Манай гарагт уур амьсгалын онц байдал үүсжээ

Дэлхийд уур амьсгалын онц байдал нүүрэлсэн тухай 153 орны 11 мянга орчим эрдэмтэн сайшаасан судалгаанд тэмдэглэжээ. 40 жилийн мэдээлэлд тулгуурласан эл судалгаанд Засгийн газрууд уг асуудлыг зохицуулж чадахгүй, эрс өөрчлөлт хийхгүй бол хүн төрөлхтөнд дүрслэхийн аргагүй зовлон шаналал нүүрлэж буйг дурдсан байна. Хиймэл дагуулын мэдээллээс үзвэл өнгөрсөн аравдугаар сар урьд өмнө нь байгаагүй хамгийн дулаан сар болжээ. Харин дээрх судалгаанд дурдсанаар дэлхийн гадаргуугийн температурыг хэмжих нь дулаарлаас учрах аюулыг тодорхойлоход хангалтгүй аж. Тиймээс судлаачид уур амьсгалын өөрчлөлтийн өнгөрсөн 40 жилд гарсан томоохон нөлөөнүүдийн талаарх мэдээллийг цуглуулсан гэнэ. Үүнд хүн амын болон амьтдын тоо толгой өссөн, дэлхий даяар ой бүхий талбайн хэмжээ хумигдсан, шатахууны хэрэглээ нэмэгдсэн зэрэг үзүүлэлт багтжээ. Эдгээрийн дийлэнх нь сөрөг хандлага үзүүлсэн бөгөөд уур амьсгалын онц байдал нүүрлэхэд ихээхэн нөлөөлсөн байна. Зарим бүс нутагт ахиц дэвшил ажиглагдаж, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэн салхи, нарны эрчим хүчний хэрэглээ сүүлийн 10 жил 373 хувиар өссөн ч уг үзүүлэлт 2018 оны шатахууны хэрэглээнээс 28 дахин бага байжээ. Амин чухал үзүүлэлтүүдийн олонх нь уруудаж, уур амьсгалын өөрчлөлтөд нэрмээс болж буйг судлаачид тэмдэглэсэн байна.

“Хүн төрөлхтөн нүүрсхүчлийн хийгээ багасга, малын тоо толгойг цөөрүүлэх, газартай болохын тулд ой мод устгах, сэргээгддэггүй шатахууны хэрэглээгээ бууруулах зэрэг арга хэмжээ авахгүй бол бид одоо амсаж буйгаасаа илүү ноцтой байдалтай тулгарна. Манай гарагт хүн амьдрах аргагүй бүс нутгууд ч бий болж магадгүй” гэж Австралийн Сидней хотын их сургуулийн судлаач Томас Ньюсом хэлжээ. Судлаачид яаралтай хэрэгжүүлснээр томоохон өөрчлөлт оруулах зургаан салбарыг нэрлэсэн байна. Тодруулбал, эрчим хүчний салбарт шатахууны хэрэглээ буурахад нөлөөлөх хэмжээний өндөр татвар ногдуулж, компаниудад татаас өгөхөө зогсоож, байгаль орчныг хайрлан хамгаалах дадал хэвшүүлж, нефть, хийг сэргээгдэх эрчим хүчээр солих, богино хугацаанд бохирдуулагч намгийн хий, хөө тортгийн ялгарлыг бууруулснаар ирэх хэдхэн арван жилд дэлхийн дулаарлыг 50 хувиар багасгах аж. Байгаль орчны хувьд ой мод шатаах замаар газартай болох ажиллагааг зогсоож, нүүрстөрөгчийг устгадаг ой мод, зүлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүмүүс ургамал түлхүү хэрэглэж, амьтны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгаж, хоолны хаягдлыг бууруулах, нүүрстөрөгчийн түлшээ хэмнэж, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх, эд баялагт шунах хандлагыг өөрчлөх хэрэгтэй аж. Тэрчлэн өдөрт 200 мянга орчмоор нэмэгдэж буй дэлхийн хүн амын өсөлтийг тогтвортой болгох шаардлагатай аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)