Манай гараг 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийгүй болох нь

НҮБ уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарал

АНУ-ын Нью-Йорк хотод болсон уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр 66 улс, 10 бүс нутаг, 102 хот, 93 компани, 12 хөрөнгө оруулагч 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийнээс бүрэн ангижрах, өөрөөр хэлбэл, уг хорт хийг огт ялгаруулахгүй байх талаар арга хэмжээ авах үүрэг хүлээв. Тус уулзалтын өмнө зохих баримт бичигт гарын үсэг зурсан тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийн ажлын хэсгээс эш татан “France-Presse” мэдээллээ.

Манай гаргийн агаарын температурын өсөлтийг энэ зуунд үйлдвэржихээс өмнөх үеийн түвшнээс хоёр градусаас илүү нэмэгдүүлэхгүй байх үндсэн зорилготой, 2015 онд баталсан Парисын уур амьсгалын хэлэлцээрт энэ сарын байдлаар 186 улс нэгджээ. Уг баримт бичигт манай хойд хөрш 2016 оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан ч заалтуудыг нь ОХУ хэрэгжүүлэх тухай тогтоолыг Ерөнхий сайд Дмитрий Медведев нь даваа гарагт баталсан байна.

“ОХУ уг хэлэлцээрт нэгдсэнийг сонсоод их баяртай байна. Уур амьсгалын талаар манай гараг амжилт олж байна” гэж Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон Нью-Йоркийн дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэхдээ мэдэгдэв.

Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө улам газар авсаар байгааг дээрх уулзалтын өмнө танилцуулсан Дэлхийн цаг уурын газрын тайлан харуулжээ. Тухайлбал, 2014-2019 онд далайн түвшин хурдацтай дээшилж, нүүрстөрөгчийн хий хамгийн их ялгаруулсан байна. Тус газрын мэргэжилтнүүд хорт хийн ялгарлыг бууруулах талаар яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг онцолжээ. Уг баримт бичгээс үзвэл агаарын температур 1850 оноос хойш 1.1, 2011-2015 онд 0.2 хувиар нэмэгдсэнийг уг тайланд тэмдэглэжээ. Тэрчлэн далайн түвшин 1993 оноос хойш жил тутам 3.2, 2014-2019 онд таван миллиметрээр нэмэгдсэн байна.

НҮБ-ын уулзалтын гол зочин нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, Шведийн идэвхтэн охин Грета Тунберг байлаа. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой тэмцээгүй хэмээн дэлхийн удирдагчдыг зэмлэсэн байна. “Та нарын хий хоосон үгс хүсэл мөрөөдөл, хүүхэд насыг минь хулгайлсан” гэж өдгөө 16 настай тэрбээр хэлээд, нэн даруй арга хэмжээ авахыг дэлхийн удирдагчдад уриалан, “Хүүхдүүд бид та нарыг харсаар байх болно” хэмээв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутеррешийн зохион байгуулсан уулзалтад 60 орчим орны төр, засгийн тэргүүн оролцсоны дунд алгасах төлөвтэй байсан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп төлөөлөгчдийн дунд 10 гаруй минут суусан гэнэ.

Орчин үед уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь дэлхийн эдийн засгийг амжилттай хөгжүүлэх зайлшгүй нөхцөл болсон бөгөөд энэ тэмцэлд хамтын хүчин чармайлт гаргахыг олон улсын хамтын нийгэмлэгээс шаардаж байна гэж манай урд хөршийн Гадаад хэргийн сайд Ван И хэлжээ. Хятад улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх гол стратегиа баримталж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ чанд мөрдөхийг тэрбээр цохон тэмдэглэжээ.

Нөгөөтээгүүр, их хэмжээний түймэрт өртсөн Амазон зэрэг халуун орны ширэнгэн ойг хамгаалахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ олон улсын донор орнууд амласан байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд болсон уур амсгалын уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон болон бусад орны төрийн тэргүүн нар дээрх уриалгыг гаргав. Уулзалтад Амазоны ширэнгэн ойн зарим хэсэг оршдог Боливи, Колумбийн удирдагч нар оролцжээ. Франц улс Амазоны ойг хамгаалахад 100 сая, Герман 250 сая ам.доллар хандивлахаа мэдэгджээ. “Бүх улс Бразилтай хамтран ажиллахыг хүсэж байна. Байгаль орчноо хамгаалах үйл хэрэгт Бразил хичээл зүтгэл гаргана хэмээн найдаж байна” гэж Э.Макрон хэлэв. Ташрамд дурдахад, Амазоны ширэнгэн ойн дийлэнх хэсэг оршдог Бразил улс Францтай маргаантай байгаагийн улмаас тус уулзалтад оролцоогүй гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)