Мал, малчин хоёрын энэлэн: Малгүй маргааш ойрхон байна

Цасгүй, тогтуухан, нар ээсэн намрын налгар өдрүүдэд хөдөө явах ямагт таатай байдаг сан. Харин энэ удаа тийм байсангүй, цаанаа л гунигтай, хөндүүр болчихоод ирлээ. Холын томилолтоос гэрийн бараа харж, замын тоосноосоо салж амжаагүй байтал базсан лааз шиг болсон ачааны машин, тэр хавиар нэг тэрий хадсан бог мал хөглөрсөн нүд халтирч, зүрх шимширэм зурагтай, “Ховд аймагт зам тээврийн ноцтой осол болж, мал ачиж явсан том оврын машин онхолдон, хоёр хүн нас баржээ” гэсэн мэдээлэл бүр ч хямрааж орхив. “Арай нөгөө хэдийн нэг биш байгаа” гэсэн муу бодол тэрхэн зуурт зурсхийж, “Арай үгүй байгаа” хэмээн шивнээд өнгөрсөн нь өнгөрсөн долоо хоногт. Биднийг Баянхонгор аймгийн Баацагаан сумд ажиллаж байхад Говь-Алтай, Ховд, Завханд отроор өвөлжинө хэмээн хэдэн малаа ачааны машины тэвшинд чихэж аваад, өөрсдөө олигтой гэр орон ч үгүй шахам нутгаасаа гарсан малчин нэг биш таарсан юм. Омголтож, хатсан уруултай, онгож гандсан дээлтэй, харшиж ядарсан тэр хүмүүсийн гаргаж буй хүч, хөдөлмөрийнх нь төлөө, ард нь үлдсэн үр хүүхэд, ахуй амьдралынх нь төлөө, зорьсон газартаа саадгүй хүрч, хэдэн малаа онд мэнд оруулаад ирээсэй гэж битүүхэн залбирч явсан билээ.

Гэтэл “Манай аймгаас мал ачиж гарсан машин Ховдод осолдож гэнэ” гэсэн харуусалтай мэдээ араас ирж, дахиад л сэтгэл тавгүйтүүлэв. Эвий дээ, хэдэн малаа онд оруулах гэж, амьжиргааныхаа эх үүсвэрийг хамгаалж үлдэх гэж хөдөөнийхөн минь юу эсийг туулж, ямар хүнд нөхцөлд аж төрж байна вэ.

МАЛ, МАЛЧИН ХОЁРГҮЙ БОЛ МОНГОЛ ЭЗЭНГҮЙ

Монгол орны ихэнх нутаг энэ зун гандуу байв. Тэр дундаа Баянхонгор аймгийн 60 хувь нь гантай, 30 хувь нь гандуу, тавхан хувь нь зуншлагатай, мал, малчид халуун зунаар өвс ургамал, усны эрэлд гарч, өвөл, хавар хүндрэх нь нэгэнт тодорхой болсон. Мал, малчид хамгийн хүнд нөхцөлд байгаа газар бол Баянхонгорын говийн сумууд. Тиймээс байдал ямар байгааг сурвалжлахаар зориод, ирлээ.

Нийслэлээс 800 шахам км алслагдсан Баацагаан сум бидний очсон эхний газар. Төрийн шагналт Ч.Лхамсүрэн, П.Пүрэвсүрэнг төрүүлсэн өгөөмөр баян нутаг энэ жил тун дүнсгэр байна. Тус нутагт насаа элээсэн 60-70 настнууд “Ийм ган энэ насандаа үзсэнгүй” хэмээн толгой сэгсэрч, хэлэх үгээ олж ядаж байна билээ.

...Зузаан үүлний хур

Зуур зуур ороод

Зулзаган нялх мод

Зуун тийшээ дэлгэрээд... хэмээн шүлэглэж асан их найрагч хүрэн морьтойгоо давхиж явсан, ямар ч үед гооч нь барагддаггүй Баянсайр зэвхий даагаад, зуншлагатай жил бод мал дундаас нь харагддаггүй дэрсэн шугуй нь хүртэл хяргасан мэт тожийжээ. Малын хамар хатгах бүү хэл, нэхий чирэхэд наалдах өвсний үртэс тэнд алга. Бөөнцагаан нуур, Жаргалант, Далан түрүү, Цагаан бургастын голоо бараадаж Баянсайртаа төвхнөсөн, Хоёр аргалант, Нарийн хар, Билгэх, Хөвших, Холбоо уулсаа түшиж зассан өвөлжөөнүүд эзгүйрэн харлах нь нэг л ёозгүй.

Уг нь өдийд ойр ойрхон зассан өвөлжөө бүрт малчин айлууд төвхнөж, ийм тунгалаг налгар өдөр яндангаас нь суунаглах шингэн цэнхэр утаа, тал дүүрэн бэлчсэн мал сүрэг цэлгэр уудам говь нутагт амьдрал буцалж буйн илэрхийлэл болж байдаг сан. Энэ өвөл лав тэнд ийм дүр зураг харахгүй нь. Хаашаа л харна, зэвхий даасан хоосон хөндий, элс нь хунгарлаж, чулуу нь ёрдойсон эзгүй цөл.

Зун бороо дусаагүй учраас ногоо ургаагүй, ногоо ургаагүй учраас мал таргалаагүй. Энэ өвөл цас орсон, ороогүй Баянхонгор аймгийн говийн сумуудад өвөлжинө гэдэг бүтэшгүй зүйл болсон, малаа онд оруулах найдлага тасарсныг мэдэрсэн малчдын олонх бэлчээр хайн нүүсэн учраас нутаг нь ийнхүү эзгүйрчээ. Мал, малчин хоёр байхгүй бол Монголын нутаг ямар болохыг эндээс харж болохоор.

ЗУД БОЛОХОД НОХОЙ ЗООЛНО

Баянхонгор-Говь-Алтайг холбосон засмалаас Баацагаан руу салсан шороон замаар 100 шахам км зайд урт тэвшин дээрээ хоёр, гурав давхарласан хашлага хийж, түүндээ мал чихэж ачсан машин хэд хэд зөрснөөс өөр юм таарсангүй. Эзэнгүй, зэвхий даасан өвөлжөө, хүн, малын бараагүй зэлүүд хээр тал нь мөхөж сөнөсөн, амьдралгүй болсон цөл мэт. Хэдэн арван км-ийг туулж, сумын төвд хүрэв. Тэнд харин овоо хөл хөдөлгөөнтэй байсан нь махны ченжүүд мал авсантай холбоотой байж. Хямд мал олж авах гэсэн ченжүүд энэ жил Баянхонгор луу цувж буй. Малчид ч хайрлаж гамнах зүйлгүйгээр малаа зарж борлуулж харагдсан. Тэнд мал авч буй хүмүүс тарга тэвээрэг гайгүйтэй, нас гүйцсэн эр ямааг 60 мянга, эм ямааг 30 мянгаар авах ханш тогтож. Малчид ч хэлсэн үнээр нь өгөхдөө дээдийн заяа хэмээн залбирч сууна. Хэдий ийм ханш тогтсон ч өчнөөн км-ийн цаанаас малаа тууж хэдэн өдөр яваад, эсвэл өчнөөн зардал гаргаж ачаад ирэхэд голж шилж, үнийг нь унагах нь хэвийн үзэгдэл болжээ.

Бидний уулзсан эхний хүн Баацагаан сумын өндөр настан Дорж. Тэрбээр малынхаа дийлэнхийг борлуулчихаад төв бараадан өвөлжиж буй. Малаа хэрхэн борлуулсан талаар нь сонирхоход “Аймгийн төвийн махны үйлдвэр мал авч байна гэхээр нь утсаар ярьж “Хэдэн мал туугаад очвол чирэгдүүлж зовоохгүй авах уу” гэтэл “Асуудал байхгүй, ирэнгүүт чинь авна” гэсэн. Өмнөх явдлаас хашир суугаад тэгж лавлахгүй юу. Бууцагааны гаралтай, Говь-Алтайд махны үйлдвэр ажиллуулдаг гэж ярьсан нэг залуу 20 мянган мал худалдаж авна гээд малчдаар баахан тоглосон шүү дээ. Малчид хэдэн малаа онд оруулж чадахгүй дэмий газар цардаж байхаар цөөхөн хэдэн төгрөгөөр боловч борлуулъя гэсэн бодолтой байгаа учраас ойр орчмын хэдэн сумынхан түүнд малаа өгөхөөр очсон. 50-150 км-ийн алсаас хэд хоног тууж, боломжтой зарим нь машинд ачиж аваачсаар Хавчаарын талд 10 гаруй мянган мал цугласан гэсэн. Гэтэл нөгөө нөхөр хоёр, гурав хоног малыг нь авах гэж байгаа дүр эсгэж, тоолж бүртгэж байснаа “Авахаа болилоо” гэжээ. Ингээд тэнд очсон малчид дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж. Ямар ч идэшгүй газарт хэдэн мянгаар нь цуглуулснаас олон мал өлдөж үхсэн. Бас машины тэвшинд чихэж ачсанаас дарагдаж үхсэн нь ч олон. Одоо Баацагаанаас Бууцагаан орох замын хоёр талаар малын сэг дүүрэн байгаа. Малаа үхүүлэхээс гадна ачааны машины төлбөр, цаг заваараа малчид их хохирсон. Золоор би тийшээ очоогүй ч нутгийн хүмүүс ийм байдалд орохыг нүдээр үзсэн болохоор аминдаа хаширлаж, өмнө нь утсаар ярьж, ам өчгийг нь авсан ухаантай.

Ингээд хэдэн малаа 80 гаруй км-ийн цаанаас тууж, гурав хоног явж очтол “Маргааш өглөө авна” гэсэн. Маргааш өглөө нь “Дараалал ерөөсөө болохгүй байна, хоёр хоногийн дараа ир” гэлээ. Хоёр хоноод очтол “Тав хоногийн дараа ир” гэв. Ёстой цусгүй алдаг улс билээ, эд чинь. Би голын хөндийд хэдэн малтайгаа 4-5 хоносон. Надтай хамт манай нутгийн алаг Цэрэн бас цөөхөн малтай явсан юм. Тэрбээр мал авна гэсэн хүмүүсийг очоод тачигнаад хаячихсан чинь авахаа бүр больсон. Түрүүчийн цаснаар шүү дээ. Цасаар шуурч, хүйтэрснийг ч хэлэх үү, ингээд хэдэн малтайгаа өнгөрдөг юм байж л гэж бодож байлаа. Яах учраа олохгүй байж байтал ашгүй Баян-Овоогийн нэг хүн мал авч байгаа сураг гарч, түүнд аваачиж өгсөн. Эм ямаа 30 мянга, эр ямаа 60 мянган төгрөгөөр бодож авч байна билээ. Уг нь манай мал гайгүй тэвээрэгтэй байсан ч хээр хүнтэй, малтайгаа хөлдөж, өлбөрч үхэлтэй биш, буцаагаад туултай биш, онд оруулж чадахгүйгээс хойш бушуухан салж санаа амаръя гэж бодоод хэлсэн үнэд нь бушуухан өгсөн” гэв.

Тэднийд аймгийн төвөөс ирсэн Э.Бямба “Та бас ч гайгүй үнээр өгсөн байна. Таны өмнөхөн манай найз говиос 700 гаруй мал тууж ирээд, эм ямаагаа 27, эрийг нь 57 мянгад зарсан. Аймгийн Хөдөө аж ахуйн газраас “Малаа байлгаж бай, очиж авна” гэсээр байгаад малчдыг бүр “алаад” хаячихлаа. Эртхэн, есдүгээр сар дөнгөж гаргаад малаа борлуулах арга хайсан бол тарга хүч нь ч арай дээр, үнэ нь ч хэдэн төгрөгийн илүү байсан. Аажуудаад, цаг хавчаад ирэхээр ченжүүд дуртай үнээ хэлж байна. Идэшгүй байгаа болохоор мал ч турж эцлээ. Одоо авна гэснийх нь хэлсэн аманд л өгөхөөс өөр аргагүй боллоо” хэмээн ярианд оролцов.

Хаанахын ямар үйлдвэр мал авсныг лавлахад “Төв аймаг руу л ачих юм гэсэн. Ямар нэртэй үйлдвэр гэдгийг нь мэдээгүй. Одоо үүгээр мал авч байгаа хүмүүсийн олонх нь ченж байх шиг байна. Хааш нь аваачиж, хэдэн төгрөгөөр өгдөгийг мэдэхгүй” гэсэн.

Дорж гуай “Манайх 300 орчим богтой байснаас нас залуу, төллөх 50 орчмыг нь үлдээж, бусдыг нь маханд өгсөн. Ер нь манай энэ хавийнхан малаа тун зоригтой цөөлж байгаа шүү. Говийн сумуудынхан бол айл бүр шахам малынхаа 60-70 хувийг нь борлуулж байна. Хэдэн зуу, мянгаар нь тууж ирж байгаа айл цөөнгүй” гэв.

Тэднийхээс гараад мах бэлтгэлд өгөх малаа ачааны машинд ачиж буй М.Хүрлээгийнд очив. Тэднийх хүн бүл цөөнтэй, отор нүүдэл хийж, аймаг алгасаж явж чадахгүй учраас ченжүүд авахгүй голж үлдээсэн энэ жилийн төлөөс бусад бүх малаа борлуулахаар шийджээ. 200 орчим богийг атгасан шагай шиг хураан, нэг нэгээр нь барьж тэвш рүү шиднэ. Мал барьж авах бүрт нэг эмээ хурдан хурдан алхаж хазганасаар очин хормойгоороо хошууг нь арчих аж. Насаараа дагаж, хайрлаж өсгөсөн малаа бойны газар луу үдэхдээ буян хишгийг нь авч үлдэж буй нь тэр. “Үр хүүхэд шигээ хайрлаж өсгөсөн буян минь юм сан” гээд нулимс цийлэгнүүлэх тэрбээр гэрийн эзний ээж.

Төв суурин газрынхны хувьд урт, налгар сайхан намар үргэлжилж буй бол говь нутгийнхан мал сүргээ бой руу нулимстай үдэх хүндхэн өдрүүдийг өнгөрөөж байна. Магадгүй, ачааны машины тэр том тэвш мал, малчин хоёрын хувьд дэлхийн II дайны үеийн бөөнөөр хорих лагерь шиг, тэндхийн шатаах зуух шиг аймшигтай газар болж харагдаж буй биз. Ачааны машины тэвшинд ачсан малын зарим нь замдаа дарагдаж, эсвэл өлдөж үхнэ, хүрэх газартаа азаар үхэхгүй хүрсэн нь нядалгаанд орно.

Ачааны машины тэвшинд шахан барьж авсаар ачигдаагүй үлдсэн мал цөөрч, цагаан сахалтай бор ямааг нэг нь шийрдэж авах үед гэрийн эзэгтэй Б.Энхмаа “Хүүе, Чихмэлийг болохгүй, тавь” хэмээн орилов. Бор ямааг барьсан залуу “Бүх том малаа ачна гээгүй бил үү” гэхэд “Охины минь эрхлүүлж өсгөсөн хайртай ямаа байгаа юм. Цаадах чинь уйлж орилоод бөөн юм болно” гэлээ. Тэдний охин хоёрдугаар ангид сурдаг бөгөөд Чихмэл хэмээх нэрэндээ таарсан бөндгөр бор ямааг өнчин ишиг байхаас нь тэжээж, эрхлүүлж өсгөсөн аж.

Зудаас айсан малчид малаа цөөлхийн тулд өдөр, шөнөгүй нядалгаа хийж байна

Бүх малаа борлуулаад, хэдэн ишиг, хурга тэжээж өвөлжих төлөвлөгөөтэй гэр бүл малаа ачиж дуусав. Мал бүрийнхээ хошууг хормойгоороо арчих гэж майжигнан гүйсэн буурлын нүдэнд нулимс цийлэгнээд гэрийн зүг алхлаа. Залуус харин ил уйлж унжсангүй. Гэхдээ л амьжиргааны гол эх үүсвэр, хамаг эд хөрөнгөө ченжүүдэд үнэгүй шахам өгөхөөр аччихаад зогсож буй хүмүүсийн сэтгэл яаж сайхан байх билээ. Гэрийн эзэнтэй хэдэн үг солив.

-Малаа ийм хямдхан өгөх харамсалтай юм аа?

-Харамсалтай байлгүй яах вэ. Энэ үнээр нь өгөхгүй гэхээр ор юу ч үгүй үхүүлэх юм болно. Тэгснээс 20-30 мянгаар ч болов борлуулаад өвс тэжээл авч, үлдсэн хэдэн ишиг, борлонгоо тэжээсэн нь дээр гэж бодлоо. Энэ хэдийгээ зарсан мөнгөөрөө өвс, тэжээл авна. Дэлэнт мал дээшээ гэдэг. Үлдсэн хэдэн ишиг, борлонгоо тэжээгээд онд оруулчихвал дорхноо өснө л дөө. Мал өсөхөө болохоор арвай шиг үрждэг юм.

-Жилийн дөрвөн улиралд байгалийн эрхшээлд, малын аяс дагаж явна гэдэг амаргүй амьдрал. Малаа мөнгө болгоод төв суурин газар бараадах талаар бодож байв уу?

-Бидэнд мэдлэг, мэргэжил байх биш. Төв газар юугаа хийж, яаж амьдрах билээ. Манаачийн ажил ч олдохгүй шүү дээ. Мал маллахаас өөрөөр амь зуух арга зам санаанд ер багтдаггүй. Гэхдээ хүмүүсийг харахад, төв суурин газар нэг байгаад үзчихээрээ хөдөө гармааргүй санагддаг шиг билээ. Арай бие амар, аятай тухтай амьдармаар санагддаг байх л даа. Бид одоохондоо төвд амьдарч үзээгүй болохоор хөдөөдөө байна, үлдсэн хэдийгээ тэжээж онд оруулаад, өсгөнө л гэж бодож сууна. Энэ хэд маань онд орох юм уу, баахан өвс тэжээл идээд үхчих юм уу, мэдэхгүй. Хойтон хавар мал ч үгүй, малаа зарсан мөнгө ч үгүй сууж байх вий гэсэн айдас байна. Тэгвэл яаж амьдрах талаар төсөөлөл алга гэв.

Тэндээс гарахад бүрэнхий болж байлаа. Нутагтаа олон малтайд тооцогддог Занхаан хэмээх айл хүн бүл, хөрөнгө чинээ сайтай болохоор малаа ченжүүдэд өгөхгүй, өөрсдөө хотод аваачиж борлуулахаар өдөр, шөнөгүй нядалж байгаа гэнэ. Тэднийхийг чиглэлээ. Энхэл донхолтой, элсэрхэг замаар явсаар заасан газарт нь хүрэхэд гадаа түнэр харанхуй нөмөрсөн байв. Гэвч нядалгаа ид дундаа байлаа. Харанхуй шөнөөр хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй танихгүй хүмүүс ирсэнд баахан гэрэвшиж, цэрвэх шинжтэй тул өөрсдийгөө танилцуулж, хэрэг зоригоо тайлбарлан хэсэг зуурын яриа болов.

Тэднийх эр, сувай 700-гаад бог нядалж ачихаар төлөвлөн, сумын төвөөс нядалгаа хийх, гэдэс арилгах хүмүүс хөлсөлж авчирчээ. Нэг мал төхөөрөхөд 5000, нэг малын гэдэс арилгахад 1000 төгрөгийн хөлстэй гэнэ. Хаа сайгүй ийм нядалгаа болж буй тул хүн олдохгүй, хөлс мөнгө нь нэмэгдэж байгаа хэмээн гэрийн эзэн зовлон тоочив. Тэрбээр “Манайх 1500 орчим малтай, 500-г нь авч үлдэхээр Говь-Алтай руу оторт явуулсан. Тэнд гурван сая төгрөгөөр өвөлжөө түрээслэн өвөлжиж байгаа. Өвс идэш нь манай эндэхтэй харьцуулшгүй юм билээ. Мөнгийг нь төлсөн болохоор хөөгдөж, туугдах нь харьцангуй гайгүй. Гэхдээ л ойр орчмынхон нь малын хөл хязгаарлаад, энэ ч манай бэлчээр, тэр ч манайх гээд байдаг. Олон малтай бол бүр ад үзэгдэнэ. Тиймээс эр сувай голдуу мянгыг нь борлуулахаар авч үлдсэн юм. Энд мал авч буй хүмүүст өгөхөөр арай дэндүү хямд үнэлэх юм. Хэдэн малаа арай ахиу үнэ хүргэх гэж янз янзын арга зам хайлаа. Ингэж нядлаад хотод аваачиж зарвал арай илүү үнэ хүрэх ч ажил ихтэй юм. Сүүлдээ нядалгаа хийх, гэдэс арилгах хүн олдохгүй шинжтэй боллоо. Энэ жил ачааны машин, шалаанзтай хүмүүс л “бондойж” байна. Өдрөөс өдөрт үнэ нь өсөөд дийлдэхээ больсон. Намрын эхээр нэг малыг найман мянгаар ачиж хот оруулж байсан. Одоо 15-20 мянга болсон. Энэ үнээр ачихгүй бол боль гэдэг. Мал төхөөрөх ажлын хөлс, машины зардал нэмэгдсээр жаахан ахиу өгсөн зөрүү нь явчих шинжтэй” хэмээн тоо бодож, толгойгоо гашилгаж суугаагаа хэлэв.

Тэнд муулсан мал өвчиж суугаа нэгнээс “Мал нядлах ажил их байна уу” гэхэд “Намаржин явлаа. Өдөр, шөнөгүй улай хийх амаргүй. Одоо бүр малын гол тасална гэхээр халширч, залхаж байна” гэв.

Их гангийн дараах, туурайн зудын өмнөх Баянхонгорын малчдын дүр төрх ийм байна.

Үргэлжлэл бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)