Манай улсын 28 тамирчин тусгай олимпод өрсөлдөнө

Танин мэдэхүй, нийгмийн харилцаанд оролцох, биеэ авч явах чадвар нь хязгаарлагдмал хүнийг анагаах ухаанд оюуны бэрхшээлтэй гэж үздэг. Ийм эмгэгтэй хүүхдүүдэд баяр баясгалан бэлэглэх, амьдралыг нь өөрчлөх зорилготой хүн төрөлхтний хүмүүнлэгийн их наадам болох тусгай олимп ирэх онд Арабын Нэгдсэн Эмират Улсад болно.

Эл олимпод манай улсаас 28 тамирчин оролцох болжээ. Монголын тусгай олимпын хорооныхон тэдэнд шаардлагатай мөнгө хуримтлуулах хандивын аяныг өнгөрсөн бямба гарагт эхлүүлэв. 

Нэг хүүхдийн замын зардалд дунджаар гурван сая, хувцас, хоол, багш, дасгалжуулагч, эцэг, эхийнх нь болон бусад зардал гээд нийт 160 орчим сая төгрөг шаардлагатай аж.

“Шангри-Ла” зочид буудалд болсон хандивын аяны нээлтэд УИХ-ын зарим гишүүн, үндэсний шилдэг компаниуд, хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж, олимпод оролцох хүүхдүүдэд 50 орчим сая төгрөг өглөө. 

Монголын тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг “Манай улс 2014 онд тусгай олимпын Зүүн Азийн бүсийн гишүүн болсноос хойш тамирчид маань тэмцээнд оролцох болж, өндөр амжилт гаргаж байна. Хүүхдүүдийн гаргасан амжилт медалийнх нь тоогоор хязгаарлагдахгүй. 

Энэ наадам оюуны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад спортоор дамжуулан урам зориг өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг бусдын адил тэгш эрхтэй гэдгийг олон нийт, нийгэмд таниулах зорилготой. Тусгай олимпын хөдөлгөөнийг 1968 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн эгч Юнис Кеннеди Шрайверийн санаачилгаар эхлүүлсэн түүхтэй. 

Өдгөө дэлхийн 170 гаруй орны зургаан сая орчим тамирчныг эгнээндээ багтааж, үйл ажиллагаа нь улам өргөжсөөр байна. Монголын тусгай олимпын хороонд 1800 гаруй тамирчин, 80 багш, дасгалжуулагч, сайн дурын 300 орчим ажилтан, 1500 эцэг, эхийн төлөөлөл харьяалагддаг” гэж ярилаа.

2015 онд Тусгай олимпын зуны наадамд Монголын баг, тамирчид 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, спортын гурван төрөлд алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэн, улсынхаа нэрийг өндөрт өргөж байв.

Ирэх оны гуравдугаар сард АНЭУ-ын Абу-Даби хотноо болох зуны наадамд дэлхийн 177 орны 7000 гаруй тамирчин, спортын 24 төрлөөр өрсөлдөх аж. Энэ нь хамгийн өргөн хүрээнд болж буй олимп гэдгээрээ онцлог. Тус наадамд манай тамирчид спортын долоон төрлөөр оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

25 дугаар тусгай сургуулийн биеийн тамирын багш, дасгалжуулагч Ц.Намжилдорж “Манай хүүхдүүд дүгнэлт хийх чадвар султай. Дасгал сургуулилалт хийснээр өөрсдөд нь ямар ач холбогдолтой гэдгийг ойлгодоггүй нэгэн нь ч бий. Тиймээс тэднийг даган дуурайлгаж, дадал хэвшил болтол нь дасгалжуулдаг. 

Тухайлбал, усанд сэлүүлж сургах маш хэцүү. Энгийн хүүхдүүдийг ч усанд сэлүүлж сургах амаргүй шүү дээ. Дунджаар 1-6 сар зарцуулдаг. Манай сургуулийн усан сэлэлтийн дугуйланд 26 хүүхэд хичээллэдэг. Хоёр нь амжилт гаргаж, олимпод оролцох болсон. Монгол хүүхдүүд тэвчээр хатуужилтай, мундаг. 

Энэ удаагийн олимпод оюуны бэрхшээлтэй 21, жирийн долоон тамирчин оролцоно. 15-22 насныхан ширээний теннис, хөнгөн атлетик, хөлбөмбөг, жүдо, усан сэлэлт зэрэг төрлөөр хүч сорино” гэсэн юм.

Тусгай олимпод өрсөлдөх баг, тамирчдыг Монголын тусгай олимпын хорооны спорт хариуцсан захирал Д.Галсанбуян ахалж буй аж. Тэрбээр “Энэ наадмаас медаль авах нь чухал биш. Хүүхдүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаардаг. Манайхан маш идэвхтэй оролцдог.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг спортоор дамжуулан хөгжүүлэх нь хамгийн оновчтой арга гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Оюуны хоцрогдолтой хүүхдүүдийг өөрөөр харж, цэрвэдэг үе ард хоцорчээ. Тэд бидний л нэгэн адил хөгжих, сурах эрхтэй. 

Тиймдээ ч бид дөрвөн жилд нэг удаа спортын наадам зохион явуулж, олимпод оролцох хүүхдүүдийг сонгодог. Энэ удаад нийслэлийн тусгай дөрвөн сургууль, 12 аймгийн хүүхдүүдээс сонгож авсан. Өмнө нь олимпод оролцсон бол дахиж сонгодоггүй. Аль болох олон хүүхэд хамруулах нь энэ наадмын үндсэн зорилго” гэв.

Манай улсын тамирчин Б.Ерөөлт 2015 онд Зүүн Азийн бүсийн элч төлөөлөгчөөр сонгогдож байсан удаатай. Түүний ээж А.Амарбуян “Хүүхдээ тусгай олимпын хөдөлгөөнд хамруулснаас хойш бидний амьдрал эрс өөрчлөгдсөн.

Ерөөлт гэр бүлийнхээ хүрээнд, зөвхөн тусгай сургуулийн хэмжээнд харилцах бус дэлхийн индэр дээрээс үг хэлж, илтгэл тавина гэж төсөөлөөгүй. Бид энэ наадамд олон жил бэлдсэн. Хүүхдийг олон талаас нь хөгжүүлж байгаа нь надад маш их таалагддаг” хэмээсэн. Харин тусгай олимпын анхны медальт Б.Элбэгзаяа бүсийнхээ элчээр сонгогдоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)