“Манай компани 6353 ккал илчлэгтэй, баяжуулсан нүүрс нийлүүлсэн”

Сайжруулсан түлшийг тойрсон үйл явдлууд өрнөж, сайн, муу мэдээ дуулдсаар байна. Өчигдөр болсон, түлш тойрсон үйл явдлуудыг тоймлон хүргэе.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Иргэд амиараа хохирч байхад зургаан тэрбум төгрөгийн өртөг бүхий, угаарын хэмжээг тодорхойлдог төхөөрөмж тараан, туршилтаа үргэлжлүүлэх нь буруу гэж тус холбооны гишүүд үзжээ. Харин үүний оронд сайжруулсан түлшнээс ялгардаг угаарын хий хүний аминд сөргөөр нөлөөлөхгүй гэсэн баталгаа гаргаж, иргэдэд стандартын зуух авч өгөх нь зөв гэсэн. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүн Ц.Одонтунгалаг “Сайжруулсан түлш хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг нуун дарагдуулсан хүн хариуцлагаа хүлээх ёстой. 

Тиймээс бид буруутай этгээдийг тогтоож, түүнд хариуцлага хүлээлгэн, өөр гарц шийдэл хайхыг Ерөнхий сайдаас шаардаж байна. Жил бүр угаартаж амиа алдах тохиолдол гардаг гэж буруутай үйл ажиллагаагаа эрх мэдэл бүхий албан тушаалтнууд зөвтгөж байгаа нь ноцтой асуудал” гэв. Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаар хэмжигч төхөөрөмж авах хөрөнгийг гаргах болсон нь салбарын бусад ажлыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж болзошгүй аж. Тиймээс хөрөнгө зарцуулахгүйгээр ямар нэг арга хэмжээ авах шаардлагатайг тус холбооны гишүүд онцлов.

Угаарын хэмжээг тодорхойлдог төхөөрөмж суурилуулсан ч гэртээ ганцаараа үлдсэн хүүхэд дуут дохионд нь сэрэхгүй, ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй байх эрсдэлтэй. Тиймээс угаарын хэмжээг тодорхойлдог бус, шүүж, цэвэршүүлдэг төхөөрөмж тараах нь үр дүнтэй гэлээ. Хүүхдүүдийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалахын төлөө Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүд нэгдэж буй нь энэ аж.

“ЧАНДМАНЬ” ЗУУХ ТҮЛШИЙГ БҮРЭН ШАТААДАГ УЧРААС УГААРЫН ХИЙ ЯЛГАРУУЛАХГҮЙ”

Иргэд утааг бууруулах ажилд нэгдэхийн зэрэгцээ бизнесээ өргөжүүлэх “боломж”-ийг алдахгүйг хичээж буй бололтой. “Сайжруулсан түлшнээс ялгарах угаарын хийнд хордож, иргэд амиараа хохирч буй нь дутуу шаталттай холбоотой” гэж “Ногоон шуурга” компанийнхан өчигдөр мэдэгдэв. Тус компанийнхан 15 жил зуух үйлдвэрлэж, борлуулсан аж. Улмаар Засгийн газрын 62 дугаар тогтоолтой холбогдуулан “Чандмань” зуухыг 2017 онд баталсан стандартын дагуу БНХАУ-ын инженерүүдийн тусламжтай үйлдвэрлэснээ олон нийтэд зарлав. “Чандмань” зууханд түлсэн түлш хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй гэдгийг тус компанийнхан хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо.

АЙЛЫН ЗУУХ ДЭЛБЭРЧЭЭ

Энэ сарын 8-нд Сонгинохайрхан дүүрэгт байрладаг айлын пийшин дэлбэрсэн бол Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд амьдардаг өрхийн нам даралтын зуух уржигдар 18.00 цагийн орчимд “бууджээ”. Тэд сайжруулсан түлшээр галласан аж. Баянзүрх дүүрэгт гарсан хэргийг тодруулахад, байшингийн хаалга болон бусад эд хогшил эвдэрсэн ч золоор хүний амь эрсдээгүй гэнэ. Дуудлагын дагуу холбогдох албаныхан дээрх айлуудад очиж, сайжруулсан түлшинд шинжилгээ хийхээр болжээ.

ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ШАЛГУУЛАХАД БЭЛЭН ГЭВ

“Энержи ресурс” компанийн экспортод гаргадаг нүүрсийг хүхрийн агууламж өндөртэй, барьцалдуулагч бодисын чанар нь анх танилцуулсан байдлаасаа зөрсөн гэж Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдсэн. Түүний мэдэгдэлтэй холбогдуулан “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл өчигдөр хэвлэлийн бага хурал зарлав. Тэрбээр “Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд утааг бууруулахад хувь нэмэр оруулж, төр засгаас тавьсан хүсэлтийн дагуу “Тавантолгой түлш” компанийнханд 800 000 тонн угаасан нүүрс үнэ төлбөргүйгээр нийлүүлсэн. Гэтэл одоо хаягдал, чанаргүй бүтээгдэхүүн өгсөн болж хувирлаа.

Биднээс нүүрс авахдаа бүх шалгалт, шинжилгээ хийж, шаардлага хангасан гэж Гаалийн ерөнхий газрын Гаалийн төв лабораторийнхон магадлан шинжилгээний дүгнэлт гаргасан. Шинжилгээнд коксжих чанаргүй, баяжуулсан нүүрс, 6353.5 ккал илчлэгтэйг дурдсан байгаа. Дахиад шалгуулахад ч бэлэн. Ийм өндөр хэмжээний илчлэгтэй хог гэж байдаггүй юм. Хэрэв бид 800 000 тонн нүүрсийг экспортолсон бол ойролцоогоор 12 сая ам.доллар олох боломжтой байсан. Биднээс авсан нүүрсээ дахин боловсруулж, өөр бодистой урвалд оруулдаг. Юугаар баяжуулж, яаж тээвэрлэснийг нь бид мэдэхгүй. Тиймээс үүнээс үүдсэн асуудал манай нүүрстэй холбоогүй. Утааг бууруулах ажил улстөржиж байгаад харамсаж байна” гэлээ. Багануур, Налайхын нүүрс гэхэд 3000 орчим ккал илчлэгтэй аж. Түүнийг дахиж боловсруулахын тулд угаах шаардлагатай учраас илчлэгээ хоёр дахин алддаг юм байна.

Бэлтгэсэн: Г.Баясгалан, М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)