Манай улсын цусны нөөц 11 хувиар буурав

Цусны донорын дэлхийн өдөр энэ сарын 14-нд тохионо. ДЭМБ-аас эл өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар 2005 онд шийдвэрлэсэн юм. Цар тахалтай холбогдуулан эл өдөр ЭМЯ, Цус сэлбэлт, судлалын үндэсний төв (ЦССҮТ) зэрэг байгууллагаас иргэдэд цахимаар мэдээлэл өгөхөөр болжээ. ЦССҮТ-ийн Донор зохион байгуулалтын тасгийн эрхлэгч Ё.Улсболд “Цусны донорын дэлхийн өдрийг манай улс 16 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Хорио цээрийн дэглэм тогтоосон хэдий ч бид цус тогтмол цуглуулж байна. Манайд цус авах гурван цэг бий. Манайхан аж ахуйн нэгжүүд, их, дээд сургууль зэрэг хүн амын төвлөрөл ихтэй газарт явуулын цус авах цэг ажиллуулдаг. Олон газраас ийн цус цуглуулж байгаа учир хорио цээрийн үед ч улсын эмнэлгүүдийн нөөц хэвийн байна. Сүүлийн дөрвөн жил манай улсын цусны нөөц 11 хувиар багассан. Хэдий тийм ч дотоодын цусан бүтээгдэхүүний хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа. Дэлхийн бусад орны цусны нөөц 40-50 хувиар буурсан” гэв.

Ташрамд дурдахад, манай улс 2500 гаруй цусны донортой бөгөөд тэдний 1500 орчим нь Улаанбаатар хотод амьдардаг аж. Мөн 996 хүндэт донор бий.