Манай Т.Батсүх, Г.Заяа нар энгэрээ мялаалаа

Зүүн гар талаас Г.Заяа, Т.Батсүх

Үндэсний их баяр наадмаар олон байгууллагад шагналын хур буусан билээ. Манай байгууллагын нягтлан, нярав хоёр ч мөн ажил хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлж, энгэрээ мялаасан юм. Монголын үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонин, unuudur.mn вэб сайт, “The UB post”, “25 дугаар суваг” телевиз зэрэг хэвлэл мэдээллийн олон хэрэгслийг багтаасан “Монгол ньюс” компанийн нярав Түмээгийн Батсүх Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, нягтлан бодогч Гончиглодонгийн Заяа Санхүү банкны тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр шагнууллаа. Т.Батсүх наадмын өмнөхөн шагнуулсан бол Г.Заяагийн хүндэт тэмдгийг “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшиг энгэрт нь зүүж өгөв.

Олон жил үр бүтээлтэй ажиллаж, залуучууд бидэнд үлгэр дуурайл болж яваа тэдний амьдралын замнал, ажил мэргэжлийн онцлог өөр ч тоолбол нас, төөлбөл бие чацуу. Г.Заяа эгчийг бид “Зоояа” гэж дууддаг юм. Намайг “Өнөөдөр” сонинд ороход л бүгд ингэж нэрлэдэг байсан учраас олонхын жишгийг дагасан нь тэр. Харин салбарынхаа тэргүүн болоод баярлаж суухад нь хэсэг хором ярилцахдаа нэгэн нууц илрүүлсэн шүү. Зоояа эгч маань ОХУ-ын Буриадын Чита мужид мэндэлсэн учраас Зояа гэж нэр хайрлаж. Социализмын үед орос нэрнээсээ татгалзахаас өөр аргагүйд хүрч, Заяа хэмээн өөрчилжээ. Одоо энэ алдар нь албан бичигт л хэрэглэгдэхээс биш, бүгд л Зоояа гэнэ.

Тэрбээр 1972 онд Санхүү эдийн засгийн техникумыг нягтлан бодогч мэргэжлээр төгсөж, Ноосон нэхмэлийн үйлдвэрт тооцооны нягтлангаар ажиллажээ. Тэнд тасралтгүй ажиллаж байгаад ахлах, ерөнхий нягтлан бодогчоор дэвшсэн байна. Харин 2002 оноос “Монгол ньюс” компанид өнөөг хүртэл ажиллаж буй. Инженер, эдийн засагч гэсэн давхар “дээлтэй”.

“Салбарын тэргүүний ажилтан гэдэг санхүүгийн албаныхны хүсэн мөрөөддөг хүндтэй шагнал. Энэ шагналыг хүртсэндээ их баяртай байна. Намайг дэмжин өдий зэрэгтэй ажиллуулж байгаа байгууллагын удирдлага, сайхан хамт олондоо үнэхээр их баярлалаа. Нягтлан бодогч гэхээр л хэдэн тоо эргүүлж суудаг гэж зарим хүн боддог байх. Хамгийн няхуур нямбай, чанга байх ёстой, алдаа гаргах эрхгүй, хариуцлага өндөртэй нарийн мэргэжил юм шүү” хэмээн тэрбээр ажил мэргэжлээрээ бахархан ярив.

Аливаа байгууллагын нягтлан, нярвууд хатуу ширүүн ааштай, гар чангатай байх нь түгээмэл. Ажил мэргэжлийнх нь онцлог учраас арга ч үгүй биз. Харин манай Зоояа эгч “их хөөрхөн”. Бид бас л ингэж өхөөрддөг. Яагаад ийм зөөлөн, сайхан зантай байдгийг нь ч асуугаад амжсан. Тэрбээр “Анх сургуулиа төгсөөд Нэхмэлийн үйлдвэрт ажиллаж байхдаа 1000 гаруй ажилчдын цалин тооцоог боддог байв. Тэр үедээ ч ширүүн байсан шүү. Ер нь нягтлан хүн их зөөлөн байж болохгүй. Чамбай байх хэрэгтэй. Нас ахиад ирэхээр зан зөөлрөөд, сэтгэл уярдаг юм байлгүй дээ. Том байгууллагын хөрөнгийг хариуцаж байгаа хүн их үүрэг, хариуцлага, итгэл хүлээдэг. Энэ их итгэл хайрласан хамт олондоо дахин баярласнаа хэлье” хэмээв.

“Хоол, унааны мөнгөө” аваарай хэмээн биднийг үргэлж баярлуулдаг хүн бол Зоояа эгч. Тиймээс бүгд л түүнд хайр зарладаг. Санхүүгийн салбарт 46 дэх жилдээ хүчин зүтгэж буй Зоояа эгчид маань салбарын тэргүүний хүндэт тэмдэг арай хожимдож ирэв үү гэж бодогдсоныг нуух юун. Харин 2014 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан болсон шүү. Өглөө бүр сониноо гарчиглан ажлаа эхэлдэг түүний амьдралын салшгүй хэсэг нь мэдээж сонины шарласан хуудас биз ээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан Т.Батсүх эгчтэй бид өдөр бүр таараад байдаггүй юм. “Өнөөдөр” сониныг өлгийдөн авдаг хэвлэх үйлдвэрт суурин ажилладаг учраас тэр. Хэр “царайлаг” сонин “төрөх” нь түүний ажлаас шалтгаалдаг гэхэд болно. 2003 оноос буюу 15 дахь жилдээ “Монгол ньюс” компанид ажиллаж буй тэрбээр улсад 46 дахь жилдээ зүтгэж явна. Анх 16 настайдаа “Говийн хөгжил” нэгдлийн гишүүнээр элсэн малчин болжээ. Нэгдэлд 20 жил ажилласан түүнд төр, засаг аймгийн аварга, БНМАУ-ын залуу аварга, төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хайрласан билээ. Уг одонг 22-хон настайдаа Ю.Цэдэнбал даргаас гардаж авсан нь ховор тохиол биз ээ. Илгээлтийн эздийн анхдугаар уралдаанд түрүүлж, улс, хувьсгалын 58 жилийн ойн баярыг үзэх урилга авч, оролцохдоо Ю.Цэдэнбал даргатай нүүр тулж, “Алтан гадас” энгэртээ гялалзуулсан гэнэ лээ.

Говь-Алтай аймгийн Шарга сумын малчин эмэгтэй ийн бичиг цаастай амьдралаа холбосон нь мөн хувь тохиол биз. “Өдөр тутмын мэдээллээ сониноосоо авчихна. Сайхан хамт олноороо бахархаж байна. Хүний амьдралд гэр бүл, дараа нь хамт олон хамгийн эрхэм. Нэг эхлүүлсэн ажлаа дуусгаж байж л санаа амардаг зантай. Тиймээс сониноо чанартай, өнгө зүс сайтай, алдаа мадаггүй гаргахын төлөө хичээж ажилладаг. Хүн ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж чадвал үр дүн нь заавал гарна. Миний өчүүхэн хөдөлмөрийг үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан төр, засаг, ажлын хамт олондоо маш их баярлаж байна. Та бүхний минь ажил, амьдрал улам дээшилж хөгжих болтугай” хэмээн Т.Батсүх эгч ярив.

Үйлдвэрээ зогсолтгүй ажиллуулахын тулд сэлбэг хэрэгсэл, материалаа бэлэн байлгах хүндхэн хэрнээ хариуцлагатай үүргийг Батсүх эгч хүлээнэ. Өдөр тутмын сонины өрнүүн амьдрал ихэвчлэн 21.00-22.00 цаг хүргэж л дуусна. Ингээд сониноо хэвлэлтэд шилжүүлэхэд тэдний ажил ид өрнөдөг юм. Шөнө хугаслан ажилладаг ч Батсүх эгч залуучуудаас ер дутна гэж үгүй. Хэвлэх үйлдвэрийнхээ өндөр ээж болсон тэрбээр удахгүй Гавьяат болж, бид бүхнийгээ баярлуулах биз ээ.


Бэлтгэсэн: Ч.Болор


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)