Манай эмэгтэй сагсчид Токиог зорихоор боллоо

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (ФИБА)- ноос “Токио 2020” олимпын наадамд оролцох, үндэстний чансаагаар тэргүүлж буй эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дөрвөн багийг зарласан юм. Манай сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн баг шалгарч, “Токио-2020” олимпын наадамд өрсөлдөхөөр боллоо. Тэд Монголын багийн спортын түүхэнд олимпын наадамд оролцох эрх анх удаа хүртсэн нь энэ. Азиас БНХАУ, Европоос ОХУ, Румыны эмэгтэйчүүд олимпын эрх өвөртөлж амжив. Япон улс зохион байгуулагч орны давуу эрх эдлэн цагаан хуудсаар эрэгтэйчүүдийн багаа оролцуулахаар шийдвэрлэсэн тул манай эрэгтэй сагсчид чансаагаараа олимпын эрх авахаас мултарсан. Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн ангилалд Серби, ОХУ, БНХАУ, Японы тамирчид олимпын эрх халааслалаа. Ирэх жилийн гуравдугаар сард Энэтхэгт болох тэмцээнд 20 баг өрсөлдөж, шалгарч чадаагүй нь дөрөвдүгээр сард Унгарын Будапештэд болох тэмцээнд хурд, ур чадвараа сорих юм. Манай эрэгтэйчүүд олимпын эрх олгох эдгээр тэмцээнд амжилттай оролцвол Японыг зорих боломжтой.

Бэлтгэсэн: Б.Цэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)