Малын хөлийг хуулиар тушъя

Монголын өргөн уудам нутгийн ердөө 16 сумынх нь бэлчээр л талхлагдаа­гүй үлдсэн гэсэн судалгаа гарчээ. ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуу­лийн доктор Л.Нямбат, Т.Гэрэлхүү нар өнгөр­сөн жил манай орны малын тоо, бүтэц, бэлчээр, тэжээлийн асуудлаар томоохон судалгаа хийх­дээ үүнийг тогтоосон байна. Судалгаагаар 46 сумын бэлчээрийг гурав ба түүнээс дээш жил өнжөөх шаардлагатай гэсэн дүн гарсан бол 85 сумын бэлчээрийг хоёр, 184 сумынхыг нэг жил өнжөөх хэрэгтэй болчихоод байгаа аж. Ийм байхад 61.5 сая толгой малтай болсноороо бид бахархан гайхуулах нь зөв үү, эсвэл энэ нь эргээд “шүдний өвчин” болох уу гэдгийг бо­дох л асуудал. Улаанбаатарын хүн амын хэт төвлөрлийг түр ч болов сааруулах зорилгоор хот руу шилжих хөдөлгөөнийг нэг жилийн ху­гацаатай зогсоогоод буй. Монгол Улсын ир­гэн амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй гэсэн “Эцэг хууль”-ийн заалтаар түрээ барин, хотын даргатай зарга хийсэн хүн лав гараагүй. Яалт ч үгүй 1.3 сая гаруй хүний эрх ашиг, аминд тулсан асуудал хөндөгдсөн учраас тэр биз. Тэгвэл одоо малын “хөлийг хорих” цаг болжээ. Байгалийн нөөцийг ямар ч зохицуулалтгүй, дур зоргоороо ашиглаж байгаа, хэмжээгүй эрхт мал, малчдын талаар дорвитой арга хэмжээ авах шалтгаан хангалттай их байна. 

Манай улсын 112.7 сая га бэлчээрийн долоон хувь нь бэлчээрт ашиглагдах боломжгүй болж доройтон, байга­лийн аясаар эргэн сэргэх чадвараа бүрэн алдаж цөлжсөнийг 2014 онд л “Ногоон алт” төслийнхөн анхааруулж байв. Түүнээс ч өмнө 2006 онд Монголын бэлчээр хонин толгойд шилжүүлсэн 80 сая малын багтаамжтай буюу нэг га-д 500-600 мал бэлчээрлэх ёстой гэдгийг судлаачид тооцоолсон байж. Түүнээс хойш бэлчээрийн доройтол улам газар авсаар байхад эсрэгээрээ малын тоо өдгөө хонин толгойд шилжүүлсэн 100 саяд хүрчихээд буй. Хамгийн гол нь энэ өсөлт нутгийн төв болон зүүн бүсэд илүүтэй ажиглагдах болсон. Тухайлбал, сүүлийн 15 жилийн хугацаанд Дархан-Уул, Орхон, Төв, Хэнтий, Сэлэнгэ, Булган аймагт нэг га-д ногдох малын тоо жилд 500-700 хонин толгойгоор тогтмол нэмэгдэж ирсэн нь хангайн бүс нутгуудад ургамал нөмрөг сийрэгжиж, цөлжилтөд нэрвэгдэх гол хүчин зүйл болж байгааг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Баярбат хэллээ. Доройтсон бэлчээрийг нөхөн сэргээхэд их хэмжээний мөнгө, цаг хугацаа шаарддаг. Гэтэл бэлчээр доройтуулсан гол эзэд нь ямар ч хариуцлага хүлээдэггүй, улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй. Энэ гажиг тогтолцоог хууль эрх зүйн зохицуулалтаар өөрчилж, одоо л даруй цэгцлэхгүй бол оройтно гэдгийг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын үндэсний зохицуулагчаар давхар ажилладаг тэрбээр онцолсон. 

1990-2015 оны хооронд Монгол Улсын мал сүргийн тоо огцом өссөн хэрнээ малтай өрхийн тоо 25-30 хувь буюу 70 орчим мянгаар буурчээ. Энэ урвуу хамаарлаас харахад нэг өрхөд ногдох малын тоо хэт нэмэгдэж, тэр хэрээрээ бэлчээрийн даац хэтрэх шалтгаан болсныг Газар зүй, гео экологийн хүрээлэнгийнхэн хэлж байна. 2016 оны мал тооллогын дүнгээс харахад 500-гаас дээш малтай өрхийн тоо 28.9 хувиар өссөн байна лээ. Бэлчээр талхлан сүйтгэгчдийн дийлэнх нь мөн л манай орны хамгийн шим сөлтэй өвс тэжээлтэй газар нутаг болох төв, зүүн аймагт тоологдсон байх юм. Архангай аймгийн Жаргалант, Эрдэнэмандал, Өвөрхангайн Бат-Өлзий, Хужирт, Булганы Рашаант, Орхоны Жаргалант, Хэнтийн Өмнөдэлгэр, Төв аймгийн Эрдэнэсант гэхчилэн нэрлээд байвал нэг га бэлчээрт ногдох малын тоо 2-4 дахин хэтэрчихсэн газар өчнөөн. Гэтэл малын тоо толгой хэт өсөх нь, ялангуяа сүргийн бүтэц алдагдвал бэлчээрийн экосистемийн тогтолцоог гажуудуулан, хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлдэг учраас байгалийн өвс ургамлын нөөцөө зөв ашиглахыг судлаачид сануулсаар буй. Жишээ нь, нарийн хялганат өвс ихтэй Хэнтий, Дорнод зэрэг аймагт үхэр өсгөж үржүүлэхэд хамгийн тохиромжтой газар байтал хэдэн зуу, мянган хонь, ямаагаа тууж очоод унаган бэлчээрийг нь сүйтгэдэг малчдад татвар, торгууль ногдуулах нь байтугай ноос, ноолуурын урамшуулал өгч, дээрээс нь “Мянгат малчин” хэмээн өргөмжилж байдаг тохуутай улс, манайх. Тэгээд бас НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын гишүүн орнуудын чуулга уулзалтаас дэлхийн дулаарлыг бууруулахад хувь нэмрээ оруулах үүрэг амлалт авчихсан байдаг. 

“1985 онд манай орны ойт хээрийн бүс буюу хангайд нийт малын 20 гаруй хувь нь байсан бол одоо бараг 80 орчим хувь нь энд бэлчээрлэж байна. Говийн бүс нутагт тухайн үед нийт малын 41 хувь бэлчээрлэж байсан бол өдгөө 20 орчим хувь болж эрс буурсан нь байгаль экологийн тэнцвэрийг хадгалахад чиглэсэн зохистой бодлого төр, засгаас хэрэгжүүлэхгүй орхигдуулсны уршиг. Гэтэл говийн бүсийн бэлчээр нь нийт нутгийн 45 хувийг эзэлдэг асар том орон зай” хэмээн Гавьяат зоотехникч Д.Жадамба ярьсан юм. Хүний нийгмийн жам ёсоор дэд бүтэц, суурин газрын хөгжил бараадан баруун болон говийн аймгуудаас хэдэн арав, зуугаараа төв рүү нүүдэллэх малчдыг улайм цайм буруутгах аргагүй ч хаана, ямар мал өсгөх ёстой, аль аль сумын бэлчээрийг хэдэн жилээр өнжөөх хэрэгтэй гэдгийг төр, засгийн бодлогоор зохицуулахгүй бол болохгүй нь. Манай орны хадлан, тариалангийн газрын нөөц дээд хязгаартаа хэдийнэ тулчихаад буй. Харин газрын гадаргын усны хэвийн ашиглалтын нөөцийг 500 мянган шоо метр гэдэг ч үнэндээ зөвхөн хөдөө аж ахуйн салбарт энэ нь 322 мянган шоо метр болоод буй нь бас л дээд хязгаараа давчихсан үзүүлэлт аж. 

Байнгын ажиллагаатай парламентаа байгуулснаас хойших 25 жилийн хугацаанд бэлчээрийн тухай ганц хууль баталж хүчрэхгүй байгаа нь өнөөдөр Монгол нутагт газрын доройтол, цөлжилт эрчимжихэд нөлөөлсөн томоохон шалтгаан мөн. Ядаж л малчдын улсдаа өгдөг байсан цорын ганц орлого болох малын хөлийн татварыг тэдэнд хайртай улстөрчид өөрсдөө аль эрт болиулчихсан. Бэлчээр ашигласны төлбөр, эсвэл татвар ч байна уу, түрээс ч байна уу эдийн засгийн ямар нэг хөшүүрэг энд зайлшгүй хэрэгтэй байна. Тэгэхдээ сүргийн бүтцэд голлон анхаарч, цөлжилтөд хамгийн их нөлөөлдгөөр нь адуу, ямаанаас их төлбөр, үхэр, хонь, тэмээн дээр багыг авдаг байхаар зохицуулах хэрэгтэй гэдэг. “Манай улс хонь, үхэр, тэмээг түлхүү үржүүлэхэд бодлогоор анхаарах хэрэгтэй. Нийт сүргийн дотор ямааны эзлэх тоон үзүүлэлт 25-30 хувь байх ёстой ч одоо хоньтой адил 50 хувь болж, 25 саяд хүрчихлээ. Тиймээс одоо ямааг өсгөж үржүүлж болох таатай бүс нутагтаа татварыг нь хөнгөлж, цөлжилт эрчимтэй явагдаж буй газруудад төлбөрийг нь нэмэх ёстой юм. Зарим нутагт үхрээс авах татварыг бүрэн чөлөөлөх зэргээр зохицуулалт хийх боломжтой” хэмээн малзүйч, эдийн засагч М.Галбадрах ярилаа. “Малчид юу гэх бол” гэхээс үхэн хатан айж, хууль эрх зүйн зохицуулалт хийхгүй яваад байвал цаашид юу болох бол. 

Ирэх жил Монголын мал сүргийн тоо 70 сая руу тун дөхөж очно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ янзаараа 2019 онд 80 саяд ч хүрч мэднэ. Буянт малаа ад үзэж байгаа юм биш шүү. Эртнээс уламжилж ирсэн нүүдэлчдийн соёлыг ч үгүйсгэж байгаа хэрэг огт биш билээ. Гагцхүү зохицуулалтгүй, тооцоогүй хэт олон малтай болчихвол тэр үед бэлчээр, усны эрэлд хатан, цөөхөн монголчууд хоорондоо тулалдах хэрэг гарах вий гэхээс эмээж байна. Өнөөдөр Төрийн ордонд эхэлж буй Малчдын улсын зөвлөгөөнөөр энэ тухай хэлэлцэх болов уу. Хэлэлцлээ гэхэд дараа нь бодитой өөрчлөлт гарах болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)