Мансуурсан үедээ осол гаргасан М.Мөнхтэнгэрт Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцов

Цагаан өнгийн суудлын, өндөр үнэтэй автомашинаараа хэд хэдэн тээврийн хэрэгсэл мөргөн осол гаргасан жолоочийг Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ажилтнууд саатуулан шалгахад “Бэрэн групп” компанийн захирлын хүү М.Мөнхтэнгэр мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь тогтоогдсон билээ. Түүний шээсэнд тандагч төхөөрөмжөөр шинжилгээ хийхэд НҮБ-ын мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтсан хоёр төрлийн бодис илэрсэн байдаг. Гэвч түүнд Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ тооцоод өнгөрч буй аж. Тээврийн цагдаагийн албаны эх сурвалжуудаас ямар хариуцлага тооцсон талаар тодруулахад “Осол гаргасан үйлдэлд нь Зөрчлийн хуулийн 14.7 дахь заалтыг үндэслэн жолоо барих эрхийг нь хасан, торгож хариуцлага тооцсон. Харин мансууруулах бодис хэрэглэсэн гэх үйлдлийг нь тусгаарлан Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт шалгаж байгаа” гэсэн юм.

Тус дүүргийн Цагдаагийн газрынхан М.Мөнхтэнгэрт Зөрчлийн хуулийн 6.4-т заасны дагуу хэрэг нээн шалгаж байгаад хэрхсэн нь тодорхойгүй болсон бөгөөд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газарт харьяаллын дагуу шилжүүлээгүй гэдгийг хэд хэдэн эх сурвалж баталлаа.

Түүнчлэн кинонд тоглосон цөөнгүй дүрээрээ олны танил болсон жүжигчин, дуучин Б.Батмэндэд холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-ын хяналтад хүргүүлсэн байна. Тэрбээр мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгуулж буй тухай мэдээлэл гарсны дараа “Би хар тамхи хэрэглээгүй. Хаанаас, ямар санаатай ийм худал мэдээлэл тараагаад байгааг мэдэхгүй. Өөрөө ч мэдээгүй байхад хар тамхи хэрэглүүлээд шоронд оруулчихсан байна” хэмээн ярьж байсан юм. Эрүүгийн хуулийн 20.7-д заасны дагуу “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэх үндэслэлээр түүнийг яллагдагчаар тооцоод буй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)