Мал эрүүлжүүлэх бэлдмэл болон Дата төвийн бүтээгдэхүүнд Үндэсний инновацийн шагнал олгов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинжлэх Ухааны ажилтны өдрийг тохиолдуулан шинэ бүтээл, оновчтой санааг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэмтэн, баг хамт олонд “Үндэсний инновацийн шагнал” гардуулав. Энэхүү шагналыг “Гарааны ветбиотек” компанийн малын арьсаар хурдан тархаж хачиг, шимэгч хорхойг устган, цусыг цэвэршүүлж, эрүүлжүүлдэг  “Делтамон Пу-Рон” бүтээл, “Ай Түүлс” компанийн мэдээллийн эх үүсвэрийн аюулгүй байдлыг найдвартай хамгаалах үүрэгтэй “Дата төвийн бүтээгдэхүүн, үйлчилгээ”-нд тус тус олгож, дурсгалын цом 60 сая төгрөгийн мөнгөн шагналыг дагалдуулав.

Монгол хүний оюун ухаан, мэдлэг, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр бүтсэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, олон улсын стандартад хүрч, улс орныхоо нүүр царай, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал” олгодог юм.

Манай эрдэмтэн, судлаачдын бүтээл туурвил амжилт, ололтоор дүүрэн байж, дэлхийн түвшний чансаатай олон арван бүтээл туурвин, эх орныхоо хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр оруулахуйц шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг гаргасныг ерөнхий сайд онцоллоо. Мөн шинэ мэдлэг, технологийг зах зээлд нэвтрүүлсэн, шинийг санаачлагч, зохион бүтээгч, аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, санаачлагыг дэмжих, олон нийт, залуу үед үлгэр дууриалал болгох, бизнес эрхлэгчдийг шинэ амжилтад уриалж, шинэ технологи, инновацийг хөгжүүлэхэд Засгийн газраас өгч буй энэ шагнал чухал ач холбогдолтой юм гэв.

Монгол Улсын Засгийн газар улс орны ирээдүйн хөгжлийн гарц бол шинжлэх ухаанд суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх явдал гэж үзэж үйл ажиллагааны хөтөлбөртөө шинжлэх ухаан, инновацид зарцуулах төсвийн санхүүжилтийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлэх зорилт тавьж буй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)