Мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл ДЭМЖИГДСЭНГҮЙ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн санаачилсан "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ. Тус хуулийн төсөлд Мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг нэмэгдүүлэх талаар тусгасан байв. Гэвч энэхүү хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн 53 хувийн саналаар дэмжигдсэнгүй.

Хуулийн төслийн талаар өчигдөр УИХ-ын гишүүн З.Нарантуяа танилцуулахдаа бусдын малыг хүндрүүлэх нөхцөлтэйгээр хулгайлсан бол хорихоос өөр төрлийн ялыг оногдуулдаг байдлыг өөрчлөхөөр төсөлд тусгасан хэмээн тайлбарлав. Өөрөөр хэлбэл, бусдын малыг хулгайлсан бол  эрүүгийн ял оногдуулах зохицуулалт оновчтой хэмээн тусгажээ. Ингэхдээ захиргааны хариуцлага өмнө хүлээсэн болон өмнө хөнгөн ял шийтгүүлсэн этгээд дахин мал хулгайлах гэмт хэрэг үйлдвэл хүндрүүлэх нөхцөлд тооцдог байх журмыг тогтоох нь зүйтэй хэмээн үзжээ. Мөн “олон тооны мал” гэж заасныг хасна. Эрүүгийн хуулийн ерөнхий зарчмын дагуу хохирлыг тооцдог ердийн журмаар хохирлыг тооцдог болохоор төсөлд тусгасан байна. Энэ нь гэм буруугийн үйлдэлд хариуцлагыг ялгамжтай оногдуулах зарчимд нийцэх чухал зохицуулалт болно хэмээн үзсэн байна.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)