Мандуулна гэдэг нь мянгуужингийн үлгэр юм биш үү

МАН-аас Засгийн газрын танхимын зарим сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлж, үнэмлэхүй олонхоороо баталлаа. Хагас, дутуу өргөн мэдүүлсэн нэр дэвшигчдийг хоёр өдөр дамнуулан, шөнө дөл болтол хэлэлцэн томилж, шинэ сайд нар хагас, бүтэн сайнд ажлаа хүлээн авав.

Ийнхүү Ж.Эрдэнэбатын Засгийн газар Шадар сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь, Зам, тээврийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нарын гишүүнтэй боллоо. Мэргэжилтнээс эхэлж ажилласан туршлага, чадвартай хүмүүст салбарыг нь хариуцуулж, мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн МАН-ын амлалт ийнхүү талаар боллоо.

Одоогоор томилогдоод буй 11 сайдаас Ц.Мөнх-Оргилоос бусад нь мэргэжлийн шалгуурыг давахгүй. Яах вэ, эдийн засагч мэргэжилтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнгөрсөн жил МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн нь дээрх шаардлагыг бичиг баримтын хэмжээнд хангаж буй. Бас хууль тогтоох байгууллагад тасралтгүй гурван удаа сонгогдсоныг нь харгалзан үзэж болох л юм.

Үүнээс гадна Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж өрөмдлөгийн технологич мэргэжлээрээ 1990-ээд оны эхэн үед хувийн компанид хоёр, гурван жил ажилласныг огт үгүйсгэж болохгүй биз. Мэргэжлийн Засгийн газар байгуулахаа амласан МАН-ын удирдах дээд байгууллагаас нэр дэвшүүлсэн 15 хүнээс гарын таван хуруунд багтах нь л ядаж тухайн салбарынх гэж хамаатуулж болох мэргэжлийн дипломтой, долоо нь УИХ-ын гишүүн байсныг тэмдэглэхгүй орхиж боломгүй нь.

Харин бусдынх нь тухайд намдаа хүчин зүтгэсэн байдал, мөнгөн хандивынх нь хариуг “сайдаар барьсан” гээд хэлчихвэл тэгтлээ буруудахгүй бололтой. Энэ талаар Төрийн тэргүүнээс эхлээд жирийн иргэд, тус намын нөлөө бүхий зарим гишүүн шүүмжилж, нийгмийн сүлжээгээр шуугиж байна. У.Хүрэлсүх, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ нарын хичээл зүтгэлийг үнэлэн, ач санаж, сайд болгосон бол Б.Чойжилсүрэн, Н.Номтойбаяр нар намд өгсөн хандивынхаа хариуг албан тушаалаар авлаа.

Тэдний заримыг Засгийн газрын танхимд оруулж ирэхийн тулд ерөнхий чиг үүргийн яамдын тоог даруй хоёр дахин нэмэгдүүлж, зургаа болгосон. Монголын топ баян Н.Номтойбаяр нийгмийн хамгаалал, халамж, эмзэг хэсгийнхний амьдралыг хэр ойлгож, мэдрэх бол. Монголын барилгын зах зээлд нөлөө бүхий, бараг дуугардаггүй, “хэлгүй” гишүүн Б.Чойжилсүрэнд Монгол Улсын сан хөмрөг, санхүүгийн асуудлыг хариуцуулсан нь зөв үү. Ж.Батсуурь, Ц.Дашдорж нар ч сонгуулийн тойрог наймаалцан, нэр дэвшихээс татгалзсаныхаа хариуг одоо авч байна гэж ярих хүн ч цөөнгүй. “Гай тарьдаггүй, гавьяа байгуулдаггүй” энэ мэт улстөрчдөөс өөр сайд болчих хүн бараг 100 жилийн түүхтэй намд үгүй юм гэж үү. Аз болоход, Д.Өнөрболор, Ц.Анандбазар зэрэг зарим хүнийг ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзэн, АТГ-ын албан тодорхойлолтын дагуу нэр дэвшүүлсэнгүй.

Гэсэн ч МАН мэргэжлийн бус, “давхар дээл”-тэй, ашиг сонирхлын зөрчилтэй, асар их мөнгөтэй хүмүүсийг сайдад нэр дэвшүүлсэн нь үнэн. Тэд өнгөрсөн дөрвөн жил улиг болтол ярьснаасаа, бэх нь хатаагүй амлалтаасаа ухарсан нь бас бодит үнэн. МАН-ын сонгуулийн амлалтаа биелүүлэх анхны алхмаа буруу тавьснаараа нийгэмд “МАН манай улсыг мандуулж чадах уу, Мянгуужингийн үлгэр юм биш үү” гэх итгэл алдарсан, урам хугарсан өнгө нэмж орхилоо.

Үнэндээ Ардын намынхан улс орныг эдийн засаг, нийгмийн хүнд байдлаас гаргах ачааны хүндийг үүрэх үүрэгтэй Засгийн газрын гишүүд, баг, хамт олныг тодруулахдаа ой санамжаа алдсан хүн шиг л аашилав. Ард түмний ой санамж загасных шиг биш гэдгийг мартлаа. Төрийн тэргүүн “Ард иргэд алхам бүрийг чинь харж байгаа. Буруу хийсэн алхам бүр чинь ард түмний ой санамжинд үлдэнэ, арилахгүй.

Анхнаасаа буруу алхам хийвэл нэг, хоёр жилийн дотор л ард түмний итгэл борооны дараах солонго шиг алга болно” хэмээн ёр шиг анхааруулсныг ч үл тоов. Сайндаа бус, АН-ын алдаан дээр дөрөөлж парламентад 65 суудал авснаа огоорлоо, эрдлээ. Ард түмний саналыг арай дэндүү дорд үзэв. Тэд УИХ-д үнэмлэхүй олонх болсноо боломж, бас сорилт гэж харах сөхөөгүй байх шиг.

Үүгээрээ эрх баригчид төрийн албыг мөнгөөр үнэлдэг, сайд, даргын суудлыг наймаалцдаг гэх хардлагыг улам гүнзгийрүүлэв. Шинэ сайд нарын сураг төдий нэрс, тэднийг тодруулсан Удирдах зөвлөлийн шийдвэр, өнөөдөр сайд болчихсон зарим эрхмийн талаарх түмэн олны байр суурь, хандлага таатай бус байхыг мэдсээр байж зүтгүүлсэн нь МАН-ын дотоод ардчилал яаж доройтсоныг, мөнгөний хүчин зүйл хэр өндөрт гарсныг харуулж байна.

Олон түмний анхаарлын төвд байсаар ирсэн сайдын томилгоонд ингэж эрээ цээргүй хандсан нь “Тэд хөшигний ард юу ч хийхээс буцахгүй юм байна” гэх айдас төрүүллээ. МАН-ынхан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “Яахаас ч буцахгүй хүн” хэмээн муулдаг. МАН-д, Монголд албан тушаалын наймааг эхлүүлсэн гэж экс Ерөнхийлөгчийг үзэн яддаг. Тэгвэл тэдэнд түүнээс ялгарах зүйл алга. Тэр хүний эхлүүлсэн жишиг, тогтолцоо тус намд амь бөхтэй оршсоор буй.

Одоо Засгийн газрын танхимд Барилга, хот байгуулалтын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний болон Эрүүл мэндийн сайдын суудал хоосон байна. Эдгээр суудлын төлөөх горилогчид хэдэн арваараа буй нь эргэлзээгүй. Тэдгээрээс мэргэжлийн, ёс зүйтэй, ашиг сонирхлын зөрчилгүй байх наад захын шаардлага хангасан хүмүүсийг сонгож, танхимаа бүрэн болгож чадах, эсэхэд олон нийт анхаарал хандуулсаар буй.

Мөн энэ удаагийн Засгийн газар дэд сайдуудтай ажиллана. Албан тушаалын бялуу хуваах нэг хэлбэр гэж ойлгогдож буй дэд сайдын суудлын төлөөх марафон ч хэдийнэ эхэлсэн. Эдгээр суудал болон Засгийн газрын харьяа байгууллага, агентлагуудын удирдлагад мэргэжлийн Засгийн газрын шаардлага хангах хүмүүс томилох, эсэхээс олон зүйл шалтгаалахаар буй. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийн хүрээнд ажилгүй болохоор буй 1300 орчим хүний асуудалд ч анхаарал, болгоомжтой хандах ёстой. Өмнөх эрх баригчдын алдааг давтахгүй байх учиртай.

Ардын намынханд амжилт хүсье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)