МАН: Аймаг, дүүрэг бүрийг нэг тойрогт тооцно

МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа нэр бүхий гишүүдийн санал болгосон 50+26 буюу том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоогоор сонгууль зохион байгуулах талаар хэлэлцжээ. Тус намын Удирдах зөвлөлийн гишүүд “Уг тогтолцоог хүлээж авбал Үндсэн хуультай зөрчилдөнө”, “Иргэдээс санал аваагүй гишүүд намын нэрийн ард нуугдаж, УИХ-д суудалтай болох магадлалтай” гэх бусад гишүүний саналд үндэслэн том, жижиг тойрог хосолсон мажоритар тогтолцоогоо өөрчлөх болов.

Улмаар 2008 болон 2012 онд ашигласан томсгосон мажоритар тогтолцоогоор сонгууль зохион байгуулахад санал нэгджээ. Тодруулбал, есөн дүүрэг, 21 аймаг тус бүрийг нэг тойрог гэж тооцох гэнэ. Уг саналыг УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулж, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт багтаан батлах юм. Үүнтэй холбоотой зарим гишүүний байр суурийг хүргэе.

Д.АМАРБАЯСГАЛАН (МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга): -50+26 тогтолцоонд иргэд, зарим гишүүн шүүмжлэлтэй хандсан. Жижиг 76 тойрогт хуваагдаж сонгуульд нэр дэвших нь улсын бус, тойргийнхоо хөгжилд л анхаарах, сонгогчдын саналыг худалдаж авах нөхцөл үүсгэдэг. Тиймээс аймаг, дүүрэг тус бүрт буюу нийт 30 тойрогт нэр дэвших юм. Нэг тойрогт 2-3 мандат олгоно гэж урьдчилсан байдлаар тооцоолсон. Гэхдээ үүнийг шийдэх болоогүй. Цаашид бүсчилсэн тойрогт нэр дэвшиж улсынхаа хөгжилд анхаарах нь зүйтэй. Аймаг, дүүрэг тус бүр нэг тойрог байхаар тогтсон ч буруудахгүй.

Л.ЭНХ-АМГАЛАН:-Мажоритар тогтолцоо нь таван хувилбартай. Түүнээс томсгосон мажоритар буюу нэг тойрогт олон мандат олгох тогтолцоонд санал нэгдлээ. Энэ тогтолцоог 2012 онд ашиглахдаа намын нэрийг дугуйлж байсан. Одоо бол зөвхөн нэр дэвшигчийн нэрийг дугуйлна. Нэг тойрогт хэдэн мандат олгохыг ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс өмнө шийднэ. Нэгэнт Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан учраас энэ тогтолцоог дэмжихээс өөр аргагүй. Ийм тогтолцоог сонгосноор улс, аймаг, нийслэлийн хөгжил, бүтээн байгуулалтад жигд анхаарах боломж бүрдэнэ. Тойргийн төсвийн хуваарилалт ч нэмэгдэх магадлалтай. Үүнд сөрөг тал гэхээр зүйл үгүй. Жижиг мажоритар тогтолцоогоор сонгууль явуулахад иргэдийн санал орхигддог сул тал байсан. Тийм учраас ард түмний саналыг жигд хуваарилах, томсгосон мажоритар тогтолцоогоор сонгууль зохион байгуулах нь зөв.

Я.СОДБААТАР: -Ажлын хэсгийнхэн өмнөх сонгуулийн үед гарч байсан алдаа, дутагдлуудыг засахыг хичээсэн. АН болон УИХ-д суудалгүй намуудаас Сонгуулийн тухай хуультай холбоотой цөөнгүй санал ирүүлсэн. Ажлын хэсгийнхэн маргааш (өнөөдөр) хуралдаж, тэдний дэвшүүлсэн саналыг нэгтгэж, цэгцэлнэ. Энэ удаагийн сонгуулиар иргэдийг гаднын нөлөөнд автахгүй сонголтоо хийх боломж бүрдүүлэх, нийгмийн сүлжээнд хэт автахгүй байхад анхаарч, тодорхой хязгаарлалтуудыг хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд АН-ынхан өөрсдөдөө ашигтай тогтолцоог сонгож, тойргийг хэрхэн хувааж, иргэдийг талцуулсныг олон нийт мэдэж байгаа. Энэ удаагийн сонгуулийн тогтолцоогоор иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Залуу юм уу, олонд танигдсан гишүүний аль нэгэнд давуу эрх олгохгүй. Уг нь сонгогчдын санал гээгддэг байдлыг 50+26 тогтолцоогоор шийдвэрлэх боломжтой байлаа. Гэвч хардаж, сэрдэх асуудал их учраас томсгосон мажоритар тогтолцоог дэмжихэд буруудахгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)