Манай сагсчид Токиог зориход ойрхон боллоо

“Улаанбаатар ММС энержи” баг Mongolian 3x3 Basketball Association/MGL3x3

АНУ-ын Лос Анжелес хотод өнгөрсөн долоо хоногийн бямба, ням гарагт FIBA 3х3 Их дуулга тэмцээнд “Улаанбаатар ММС энержи” баг оролцож, дэлхийн шилдэг 12 багтай өрсөлдлөө. Их дуулга нь олимпын эрхийн хамгийн өндөр оноо олгодог тэмцээн. Манай баг А хэсэгт дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Арабын Нэгдсэн Эмират улсын “Нови Сад” болон Швейцарын “Лузанн” багтай таарсан. Улмаар “Лузанн”-ыг хожсоноор манайхан шилдэг наймд шалгарав. Энэ Их дуулгад үзүүлсэн амжилт нь мэргэжлийн багуудын чансаанд байраа ахиулах манай багийн оноонд чухал нөлөөтэй байлаа. 

Шөвгийн наймд “С” хэсгийг хоёр хожлоор тэргүүлсэн Словенийн “Пиран”-тай учраа таарав. Тэд гурван долоо хоногийн өмнө БНСУ-ын Иньжэ-гүньд болсон чэлленж тэмцээний хагас шигшээд манай сагсчдыг 17:15-аар буулган авсан бол харин энэ удаа манайхан даагаа нэхэж, 16:13-гаар илүүрхэн өрсөлдөгчөө тэмцээнээс хасав. Ийн өнгөрсөн долоо хоногийн ням гарагт “Пиран” багаас хариугаа авсан манай сагсчид “Их дуулга”-д IV байр эзэлж, 8000 ам.долларын урамшуулал хүртлээ. Тэмцээнд түрүүлсэнийг 30, дэд байр эзэлсэн багийг 20, гутгаар байрт шалгарсныг 12 мянган ам.доллароор шагнасан.

Дэлхийн их дуулгад Ази тивээс ганцаараа эрх авч орсон манай баг шилдэг дөрөвт, Сербийн хоёр, АНУ-ын нэг багтай үлдсэн нь бахархам. Монголын сагсан бөмбөг сонирхогчдыг чамлахааргүй амжилтаар баярлуулсан “Улаанбаатар ММС энержи” баг өмнө нь Филиппиний Манилад болсон дэлхийн гран при, БНСУ-ын Иньжэ-гүньд зохион байгуулсан 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд III байрт шалгаран хүрэл медаль хүртэж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)