Н.Батсүмбэрэл "Сүүлийн хоёр сарын турш сөрөг хүчин болох АН-аас ёс зүйгүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байна. 1990 онд хонхны дуунаар Монгол хүний эрх чөлөө, ардчиллын төлөө зүтгэж байсан АН өнөөдөр цөөн хэдэн хулгайч, авлигач нарыг хаацайлж, хэдэн хүний эрх ашигт үйлчилдэг болсонд харамсаж байна. 2012-2016 онд АН Монголын төрийг удирдсан. 17 хувийн өсөлттэй байсан Монгол Улсын эдийн засгийг хасах руу оруулан, төрийг самран хүлээлгэн өгсөн. Бид дампуурсан төрийг 2016 онд хүлээн авч, эдийн засгийг 6 хувьд хүргэж, төр дэх ялзралыг засаж, залруулан ажиллаж байна. Энд нам дамжсан бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөж байна. Тухайлбал, "Улаанбаатар хоты банк"-ны захирал Д.Эрдэнбилэгийг хуулийн байгууллага хорьсон. Тус банкнаас хамааралтай нам, улс төрчид амиа тавьж, жагсала цуглаан зохион байгуулж, харагдсан болгон руугаа дайрч, давшилж байна. Гадаад хэргийн сайд, Эрүүл мэндийн яам, Хууль зүй дотоод хэргийн сайдуудыг огцруулахаар зохион байгуулалттайгаар ажиллаж байна. Жишээлбэл, хувийн эрх ашгийн сонирхлын зөрчилтэй, хувьдаа эмнэлэгтэй Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа нь төрийн ажлыг хийгээгүй гэдгийг нь салбарын сайд нь ил тод хэлээд байхад шударга хүний дүр эсгэж явна. Энэ явдлаа зогсоох ёстой. Дараа нь ГХЯ руу дайрч байна. Сүүлийн үеийн мэдээллээр хэд хэдэн дипломатуудыг эргүүлэн татаж байгаа юм байна. Тэд бол Ц.Элбэгдоржийн томилсон, хууль бус үйлдлүүдийг хийдэг сүлжээг таслан зогсоож байгаа хэрэг юм. 

Улаанбаатар хотоос хэд хэдэн газрыг хууль бусаар хувьчилж авсан газруудыг цуцалсан. Төв талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нь хувьчилаад авчихсан байхаар нь цуцалсных нь төлөө манай нам руу дайрлаа. Гэхдээ ууль бус газар олголттой цаашдаа ч тэмцсээр байх болно. С.Эрдэнэ хүүхдийн бэрхшээлтэй хүүхдүүдэд байшин барьж өгнө гэж газар аваад хувьдаа "Шонхор" хэмээх байшин барьж охиндоо өгсөн асуудлыг шалгуулахын төлөө явна. Тиймээс хэсэг хулгайч нарыг дээрээ залж, жагсаал цуглаан зохион байгуулахаа одоо болих ёстой. Бидэнд ирүүлсэн мэдээллээр нэг жагсаалыг 40 сая төгрөгөөр зохион байгуулдаг юм гэсэн. Харамсалтай нь жагсаалд нь очих хүнгүй сандарч байгаа юм билээ. Энэ байдлаа зогсоохыг МАН шаардаж байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)