Манай улсад ДОХ-оор 26 хүн нас баржээ

Дэлхийн “Засгийн газар” гэгддэг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дахь удаагийн чуулган саяхан Нью-Йорк хотноо болж өнгөрлөө. 2000 оны ээлжит хуралдаанаараа тэд Мянганы хөгжлийн есөн зорилт баталсны зургаа дахь нь ХДХВ/ДОХ-ын тархалтыг тогтоон барих, хязгаарлах асуудал байв. Үүний дараа жил нь 189 орон уг өвчний асуудлаарх тунхаглал баталж, 2015 он гэхэд ХДХВ/ДОХ-ын тархалтыг хязгаарлахаа амлацгаасан байдаг. Гэтэл 1981 онд ДОХ-той анхны өвчтөн бүтгэгдсэнээс хойш өдгөө дэлхий дахинаа 39 сая хүн энэ өвчнөөр нас барж, 36.9 сая хүн халдвар тээн амьдарч байна. Эдгээрийн 14.9 сая нь ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа аж. НҮБ-ын 70 дахь чуулганаар эл асуудлыг хөндөж, дэлхийн улсууд ч “хашралгүй” 2025 он гэхэд ХДХВ/ДОХ-ын тархалтыг бүрэн зогсоох ам өчиг өгчээ.

Тэгвэл манай улс 1992 онд ДОХ-ын халдвар тээгчийг анх бүртгэснээс хойш өнгөрсөн 23 жилийн хугацаанд нийт 187 хүн уг өвчнөөр өвджээ. Эдгээрийн 154 нь ХДХВ-ийн халдварын үедээ, 33 нь ДОХ-ын шатанд шилжсэн байхдаа оношлогдсон байна. Тэднээс 26 хүн нас барж, 142 нь ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгэж буй аж. ХӨСҮТ-ийнхний тооцоолсноор Монголд 800 орчим хүн ХДХВ-ийн халдвар авсан байх магадлалтай. Хэдийгээр манай улс ХДХВ/ДОХ-ын тархалтыг бага түвшинд тогтоон барьж чадсан гэж дэлхийд үнэлүүлдэг ч нөгөө талаараа “ДОХ-той хүмүүсийг тоолж суухаас өөр ажилгүй” гэж шүүмжлүүлэх нь бий. Тиймдээ ч НҮБ Монгол Улсыг тархалт багатай ч өндөр эрсдэлтэй орны тоонд оруулсаар байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)