Мансууруулах бодис хэрэглэж байсан залуусыг үйлдэл дээр нь баривчлав

Мансууруулах бодис хэрэглэгчид, борлуулагчидтай цагдаагийнхан ширүүхэн тэмцэж, олон залуусыг саатуулдаг ч шүүхэд, тэр дундаа Улсын дээд шүүхэд очоод хилийн чанадад байгаа худалдагчийг нь олж тогтоо гэсэн ямар ч боломжгүй үндэслэлээр хэрэг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байна. Гэвч цагдаагийнхан ирээдүйгээ цагаан тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор мансуурагчидтай тэмцсээр өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлэн 10 гаруй залуусыг саатуулжээ.

Сонгуулийн санал хураасан өдөр гэхэд мансуурагч хоёр ч бүлгийг үйлдэл дээр нь баривчилсан байна. Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг, Жуковын талбайд BMW машин хөлөглөсөн хүн машин дотроо сэжигтэй зүйл хэрэглээд байгааг харсан эргүүлийн цагдаа нар тусгай тестээр лавшруулан шалгахад 26 настай Э гэх залуу каннабис хэрэглэж байсан нь тогтоогджээ.

Мөн Хан-Уул дүүргийн нутагт “Ниссан Патрол” маркийн машинд тус дүүрэгт оршин суудаг 17 настай И нь мансуурсан байсныг цагдаагийнхан олсон аж. Түүний машинаас мансууруулах үйлчилгээтэй долоон ширхэг эм эд мөрийн баримтаар хураажээ.

Түүнчлэн Гачууртад болсон “Плэй тайм” наадмын үеэр олон тооны залуус мансууруулах бодис авч явсан, хэрэглэж байгааг нь харуул хамгаалалтын ажилтнууд нь илрүүлэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн мөрдөн байцаагчдад шилжүүлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)