МАН: Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн багц хуулийн төслийг буцаана

УИХ дахь МАН-ын бүлэг шүүх эрх мэдэлтэй холбоотой хуулийн төслүүдийн талаар хэлэлцжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Шүүхийн тухай багц хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Үүнийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд улам боловсронгуй болгохоор ажлын хэсэг байгуулсан аж. Мөн Ерөнхийлөгчөөс Шүүхийн багц хуулийн төсөл өргөн барьсан. Үүнийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, буцаахаар шийдвэрлэсэн юм. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг ирэх сард багтаан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тусгасны дагуу нэг асуудалтай холбоотой хуулийн хоёр төсөл өргөн барьсан бол агуулгын хувьд ижил, эсэхийг нь хянадаг. Хэрэв агуулга нь адил бол хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцдэг. Харин зөрүүтэй бол санаачлагчид нь буцаадаг. Засгийн газрын зүгээс хуулийн төслүүдийг агуулгын хувьд нэгтгэх боломжгүй гэж үзсэн. Тиймээс Хууль зүйн байнгын хорооны өмнө гаргасан саналын дагуу Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэж үзсэн” хэмээв. Мөн тэрбээр “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүх, хуулийн байгууллагуудын удирдлагыг өөрчилдөг. Үүнийг хүчингүй болгох чиглэлээр УИХ-ын 13 гишүүн хуулийн төсөл өргөн барьсан. Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай багц хуулийн төсөлтэй хамт үүнийг хэлэлцэх нь зүйтэй гэж манай бүлэг үзлээ” хэмээсэн юм.

УИХ-ын гишүүн, Шүүхийн тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр “Үндсэн хуульд шүүх эрх мэдэлтэй холбоотой өөрчлөлт оруулахдаа шүүгчийг томилсон этгээд болон улстөрчдөөс хараат бусаар ажиллуулахад анхаарсан. Гэтэл хуульчдаас шүүгчдийг шилж, сонгох чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрийн томилгооны нөлөөллийг хадгалах гэсэн шинж Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд байгаа. Тиймээс төслийг буцаахаар санал нэгдсэн” гэв.

МАН олонх болсон Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Завхан аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид хэрэг үүсгэж, хуулийн байгууллага шалгаагүй байхад бүрэн эрхийг нь шүүхээс түдгэлзүүлэн, сонгогчдын саналыг үнэгүйдүүлж байгаа талаар тус намынхан мөн хэлэлцжээ. Шүүх улс төрийн үйл ажиллагаанд хэт оролцож байгааг тус бүлгийн гишүүд шүүмжилсэн аж. Мөн тэтгэврийн зөрүүг арилгах талаар МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасныг тус бүлгийн дэд дарга Х.Булгантуяа онцлов. Тэрбээр “Өнгөрсөн гурван жилд тэтгэврийн хэмжээг нэмсэн. Нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд ХНХЯ-наас хуулийн төсөл удахгүй оруулж ирэхээр ажиллаж байгаа” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)