“Манай сонгуулийн хэсэг дээр аварга ялсан” гэж ханхайж суух АЙМАГ, СУМЫН “БАТ-ЭРДЭНЭ” ТА САЙН БАЙНА УУ

Монгол бол бөхийн орон. Жил бүрийн долдугаар сарын 11-ний Улсын баяр наадмаар 336 сум тус бүрт 64, хорин нэгэн аймаг тус бүрт 128 хүчтэн, улсад 512, нийт 24704 бөх барилддаг. Энэ нь хамгийн олон 20 мянган оролцогчтойгоороо дэлхийд гайхуулдаг Нью-Йоркийн марафоноос цараатай том билээ. Тиймээс ч Монгол бөх Гиннесийн номд орсон болой. Монгол бол бөхийн орон. Хүү төрвөл бөх болно гэж хөөрцөглөдөг. Монголчууд бөх хүн орж ирэхэд гэрийн жавар ариллаа гэж бэлгэшээдэг ард түмэн. 

МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуульд ялах нэг давуу тал нь энэ нөхцөл гэж улс төр судлаачид үзэж байгаа. Судлаачид ямар сонгогчид байна тийм л сонгогдогч байна гэсэн бичигдээгүй хуулиар бөхийн орны Ерөн-хийлөгчөөр бөх хүн сонгогдоно гэж шууд утгаар нь ийм дүгнэлт гаргаагүй байх. Сум, аймагтаа л Бат-Эрдэнэ болсон 24192 бөх Чингис хааны аравтын зарч¬маар ажиллаж аваргыг дэмжих 10 сонгогч, авгай хүүхэд нь дахиад 10 сонгогч пиардаад нийт 483820 санал баталгаатай гэж улс төрийн вакуумжсан дүгнэлт хийсэн болов уу. 

Судалгааны дүн мэдээлэх сүүлчийн хугацаа зургадугаар сарын 18-ны шөнийн 00 цагаар дууссан. Тэр өдөр гарсан судалгаагаар бол “Ерөнхийлөгч-2013”-д АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Улаанбаатарт 56-58 хувийн санал, хөдөө орон нутагт 51-53 гэсэн үзүүлэлтээр шууд сонгогдох прогноз гарчээ. Улс төрийн шинжээч, алдар цуутай судлаачид бүгд л Ц.Элбэгдорж шууд ялна гэж дээр дурдсан тоог хэлэх атлаа “гэнэтийн юм бол болохгүй бол шүү” гэж гуя дагуулж хүзүү шидэж байна. 

МАХН-ын нэр дэвшигч хатагтай Н.Удвалыг дэмжигч нөхөд дээрх өгүүлбэрийг сонгуулийн санал тоолох машины программ гацахтай холбон мушгин ойлгож байна. Бөхийг шимтэн үзэгч бид, хэрэглэгдээгүй байхдаа хэрэгтэн болж хэлмэгдээд байгаа хар машин шударга ажиллана гэхэд итгэлтэй байгаа. Сонгуулийн ерөнхий хорооныхон хар машин шударга, нэр дэвшигч гурав учраас гээд 1.9 сая саналын хуудаст бүгдэд нь Ц.Элбэгдоржийг нэг нойморт тавьсан нь сонгогчдод, итгэл үнэмшил төрүүлсэн маш зөв шийдвэр гэж ойлгогдож байна. “Ц.Элбэгдорж ялна” хэмээх гуяа дагасан “гэнэтийн юм бол болохгүй бол шүү” гэсэн хүзүү нь ямар ч байсан хар хайрцаг биш. 

Харин АН-ын сурталчилгаанд орсон таван аварга цаагуураа Б.Бат-Эрдэнийг ялаасай гэж дэмжиж байгааг бөх сонгогч, бүх сонгогч мэдсэнээр “гэнэтийн юм болж сонгогчдын санал савалбал” гэсэн утга гэж ойлгогдож байна. 

Олимпийн аварга Н.Түвшинбаяр, дархан аварга Ж.Мөнхбат, сүмо бөхийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, АН-ын хуучин гишүүн дархан аварга Х.Баянмөнх, шинэ гишүүн даян аварга А.Сүхбат нар нь улс төр, эдийн засгийн шахааны барьцанд орсон учраас аргагүйдсэн бололтой. Сурталгаажуулагдсан дээрх аваргууд нь Монгол бөхийн нэр хүндийг гэрийн хоймроос Улсын хойморт аваачих Б.Бат-Эрдэнийг Ц.Элбэгдоржоос IQ муутай гэж үзсэндээ биш гэдэг нь тодорхой. 

Одоогийн Ерөнхийлөгчөөс энэ таван аварга дунджаар 7.2 хувь өндөр юм билээ. Тэгэхээр аваргуудын хүзүү төрийн тэргүүнээс дунджаар бас 7.2 хувь урт байж таараа. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж телевизийн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо хүзүүгүй хүн ухаантай, тархи нь зүрхтэйгээ харьцангуй ойрхон учраас цусны эргэлт нь богино зай туулна. Цусан хангамж сайн байна гэдэг хүний тархинд хүчилтөрөгчийн хангалт сайн байна гэсэн. Хүчилтөрөгчийн дүүргэлт сайн болохоор сэтгэн бодох чадвар сайтай байдаг тухай ярьсан. Нэвтрүүлгийн хөтлөгч Б.Лхагвасүрэн найрагчийг “Та ухаантай байхаас аргагүй хүн байна. Над шиг хүзүүгүй юм байна” гэж шинжсэн билээ. Аваргууд АН-ын нэр дэвшигчээс 7.2 хувь урт хүзүүтэй, 7.2 хувиар ухаан муутайгаараа дуудуулчихаад түүнийг чин сэтгэлээсээ дэмжинэ гэж юу байх вэ. Ёстой, Ц.Элбэгдоржоос 7.2 хувиар тэнэг л биш бол. 

Олимпийн аварга Н.Түвшинбаяр бол монголчууд бидэнд Бурханаас хайрласан бэлэг. Германууд алдарт хөлбөмбөгчин Беккенбауэрыгаа Ертөнцийн эзнээс явуулсан бэлэг гэж үздэг юм билээ. Түүнийг залуу зандан насандаа ёс суртахуунгүй яриа гаргахад уучилж байлаа, эхнэрээ солиход муушаахгүй байлаа. Жирийн герман ингэсэн бол асуудлыг ярина, шүүнэ. Харин Бурханы элчийг шүүхгүй. Зөв санаа, зөв бодол, зөв үйлтэй явах нь элчийн өөрийн асуудал гэж үзнэ. Германы ард түмэн түүнийг, хөлбөмбөг гэдэг спортоор дамжуулан Германыг дэлхийд алдаршуулсан учраас Бурханы элч гэж одоо ч үзэж байдаг. Бусад оронд ч спортын алдартнаа ийм жишгээр хүндэлдэг. Н.Түвшинбаярыг сондгой өнцгөөс сонжих нь байтугай солжир үг хэлэх, ухаан заах эрх бидэнд байхгүй. Ачтан буянтан олон чиг аавыг үл гүйцэх, энэрэл буянтан олон чиг ээжийг үл гүйцэх. Үл гүйцэхийн дараагийн ачтан бол багш. Бурханы шашинтай монголчууд гурван эрдэнийн нэг багшид мөргөдөг билээ. 

Олимпийн аварга-Бурханы элч Н.Түвшинбаяр нь эдийн дээд хадаг, идээний дээж айраг барьж Б.Бат-Эрдэнэ аваргад шавь орсон нэгэн. “Аварга” дээд сургуулийн төгсөгч түүнийг “Гиннес-2011” барилдаанд 6016 бөхөөс шөвгийн 24-т шалгарахад нь “Багшийнх нь даваа ханалаа. Шөвгийн 12 бөхийн дотор нэр чинь бичигдвэл дэлхийд Монголоо мандуулсан алдарт чинь чимэг болох болов уу” гэж амлан барилдаж өвдөг шороодсон. Тэгэхээр Бурханы элч Н.Түвшинбаяр өөрийн багшийг Төрийн тэргүүн болгохгүй гэж чин сэтгэлээсээ явж байгаа гэвэл чин үнэнээсээ худлаа. 

Даян аварга А.Сүхбат нь дархан аварга Б.Бат-Эрдэнийн эсрэг явах жудаггүй нэгэн биш. 2001 оны наадмын 1024 бөхөөс есийн даваанд Г.Өсөхбаяртай “түүхэн барилдаан” хийж үзүүр түрүүнд Б.Бат-Эрдэнэ аваргатай шалгарсан. А.Сүхбат нь арслан цолтой байсан бөгөөд Б.Бат-Эрдэнэ аваргыг давхар шуудагдахад биеэ чангалж хөшөөд нэг гарын сарвууг нь цуулчихсан юм. Аварга гэмтлээсээ болоод хүч гарган мэх хийж чадахгүй байсаар шодолтоор А.Сүхбатад хаялцах барьц сонгуулан унасан. Б.Бат-Эрдэнэ аварга зүлэг ногоон дэвжээн дээр хэл ам хийж, эмнэлгийн акт тогтоолгон түүний 10 давсан түрүү, аварга цолыг хураалгах вий гэж А.Сүхбат чичирч байлаа. Жудаг сайтай дархан аварга шууд тахимаа өгсөн бөгөөд баярласан А.Сүхбат туг тойрсныхоо дараа түүний зүүн мөрнөөс адис авч билээ. (Энэ нь “Монгол бөх” CD-нд гарч байдаг). 

Наадмын дараа Б.Бат-Эрдэнэ аварга хэд хоног гипстэй явсан бөгөөд Үндэсний их баяр наадмын комисст хандаж хэл ам гаргаагүй. А.Сүхбат АН-ын шинэхэн гишүүн гэдгээрээ шахаанд орж Ц.Элбэгдоржийг дэмжсэн байх. Тэрээр бөхийн цолондоо мөн ч хайртай хүчтэн шүү дээ. 2004 онд  Х.Баянмөнх багшийнхаа хүү Б.Гантогтохтой үзүүр түрүүнд шалгарахдаа бууж арслан болголгүй, аварга цолоо далай (хожим даян) аварга болгож байсан бөх. Үүнээс харахад 10 давсан түрүү, аварга цолыг нь хураалгаагүй Б.Бат-Эрдэнийн эсрэг явна гэж байхгүй. Цаагуураа бол дэмжиж л байгаа. Б.Бат-Эрдэнэ аварга “Би зургаан заанд бүгдэд нь дэмжлэг үзүүлж байсан” гэж ярьсан билээ. Түүний яриаг даян аварга А.Сүхбатын “Аварга бол бусдыг ойлгож, бас эвлэрч чаддаг хүн. Бид сайхан ойлголцсон. Одоо би аваргатайгаа сайхан эвлэрсэн.Хойшид бид хоёрын дунд иймээ тиймээ юм байхгүй болсон” гэж өгүүлснээр баталгаажуулж болно

  Асашёорюү аваргыг чин санаанаасаа Б.Бат-Эрдэнийг сонгуульд унагахаар явж байна гэвэл энүүн шиг том эндүүрэл байхгүй. Нагац ах 1934 оны улсын наадмын түрүү бөх Х.Дэлэг, төрсөн эцэг Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэн, төрсөн дүү улсын начин Д.Сэржбүдээ, төрсөн ах Монгол Улсын аварга, МАН-аас нэр дэвшин УИХ-д гишүүнээр сонгогдон саяхан тангаргаа өргөсөн Д.Сумъяабазар, өөрөө 1996 оны улсын наадмын Хүүхдийн барилдааны түрүү бөх, мэргэжлийн сүмогийн 68 дахь аварга… энэ өгүүлбэрийг уншихад л МАН, түүний нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг нь биш гэхэд аварга цол, Монгол бөхийг хүндэтгэж үзэхээс аргагүй нэгэн нь харагдаж буй. 

Дархан аварга Х.Баянмөнх АН-ын хуучин гишүүн гэдгээрээ шахаанд орж Ц.Элбэгдоржийг дэмжсэн кадрт зургаа авахуулсан байх. 1980-аад онд “дараагийн аварга хэн бэ” гэж асуухад “Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ” гэж нэрлээд түүнийг бүхий л талаар дэмжиж ирсэн. Х.Баянмөнх аварга “Хүмүүс аварга гэхээр том биетэй хүмүүс л гэж ойлгодог. Тэгвэл Б.Бат-Эрдэнэ аварга тусгай ухаантай, тусгай чанартай хүн гэдгээ харуулсан хүн. Би түүнийг ид барилдаж байхад нь өөрийн мэдлэг, чаддагаа зөвлөдөг байсан. Хожим улстөрч болсон хойно нь монголчуудынхаа төлөө санаж бодох зүйлийн талаар, хууль тогтооход юуг анхаарах вэ гэх мэтчилэн бишгүй л үг хэлдэг. Б.Бат-Эрдэнэ аварга миний хэлснээр биш юм гэхэд миний амьдралын сургаалаар явж байгаа хүн. Тэр бол бөхийн ертөнцөд, улс төрийн дэвжээнд ер нь хаана ч алдаа гаргахгүй, аваргаараа яваа хүн” гэж дэмжээд байгаа. 

Дархан аварга Ж.Мөнхбат аварга 1941 онд төрсөн, могойтой, энэ онд 73-ны жил нь орж буй. Бурханы шашинтай тэрээр Х.Баянмөнх аваргатай сүүлийн 40 жилийн турш халх, дөрвөдөөр дуудалцан Монгол бөх, улмаар монголчуудыг баруун зүүнээр хагалахад том гэм хийснээ наминчилж Ховд нутгийн нэр дэвшигчийг дэмжив бололтой… Зургадугаар сарын 26 бол гурван нэр дэвшигчээс хэн нь Монгол Улсын эв нэгдлийн бэлгэ тэмдэг Ерөнхийлөгчид тэнцэх вэ гэдгийг хар хайрцгаар тодруулах сонгуулийн өдөр. Бас бөхийг шимтэн үзэгч бидний хувьд Монгол бөхийн 33 шинж бүрдсэн сум, аймагтаа л Бат-Эрдэнэ болсон 24192, дээр нь улсад зодоглох 512, нийт 24704 бөхийн IQ-г эчнээ тодорхойлох өдөр болно. 

Б.ЕРЭНТЭЙ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)