Малын хөлийн татварыг сэргээе

“Монгол бол онгон зэрлэг бэлчээрийн мал аж ахуйтай орон” хэмээн цээжээ дэлддэг хэрнээ тэрхүү бэлчээрээ хэрхэн хамгаалах, яаж үр ашигтай ашиглах тухай асуудлыг зохицуулах хуулиа баталж зүрхэлдэггүй хөөрхийлөлтэй улс билээ. Байнгын ажиллагаатай парламентаа байгуулснаас хойших яруу алдарт 25 жилийн хугацаанд Бэлчээрийн тухай ганц хууль баталж хүчрэхгүй байгаа нь өнөөдөр Монгол нутагт газрын доройтол, цөлжилт эрчимжихэд нөлөөлсөн томоохон шалтгаан мөн.

Гэтэл малчдаас малын хөлийн татвар хүртэл авахгүй яваад байгаа нь дэндүү ичгэвтэр, байж боломгүй зүйл гэдгийг мэддэг хэрнээ энэ тухай үг цухуйлгахаас үнхэлцгээ хагартал айдаг хүмүүс нь улстөрчид.

Одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2015 онд Сангийн яамыг толгойлж байхдаа Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төсөлд малын хөлийн татвартай болох заалт оруулж ирснийг гишүүд янз бүрийн шалтаг хэлсээр унагасан. Тэр үед манай түшээд “Сонгогчдын нүүр халуун” гэдэг дээрээ тавьчихсан байсан тул аргагүй.

Одооноос л зарим нь “Энэ хавар Ерөнхийлөгчийн сонгууль болоод өнгөрчихвөл дараа нь шууд Малын хөлийн татварын тухай хуулийг зүтгүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол дараагийн сонгууль хаяанд ирчихнэ” хэмээн үнэн учраа хэлж байна.

2009 оны тавдугаар сард Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиас малчин өрхөд хамаарах заалтыг авч хаян, малын хөлийн татварыг үгүй болгосон. Ингэснээрээ тэд өөрсдийгөө мал болоод малчдын төлөө “буян” үйлдэж байна хэмээн сэтгэсэн нь эндүүрэл байсныг одоо ухаарч буй нь тэр.

Гэвч ачир дээрээ тулахаар тийм хуулийн төсөл санаачлан УИХ-д оруулж ирэх “бүдүүн зүрхтэй” төрийн түшээ, түүнийг нь дэмжин кноп дарах “ширэн нүүртэй” гишүүд байх болов уу.

1990-2015 оны хооронд Монгол Улсын мал сүргийн тоо огцом өссөн хэрнээ малтай өрхийн тоо 25-30 хувь буюу 70 орчим мянгаар буурчээ. Энэ урвуу хамаарлаас харахад нэг өрхөд ногдох малын тоо хэт нэмэгдэж, тэр хэрээрээ бэлчээрийн даац доройтох шалтгаан болсныг Газар зүй, гео экологийн хүрээлэнгийнхэн хэлж байна. Гэхдээ малын хөлийн татвар нь зөвхөн малын тоо толгойг хянах зохицуулалт гэж ойлговол өрөөсгөл.

Байгалийн нөөцийг ямар ч зохицуулалтгүй, дур зоргоороо ашиглаж байгаа хүмүүс бол малчид. Тэгсэн хэрнээ нэг ч төгрөгийн татвар төлдөггүй “хувьтай” улс болохоор нь тэдэнтэй барьцах гэсэн юм биш. Малын хөлийн татвар авдаг болсноор нийгэм, эдийн засгийн ямар их ач холбогдолтойг, хамгийн гол нь малчдад өөрсдөд нь хэчнээн тустайг мэдсээр байж бүлх залгисан мэт дуугүй суумааргүй байна. Монголын өргөн уудам нутгийг сулдаа бүрхэн налайсан 61.5 сая малаас бэлчээр ашигласны төлбөрт толгой тус бүрээс нь 1000 төгрөг авдаг боллоо гэхэд жилд 60 тэрбум төгрөг цуглана аа даа.

Манай орны 200 орчим мянган малчин өрх бүгдээрээ нийлээд улсдаа төлөх энэ мөнгө бол Монголын нэг л дундаж аж ахуйн нэгжийн эх орондоо төлдөг татвартай дүйх мөнгө гэдгийг дурдъя. Ингээд хэлэхээр түшээд нь “Ашгүй, овоо хэдэн төгрөг улсад орж ирэх нь байна шүү” гэж дэвхцэн баярлаж, нөгөө талд малчид нь “Арай ч дээ, мах иддэггүй юм шиг малчин биднийг яаж тэгж чадаж байна аа” хэмээн даралтаа ихэсгэж сүйд болох вий. Малын хөлийн татвар авах хэрэгтэй гээд байгаагийн гол учир, зорилго нь энэ биш юм.

1000 ч байна уу, 100 ч байна уу, ялгаагүй малтай өрх бүрээс бэлчээр ашигласны төлбөр аваад, түүнийгээ буцаагаад өөрсдөд нь зарцуулдаг тийм л тогтолцоог яг одоо бий болгох хэрэгтэй байна. Тодруулбал, малчдаас авсан татварын мөнгөөр хөдөөг хөгжүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах зорилготой тусгай сан байгуулж, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх, малыг эрүүлжүүлэх, үржлийн ажил, үүлдэр угсааг нь сайжруулахад зарцуулъя гэсэн санаа юм.

Түүнээс биш өмнөх шиг малын хөлийн татварыг улсын санд төвлөрүүлж, хот, аймгийн төвд эмнэлэг, сургууль, цэцэрлэг барихад, эсвэл зам засахад зориулъя гэсэнгүй. Монголчууд малаа бүрэн эрүүл болгож байж нөгөө яриад байдаг “органик” махаа гадагшаа экспортлох боломж бүрдэнэ гэдгийг бүгд мэдэж байгаа.

Зүүн аймгуудад малын гоц халдварт өвчин гарчихаад байгаа тул тэндээс өвлийн идшээ ч авч чадахгүй өчнөөн хүн байхад гадаад руу мах гаргана гэвэл ёстой сэрүүн зүүдэлсэн болно. Тийм байтал “Мал төрийн хамгаалалтад байна” гэдэг Үндсэн хуулийн заалтад найддаг ч юм уу, өнөөдөр манай малчид малыг эрүүлжүүлэх нь зөвхөн төрийн ажил юм шиг ханддаг.

“Манай улс малаа эрүүлжүүлэх, малын үржлийн ажлыг сайжруулахад төрөөс олгодог төсөв мөнгийг жил ирэх тусам бууруулсаар өдгөө 10 гаруйхан тэрбум төгрөг л өгдөг болсон. Үүнээсээ мал зүйчдийн ажлын хөлс, багаж хэрэгсэл, вакцин, тарилга авах мөнгөө хасаад тооцохоор нэг малд дөнгөн данган 70 төгрөг л ногддог. Нэг малыг эрүүл байлгах, үржлийг нь сайжруулахад бүтэн жилийн турш 70 төгрөг зарцуулдаг гэхээр Монголын мал эмнэлгийн салбарынхан гал унтраах төдий арга хэмжээ л авдаг байгаа биз. Тиймээс монгол малыг эрүүлжүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, хээлтүүлэгчийг сайжруулан, малыг чанаржуулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд татварын бодлого маш чухал. Харин малын хөлийн татварыг тогтоохдоо сүргийн бүтцэд давхар анхаарч, цөлжилтөд хамгийн их нөлөөлдгөөр нь адуу, ямаанаас их төлбөр, үхэр, хонь, тэмээнээс багыг авдаг байхаар зохицуулах хэрэгтэй” хэмээн мал зүйч, эдийн засагч М.Галбадрах ярилаа.

Ямааг өсгөж үржүүлж болох таатай бүс нутагтаа татварыг нь хөнгөлж, цөлжилт эрчимтэй явагдаж буй газруудад төлбөрийг нь нэмэх, зарим нутагт үхрээс авах татварыг бүрэн чөлөөлөх зэргээр зохицуулалт хийх хэрэгтэй гэдэг нь түүний ярианаас ойлгогдоно.

Ямартай ч малын хөлийн татвар авдаг болсноор зөвхөн төрийн нуруун дээрх ачаанаас хөнгөлөөд зогсохгүй, хамгийн их ашиг тусыг нь хүртэх хүмүүс бол малчид гэдэг нь гарцаагүй. Харин үүний тулд дээр үеийнх шиг малын хөлийн татвараас зайлсхийн, бусдын нэр дээр малаа тоолуулдаг, тэмээг үхэр гэж бичүүлдэг заль гаргуулахгүй байх талаас нь маш сайн хяналт тавих чухал.

Ж.Эрдэнэбат сайдын өргөн барьсан дээрх хуулийн төсөлд малын хөлийн татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг болгож, тэр мөнгөө юунд зарцуулахаа малчид өөрсдөө шийддэг байхаар тусгасан нь тун зүйтэй санал байсан юм. Орон нутагтаа худаг ус гаргах уу, эсвэл талхлагдсан бэлчээрээ нөхөн сэргээх үү, хаана хаана тэжээлийн ургамал тарих вэ, голын сав дагуух газрыг хашаалах төсөл хэрэгжүүлэх үү, хэдээр нь малынхаа үүлдэр, угсааг сайжруулахад зарцуулах вэ гэдэг дээр өөрсдийн үзэл бодлоо хэлдэг болсноор хөдөөгийн хөгжлийг хангахад жинхэнэ утгаараа малчдын оролцоо нэмэгдэнэ.

“Нэг толгой мал тутамдаа миний төлсөн 1000 төгрөг эргээд ийм зүйл болж бидэнд наалдаж байгаа юм байна” гэдгийг ойлгуулснаар малчид толгойгоо илүү ажиллуулж, нийгмийн харилцаанд орон, өөрсдийгөө бусдаас үргэлж тусламж дэмжлэг авах ёстой уугуул индианчууд биш гэдгээ ухаарна. Өнөөдөр үнэндээ манай төр, засгийн түшээд малчдыг хэт их халамжлан бөөцийлж нийгмээс тусгаарлаад, зөвхөн өөрсдийнх нь хүссэний зоргоор хөдөлдөг “утсан хүүхэлдэй” байлгахыг хүсдэг нь нууц биш.

Татвар төлөх нь ямар чухал болохыг, хариуцлага гэж юу байдгийг ойлгосон хүн адаглаад хэний ч өмнө үгээ бардам хэлж чадна. Энэ бол малын хөлийн татварын нийгмийн үр өгөөж юм. Даанч “1000, 2000, 3000 малтай өрхүүдийг мал аж ахуйгаас илүү их ашиг олох бололцоотой, мөн байгалийн ашиг шимийг илүү хүртэж байгаа гэдэг утгаар нь тэрхүү хөрөнгөнд ногдуулж буй татвар юм” гэдэг нэршил болоод, ялгавартай хандлагаасаа болоод уг хуулийн төслийг унасан гэж тайлбарладаг.

Тиймээс тээг болоод байсан нэршлийг нь өөрчлөөд, Бэлчээрийн төлбөрийн тухай хууль гээд ч юм уу, даруйхан УИХ-д оруулж ирээсэй гэж хүсэх байна. Эсвэл одоо мөрдөж буй Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж, “Бэлчээрийн төлбөрийг ингэж тогтооно, тэнд төвлөрүүлнэ, төдөн төгрөг байна” гэх мэтчилэн нэг бүлэг нэмчихэд л хангалттай юм билээ.

Ер нь бол малтай өрхөөс малынх нь тоогоор бэлчээр ашигласны төлбөр авах нь зүйтэй юм байна гэдгийг малчид өөрсдөө хүртэл ойлгож эхэлснийг харьяа яамныхан, салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Газар зүй, гео экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Мандах “Бид малтай өрхүүдээс “Малын хөлийн татвар авдаг болохыг та дэмжиж байна уу” гэсэн санал асуулгыг хэд хэдэн удаа авч байсан.

Тэгэхэд 200-500 хүртэлх малтай өрхүүд энэ татварыг төлөхөд бэлэн хэмээн дэмждэг юм. Тэдгээр айлууд өнөөгийн манай хөдөө аж ахуйн салбарын онцлог хийгээд тогтолцоог нь илүү сайн ойлгож мэдэрдэг учраас малынхаа тоог энэ хэмжээнд барьдаг юм байна. Харамсалтай нь, манайд ийм дундаж тооны малтай өрх их цөөн” хэмээн ярилаа.

Монголын 61.5 сая малын 300-500 малтай өрх гэдэг бол хот суурин газрын дундаж амьдралтай, цалингаас цалингийн хооронд “өл залгуулж” амьдардаг айлуудаас хавь илүү ашиг орлоготой гэсэн үг. Гэхдээ тэд улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүйгээрээ биднээс ялгаатай. Тиймээс нийгмээрээ малчдыг “нүд үзүүрлэх” эхлэлийг тавьдаг гэхэд болно.

Хачирхалтай нь 500-гаас дээш малтай өрхүүд буюу манай мянгат малчид малын хөлийн татвар төлөхгүй гэж гүрийжээ. Уг нь 1000 малтай айл жилд 20-25 сая төгрөгийн орлоготой байдаг гэж үзвэл нэг сая төгрөгийн татвар төлөх нь зүйн хэрэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)