Малын хулгайч нар “шоронжсон” хууль хэрэглэхээс өөр арга үлдээсэнгүй

Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн нутаг. Долоон үхрийг бэлчээрт нь нядалж, хулгайлсан хэрэг энэ сарын 7-8-нд шилжих шөнө гарчээ

2002 оноос мөрдөж байсан Эрүүгийн хуулийг “шоронжсон” хэмээн шүүмжилсээр 2015 онд шинэчлэн батлахдаа гэмт хэрэгтэнд оноох ялын бодлогыг нэлээд зөөлрүүлсэн. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 17.12.1-т “Бусдын малыг хулгайлсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалт оруулсан. Зөвхөн олон тооны мал хулгайлж, түүнийгээ амьдрах үүсвэр болгосон тохиолдолд л хорих заалт тусгасан. Олон тооны гэдэг нь 24 бог, найман бод. Тиймээс олон хулгайч бусдын 23 бог, долоон бодыг эд бад хийчихээд нийтэд тустай ажил хийсэн нэр зүүж, ар хударгаар нь дахиад л бусдын буяныг барж байсан гэхэд бараг хилсдэхгүй. Өөрөөр хэлбэл, 2017 оноос хойш мал хулгайлах гэмт хэрэг тогтмол өсжээ. Өнгөрсөн жил хулгай 27.3, тэр дундаа авто тээврийн хэрэгслийнх 38.1, халаасных 60.9 хувиар буурсан байхад малын хулгай 65.1 хувиар өссөн байгаа юм. Үүнээс малын хулгай хэр өндрөө авсан нь харагдах болов уу.

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанаас гэмт хэргийн гаралт өсөлттэй байгаа хэргүүд дээр судалгаа, дүн шинжилгээ хийж, шалтгаан, нөхцөлийг тогтоон, түүнийг бууруулах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлтэй хамтран хийх ажлаа тодорхойлдог байна. Тухайлбал, малын хулгайг бууруулах чиглэлээр цөөнгүй ажил хийж, орон нутагт ажиллаж буй алба хаагчдад санал, зөвлөмж хүргүүлдэг. Тодруулбал, ЦЕГ-аас бүх газар, хэлтэст үүрэг чиглэл өгч, орон нутгийнхан нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ олныг зохион байгуулсан байна.

Малын хулгайн гэмт хэргийн 93 хувь нь орон нутагт гардаг. 2019 онд Баян-Өлгий, Хөвсгөл, Дорноговь аймагт дээрх төрлийн гэмт хэрэг буурч, Булган, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Архангай, Төв, Дорнод, Өвөрхангай аймагт өсжээ. Мал, махнаас олж буй ашиг өндөр тул хулгайч нар өнгөрсөн жилүүдэд дураараа дургих шиг болов. Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн. Төрийн хамгаалалтад байна” гэж заасан ч төр энэ баялгаа хамгаалалтдаа бүрэн авч чадахгүй байна. Зах зээлийн эрэлт хэрэгцээ их байгаа учраас мал сүрэг гэмт халдлагад өртсөөр буй юм. Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ш.Туяа “Малын хулгай өссөн гол шалтгаан нь Монгол Улсаас гадаадад экспортлох махны эрэлт нэмэгдэж, үйлдвэрүүдийн махны нийлүүлэлт ихэссэнтэй холбоотой. Жишээ нь, 2018 онд БНХАУ-ын иргэд мах их хэмжээгээр худалдан авч, нөөцлөн, үнийн хөөрөгдөл үүсгэсэн” хэмээн ярилаа.

Үүнээс гадна улсаас бэлтгэсэн нөөцийн мах хангалтгүй байсан нь малын хулгай гаарах бас нэг шалтгаан болжээ. Түүнчлэн орон нутгийн удирдлага малын хулгайтай тэмцэх чиглэлээр дорвитой ажил хийгээгүй аж. Нөгөө талаар хуучны малчдын бүлэг суларчээ. Ийм бүлэг идэвхгүйгээс малчид нэг нэгнийхээ малд хяналт тавихгүй, эзэнгүй бэлчээх болсон гэнэ. Зарим малчин залхуу, хайхрамжгүйгээсээ болоод буянт малаа бусдын идэш болгодог тал ч бий. Тиймээс малчдын бүлэг, нөхөрлөлийг идэвхжүүлж үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь зөв хэмээх цөөнгүй хуульчтай таарсан. Мөн ган, зудад малаа барж, модоо барьсан малчид хот суурин газар бараадах болсон. Үндэсний статистикийн хорооноос авсан мэдээллээр 2016 онд 311 мянга орчим малчин байсан бол 2017 онд 303.6, 2018 онд 288.7 мянга болж буурчээ. Тиймээс хүн бүл муутай өрх нь малаа эзэнгүй бэлчээж, улмаар хохирол амсах нь цөөнгүй аж.

Эрүүгийн хуулийг “шоронжсон” хэмээн шоглож, баалсаар 2015 онд шинэчлэн найруулахдаа “иргэншсэн” зүйл заалтууд оруулсан. 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр байх үед малын хулгай өнөөдрийнх шиг тартагтаа тулаагүй байж. Тухайн үед гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг сэжигтнээр тооцон байцааж, шаардлагатай бол 72 цаг саатуулж, онцгой нөхцөл илэрвэл үргэлжлүүлээд 14 хоногоор баривчлах зохицуулалттай байв. Харин өнгөрсөн гурван жилд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг гэрчээр тогтоож, мэдүүлэг авахаас бус, таслан сэргийлэх арга хэмжээ барагтай бол аваагүй гэнэ. Тиймээс сул чөлөөтэй яваа “гэрчүүд” шалгуулж байхдаа ч мал хулгайлсан тохиолдол нэг бус. Өөрөөр хэлбэл, цагдаа нар зовлогоо зовоож малын хулгайг илрүүлдэг ч прокурор, шүүхийнхэн хулгайчид таслан сэргийлэх арга хэмжээ тэр бүр авдаггүй гэнэ. Эцэст нь мал хулгайлсан нь тогтоогдсон ч нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлээд өнгөрсөн нь олонтоо. Товчхондоо “шоронжсон” гэх зүйл ангиа танаж, “иргэншсэн” заалтууд оруулсан ч сахил хүртээд шал дордов гэгчээр малын хулгай гаарч, гэмт этгээдүүд ял завшсанаас бус, дэвшил авчраагүй билээ. Тиймээс өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, мал хулгайлах гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгасан. “Иргэншсэн” заалтыг “шоронжсон” зүйл ангиар солиход хулгайч нар өөрсдөө нөлөөлсөн гээд хэлчихэд хатуудахгүй биз ээ.

Бэлтгэсэн: Д.Мягмаржаргал

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Малын хулгайчдын ихэнх нь давтан үйлдэгсэд байжээ

Малын хулгай Төв аймагт ямар хэмжээнд байгааг сурвалжиллаа. Тус аймаг 77 мянган ам км нутаг дэвсгэртэй, 27 сумтай бөгөөд аймгийн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсэгт таван албан хаагч ажилладаг байна. Нийслэлийг тойрон хүрээлсэн тус аймгийн нутгаар Улаанбаатар луу чиглэсэн бүх хөдөлгөөн дамждаг. 2019 онд тус аймаг 4.9 сая мал тоолуулж, улсад хоёрдугаарт жагсжээ. .

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн дарга, цагдаагийн ахмад Ч.Баяртогтох “Цагдаа нар сайн ажилласны үр дүнд малын хулгайн бүлэг этгээдийг илрүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн онд долоон бүлэгт холбогдох 43 этгээдийн үйлдсэн хэргийг илрүүлж, шүүхийн байгууллагад шилжүүлсэн. Малын хулгайчид дандаа бүлгээр хэрэг үйлддэг. Нэг бүлэг этгээд хамгийн багадаа хоёр, бүр 40 гаруй гэмт үйлдэл хийсэн нь ч бий. Өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэг 183 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт. Гэхдээ илрүүлэлт 38.3 хувь буюу өмнөх оноос найман хувиар өссөн. 2019 онд 878 толгой мал хулгайд алдагдсан бөгөөд бид 462-ыг нь амьдаар олж, эздэд нь хүлээлгэж өгсөн. Малын хулгайн улмаас малчдад 908.5 сая төгрөгийн хохирол учирснаас 612.3 сая нь нөхөн төлөгдлөө. Дээрх 183 хэргээс 65-ыг илрүүлсэн бөгөөд 78 хүн холбогдсон байв. Эдгээрээс 32 нь Төв аймгийн, бусад нь өөр аймаг, сумынх. Энэ нь манай аймгийн газар нутгийн байрлалтай холбоотой. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос гараад л мал хулгайлчихдаг гэсэн үг. Гэхдээ өөр харьяаллын 46 этгээд өмнө нь ямар нэгэн байдлаар Төв аймагт туслах малчин, уяач, отор хийсэн хүмүүс байдаг” гэлээ. Мал хулгайлах нийт гэмт хэргийн тав нь малчны хотонд, үлдсэн нь бэлчээрт, шөнийн цагаар гарсан гэнэ. Тиймээс малчид бүрий болохоос урьтаж малаа татаж байвал хулгайд алдахаас сэргийлнэ гэдгийг тэрбээр онцоллоо.

Тус аймгийн Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийнхэн Булган аймгийн Баяннуур сумаас 18 адуу хулгайлсан этгээдүүдийг барьжээ. Гэр бүлийн гурван хүн саахалт айлынхаа хурдан удмын адууг хулгайлж, нядлан, гэдэс, толгой, арьсыг Төв аймгийн Лүн сумын нутагт зүг буруулж хаяжээ. Тэд гарал үүслийн гэрчилгээтэй, өөрсдийн унаагаар тээвэрлэсэн гэнэ. Уг хэргийн хохирогч Сонгинохайрхан дүүргийн XXIV хорооны иргэн Г.Батболд “Миний аав улсын алдарт уяач. Аавынхаа үлдээсэн хэдэн адууг ахындаа маллуулж байсан юм. Гэтэл өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд өвөлжөө рүүгээ нүүх зуур адуу алга болчихсон. Би 20 хоног эрээд олоогүй. Гэтэл адууг минь хулгайлж, нядалсан байсныг Төв аймгийн цагдаа нар илрүүллээ. Эхэндээ итгээгүй. Ирэх хавар унагалах гүүнүүд байсан юм. Ганц унагатай гүүг нь тавиад явуулчихсан юм билээ. 18 адууг минь 47.6 саяар үнэлсэн. Гэхдээ гэмт хэрэгтнүүд хохирол барагдуулахгүй, шүүхээр шийдүүлнэ гэсэн. Малаа үнэлүүлэхэд 1.5 сая төгрөг төлж, Булган, Төв аймгийн нутгаар 20 гаруй хоног эрж, ихээхэн өртөг зарцууллаа. Харьяаллын дагуу Булган аймаг руу хэргийг шилжүүлсэн тул шүүх хурал товлохыг хүлээж сууна” гэв. Төв аймагт туслах малчинд малаа даатгаад эзэн нь нийслэлд амьдардаг тохиолдол олон аж. Тиймээс бусдын малыг хайхрамжгүй маллах, эсвэл өрөөлтэй хуйвалдан борлуулах явдал их гардгийг Цагдаагийн газрынхан хэллээ.

Малын хулгайчид мэргэшиж, баргийн хуульчаас дутуугүй өөрсдөд холбогдох зүйл заалтаа мэддэг болсныг мөн онцлов. Тодруулбал, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 78 этгээдээс 39 нь урьд нь ял шийтгүүлж байжээ. Хачирхалтай нь тэднээс 28 нь энэ төрлийн хэргийг давтан үйлдэж, долоо нь шалгагдаж байхдаа мал хулгайлсан гэнэ. Энэ нь таслан сэргийлэх арга хэмжээний зохицуулалттай холбоотойг цагдаагийн ахмад Ч.Баяртогтох хэлсэн. Учир нь гэмт хэрэг үйлдсэн нь бүрэн нотлогдоогүй, дахин хууль бус үйл ажиллагаа явуулна гэсэн баталгаа байхгүй тул тухайн хүнийг цагдан хорьж болдоггүй. Үүнийг малын хулгайчид өөрт ашигтайгаар эргүүлж, аль болох мөрдөн байцаалтыг удаашруулж, оргож, эсвэл эрүүдэн шүүсэн мэтээр АТГ-т өргөдөл гаргадаг байна. Тэр ч байтугай Өршөөлийн тухай хууль батлагдахыг ч хүлээн, аргацаадгаа хулгайчид хэлсэн гэнэ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 17.12-т наймаас дээш тооны бод, 24-өөс цөөнгүй бог хулгайлбал хорих, бусад тохиолдолд хорихоос өөр төрлийн ял ногдуулдаг байна. Тодруулбал, цөөн мал хулгайлсан тохиолдолд 240-720 цаг хүртэл нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлэх, зорчих эрхийг нь хязгаарлахаар заажээ. Тиймээс хулгайчид наймаас цөөн бод мал хулгайлдаг нь хуулийн зохицуулалтын дагуу ихдээ тэнсэн харгалзах ял авна гэж тооцдогтой холбоотой аж.

Малын гарал үүслийн гэрчилгээний агуулгыг нарийвчилж, бар кодтой болгосон гэнэ. Тодруулбал, өмнө нь гарал үүслийн гэрчилгээнд малын зүс, ээмэгжүүлэлтийн дугаар зэргийг дурддаггүй, малчны хүсэлтээр олгочихдог байжээ. Энэ нь хулгайн мал, мах мөн, эсэхийг тогтооход хүндрэл учруулдаг байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, малчид гарал үүслийн гэрчилгээ авч, бусдын малыг хулгайлан тээвэрлэж, хуйвалдсан этгээдүүддээ хүргэж өгдөг байжээ. Цагдаа нар мах ачиж яваа иргэнээс гарал үүслийн гэрчилгээг л шаардаж, шалгалт явуулна. Гэтэл гэрчилгээнд тухайн малчны нэр, регистрийн болон машиных нь улсын дугаар бичээстэй, түүнийг олгосон газраас нь тодруулахад үнэн болж таарах тул явуулна. Гагцхүү цагдаагийн алба хаагчийн ур чадвараар заримыг нь илчилдэг байжээ. Харин шинээр олгож буй гарал үүслийн гэрчилгээг дугаарлаж, зориулалт, малын тоо, зүс, хаанаас хаашаа хүрэх, ээмэгжүүлэлтийн код болон машины улсын дугаар зэргийг тодорхой бичиж, хоёр хувь хэвлэдэг болжээ. Цагдаа нар тус гэрчилгээний бар кодыг уншуулж шалган, улмаар илрүүлэх боломжтой болсон гэнэ.

Мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд түлхэц өгдөг нэг зүйл нь малын зар. Цагдаа нар дотоод сүлжээндээ алдсан малын тухай мэдээлэл байршуулдаг ч, малчдын мэдээлэл дутмаг аж. Тиймээс “Малчин лавлах” буюу 109 (үнэгүй), “Тодсураг” ТББ-ын 1900 1922 дугаарт хандаж, эрсэн, олсон, харсан малынхаа тухай мэдээллийг өгөх шаардлагатай юм байна.

Бэлтгэсэн: Б.Уянга

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Н.МЭНДБАЯР: Гарал үүслийн гэрчилгээг цахимжуулсан

Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Мэндбаяр малын хулгайг бууруулах чиглэрээр хийж буй ажлынхаа талаар ярилаа.

-Малын хулгай буурахгүй байгаа гол шалтгаан юу вэ?

-Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж, ялыг нь тэгшитгэх зорилгоор малын хулгайн хэрэгт шийтгүүлсэн бүх хоригдлыг сулласан. Улмаар энэ хэрэгт ногдуулах хуулийн санкц суларсан. Тиймээс гадуур сул чөлөөтэй яваа хулгайч нар дахин мал хулгайлах болсон. Хуулийн зүйлчлэл зөөлөрч, мал хулгайлсан хүнийг сэжигтнээр тооцох бус, гэрчээр дуудаж мэдүүлэг, тайлбар авдаг болсон учраас тэр. Судалгаанаас харахад малын хулгайчдын олонх нь ял эдэлж байсан. Мөн мал нядалгааны газрууд олноор байгуулсан нь малын хулгай өсөхөд нөлөөлсөн.

-Мал нядалгааны газруудыг камержуулах шаардлага тавьж болдоггүй юм уу?

-Мал нядалгааны газруудыг камержуулах зайлшгүй шаардлагатай. Гадаадын ихэнх орны жишиг ч ийм. Харамсалтай нь, манайд эдгээр газрыг камержуулах төсөв алга. Тиймээс “Эмээлт” болон Налайх дүүргийн мал нядалгааны газруудад хяналт бүрэн тавьж чаддаггүй. Мал нядалгааны газруудад орчноо камержуул гэсэн шаардлага хүргүүлсэн ч биелүүлсэн нь үгүй.

-Малын гарал үүслийн гэрчилгээг цахимжуулж байгаа гэл үү?

-Мал эмнэлгийн ерөнхий газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд малын гарал үүслийн гэрчилгээг цахимжуулж эхэлсэн. Цахим гэрчилгээ олгосноор цаг хугацаа хэмнэнэ. Мал ачсан машин Баян-Өлгий аймгаас гарахад мэдээлэл нь цахимаар тэр дорхноо замын постуудад ажиллаж буй цагдаагийн алба хаагч нарт ирэх юм. Улмаар мал ачсан машиныг постоор нэвтрэх үед цахимд бүртгэгдсэн материалтайгаа таарч байгаа, эсэхийг шалгана. Ингэснээр гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэх боломж хязгаарлагдаж байгаа юм. ЦЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг 2019 оны арваннэгдүгээр сард байгуулсан. Төрийн байгууллагууд хамтран ажлаа уялдуулан мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэж эхэллээ.

-Заавал интернэттэй орчинд байж, хяналт тавих юм биш үү?

-Малын гарал үүслийн гэрчилгээний цахим систем бий болгосон. Энэ систем маш үр дүнтэй. Урьд нь малын гарал үүслийн гэрчилгээг сум, багийн даргаас, малын эмчээс хэн дуртай нь авдаг байлаа. Үүнийг таслан зогсоосон. Өөрөөр хэлбэл, иргэд эрүүл, аюулгүй мах авах систем нээгдсэн. Мөн 21 аймаг, 332 сум, нийслэлийн 1500 эмч, цагдаагийн 551 алба хаагчид сургалт зохион байгуулж, энэ системд хандах эрх олгосон. Үүний хүрээнд уржигдар орон нутгийн цагдаа нарт 44 төхөөрөмж тараалаа. Тиймээс манай алба хаагчид хөдөлгөөнд орж байгаа мал, тээвэрлэж буй түүхий эд зэргийг хянах боломж бүрдсэн. Энэ оны сүүлч гэхэд тодорхой үр дүн гарах байх. Сумын мал эмнэлгийн малын эмч цагдаадаа системээр мэдээлэл дамжуулна. Тухайн малыг Өвөрхангай аймгийн Өлзийт сумаас ачиж, Улаанбаатар луу орох бүх чиглэлийг цагдаа, малын эмч хамтарч хянан, бас мэдээлэл солилцох юм.

-Малын хулгайг бууруулах чиглэлээр өөр ямар ажил хийж байна вэ?

-“Эмээлт” зах, Налайхад тус бүр нэг га газар авах хүсэлтээ нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан. Энэ газарт биржийн зохион байгуулалттай төрийн байгууллагуудын пост байгуулах зорилт тавиад байна. Мал эмнэлэг, татвар, мэргэжлийн хяналт, цагдаагийн пост тус газарт байрлана гэсэн үг. Мөн олдсон болон алдуул малыг энд хашна. Ингэснээр ченжид суурилсан мах, малын худалдаанд өөрчлөлт гарч, төрийн хяналттай, эрүүл ахуйн шаардлага хангасан, үнэ ханшийн уян бодлого баримтлах боломж бий болох юм. Оны өмнөхөн нийслэлийн ИТХ-аар 361-ийн гарамд нэг га газар шийдэж өгсөн. Тиймээс зорилтоо биелүүлэхийн төлөө ажиллана. Эдгээр мал нядалгааны газарт хэн, хэчнээн мал тушаасан, эзэнтэй, эсэх, хулгайнх уу, тухайн мал эрүүл үү, өвчтэй юү зэрэг нь эргэлзээтэй учраас нэгдсэн пост байгуулж, нарийн хяналт тавих шаардлагатай.

-Тодорхой жишээ дурдахгүй юу.

-Саяхан Дорноговийн Айраг сумаас хоёр азарга адуу хулгайлан Налайхад авчирч тушаасан хэрэг гарсан. Ингэхдээ хэргийн эзэн нь “Унага, гүү гэлтгүй бүгдийг нядлаарай” хэмээн захисан байгаа юм. Мөн Төв аймгийн Жаргалант сумаас хоёр сарын өмнө алдагдсан хоёр азарга адууны зарим нь энэ газраас олдсон. Бусдыг нь нядалж борлуулсан байх. Тиймээс мал нядалгааны газруудад маш нарийн хяналт тавих хэрэгтэй.

Бэлтгэсэн: Д.Мягмаржаргал

БАЙР СУУРЬ

Мал хулгайлах гэмт хэрэг буурахгүй байна. Малчдыг амьжиргааны хэдээс нь салгадаг энэ төрлийн гэмт хэрэг гол төлөв орон нутагт гардаг. Орон нутгийн нөхцөл байдлыг зарим аймгийн Цагдаагийн газрынхнаас тодрууллаа.

ХЭРЭГ ҮЙЛДЭГСДИЙН 80 ХУВЬ НЬ ХӨНГӨН ЯЛ ШИЙТГҮҮЛДЭГ

Ц.БАЯРХҮҮ (Хэнтий аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа):

-Малын хулгайн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд өссөн. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Юуны түрүүнд Эрүүгийн хуулийн зохицуулалтад асуудал байсан. Тодруулбал, энэ төрлийн гэмт хэргийг тус хуулийн 17.12-т заасныг үндэслэн шийдвэрлэдэг. Үүнд бусдын олон тооны мал (24 бог, найман бод) хулгайлсан этгээдийг 10-30 хоног нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зургаан сараас таван жил хүртэл зорчих эрхийг нь хязгаарлах, хорих ялаар шийтгэнэ гэж заасан. Малын хулгай үйлдэгсдийн 80 орчим хувь нь олон нийтэд тустай ажил хийх буюу хөнгөн ялаар шийтгүүлдэг. Үүнээс шалтгаалан хүнд ялаар шийтгүүлэхгүй юм чинь гэж бодож, дахин хулгай хийдэг. Нөгөөтээгүүр, малчдад өөрсдөд нь учир бий. Гэмт хэрэг үйлдэгсэд нийлэн бүлэг үүсгэдэг болж. Ингээд тухайн айлыг сонгож, сайн судалж, төлөвлөгөөтэй “хөдөлдөг”. Туслах малчин сонгохдоо хариуцлагатай хандахгүй, хэн нь мэдэгдэхгүй хүн ажилд авдаг. Гэтэл тэр хүн нь бүлэглэл үүсгэсэн, зохион байгуулалттай хулгайч болж таарч байгаа юм. Тиймээс малчид үүнд анхаарах хэрэгтэй.

Мал хулгайлах гэмт хэргийг бууруулах зорилгоор энэ онд нэлээд олон ажил төлөвлөсөн. Өнгөрсөн баасан гаргийн УИХ-ын чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тэгэхээр хариуцлага тооцох хууль чангарна гэсэн үг. Өнгөрсөн оны IV улирлаас эхлэн хэсгийн төлөөлөгч нар аймгийн Мал эмнэлгийн газартай хамтран малын гарал үүслийн гэрчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн. Тодруулбал, цагдаагийн албан хаагчид болон Мал эмнэлгийн газрынхан л ашиглах аппликэйшнтэй болсон. Энэ нь иргэдээс гарал үүслийн бичиг шаардахгүйгээр, бүртгэлээрээ нэвтэрч, тухайн мал хаанаас гаралтайг мэдэх боломжтой систем. Тус цахим системийг илүү боловсронгуй болгохоор ажиллаж байна.

ИРГЭД МАЛ АЛДСАНАА ЦАГ ТУХАЙД НЬ МЭДЭЭЛДЭГГҮЙ

Ш.ГАНБААТАР (Булган аймгийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа):

-Мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн онд 117 бүртгэгдэж, 70-ыг нь илрүүлсэн. 2018 онтой харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг өссөн. Булган аймгийн Цагдаагийн газраас 2019 онд хоёр сарын турш хөдөлгөөнт 10 пост ажиллуулж, эргүүл гаргасан. Энэ хугацаанд хэргийн гаралт багасаж, илрүүлэлт нэлээд дээшилсэн. Мал хулгайлах хэрэг гол төлөв Орхон, Бугат, Сайхан, Могод, Хишиг-Өндөр сумын нутагт гардаг. Малчид малаа хариулдаггүй нь гэмт хэрэг гарахад нөлөөлж байна. Тухайлбал, хүн хүчгүйн улмаас малаа хэдэн өдөр хараа хяналтгүй орхидог, эсвэл шөнө бэлчээрт гаргах нь түгээмэл. Харах, хянах эзэнгүй бол хулгайч нарын олз амархан болно. Хулгайч нар тухайн айлыг сайн судалж, эзэнгүй үеийг нь тааруулж, малыг нь хэдхэн минутын дотор бэлчээрт нь “янзлаад” л аваад явчихдаг. Гэтэл иргэд мал алдсанаа цаг тухайд нь биш, хэдэн өдөр өнгөрсний дараа л мэдээлдэг. Энэ нь хэрэг мөрдөлтөд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс малчид хариуцлагатай байж, малаа тогтмол тоолох хэрэгтэй.

МАХНЫ ҮНЭ ӨССӨНТЭЙ ХОЛБООТОЙ

Б.МЯГМАРСҮРЭН (Дундговь аймгийн Цагдаагийн газрын мал хулгайлах гэмт хэрэг хариуцсан ахлах мөрдөгч, ахмад Б.Мягмарсүрэн):

-Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх онд 42 гарсан нь 2018 оныхтой харьцуулахад 38 хувиар өссөн дүн. Хавар дийлэнхдээ зам дагуу суурьшсан айлуудын малыг хулгайлах нь түгээмэл. Хэрэгт холбогдогчид гол төлөв өөр нутгийн, өмнө нь энэ төрлийн хэрэг үйлдэж байсан, эрхэлсэн ажилгүй, 18-45 насныхан байдаг. Малын хулгай махны үнийн өсөлт, ногдуулж буй ял, малчдын хариуцлагагүйгээс болж өсөх төлөвтэй. Сүүлийн хоёр жил махны үнэ өссөнтэй холбоотойгоор мал хулгайлан зарж мөнгө олох зорилготой хүний тоо өссөн. Мөн ногдуулж буй ял нь хөнгөн учир давтан гэмт хэрэг үйлдэх нь элбэг. Гэхдээ энэ сард Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ял шийтгэл хуучнаа бодвол чангарлаа. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн л бол зургаан сараас дээш хугацаагаар хорихоор хуульчилсан. Сүүлийн үед бид хэргийн газарт нь биологийн дээж судалгаа хийж, долоон хэрэг илрүүлэн, шүүхэд шилжүүлээд байна. Малчдын бүлэг, нөхөрлөлийг дэмжих, идэвхжүүлэх зорилгоор манай аймгийн холбогдох байгууллагууд тогтмол сургалт, уулзалт зохион байгуулж, иргэдийн төлөөлөгч нараар дамжуулан сэрэмжлүүлэг мэдээлэл хүргүүлж байгаа. Мөн сумуудын малчдад урьдчилан сэргийлэх, анхааруулах, мэдээлэл өгөхөөр Аюулаас хамгаалах цогцолбор, богино долгионы радио станц ажиллуулдаг. Аймгийн мал эмнэлгийн газартай хамтран өнгөрсөн онд хоёр удаа авто зам дагуу малын гарал үүслийн бичиг шалгалаа. Энэ хугацаанд гэмт хэргийн гаралт харьцангуй буурсан. Мөн мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн иргэнийг шагнаж байгаа.

ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ НЬ ГАНЦ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ БИШ

Ц.ЧИМЭДДОРЖ (Архангай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан, эрүүгийн ахлах мөрдөгч, хошууч):

-Мал хулгайлсан 162 гэмт хэрэг өнгөрсөн онд бүртгэгдсэнээс 69-ийг нь илрүүлэн, эзэн холбогдогчийг нь яллагдагчаар татсан. Сүүлийн хоёр жилд БНХАУ руу мах их хэмжээгээр экспортолж, үнэ, эрэлт нэмэгдсэн. Урьд нь өдөрт 2-3 машинд ачсан мах хот руу гаргадаг байсан бол одоо 10-аас доошгүй болсон. Манай аймгийн цагдаагийн байгууллагын хүн хүч энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд дутмаг байгаа. Тодруулбал, аймагт чиглэл хариуцсан нэг л хүн байдаг. Сумуудад хэсгийн төлөөлөгч нар гэж бий. Тэгэхээр Цагдаагийн цөөн алба хаагч л хариуцаж байна гэсэн үг. Энэ онд Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэсэг байгуулахаар төлөвлөж, Цагдаагийн ерөнхий газарт хүсэлт гаргасан. Энэ асуудал шийдэгдвэл гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээс гадна илрүүлэлт сайжирна. Мөн мал, мах худалдах, худалдан авах механизмыг хяналттай болгох хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн онд малчидтай, хил залгаа Өвөрхангай аймгийн холбогдох албаныхантай хамтран хэд хэдэн удаа уулзалт, зөвлөгөөн зохион байгуулсан. Зөвлөгөөнөөс гарсан зарим санал зөвлөмжийг энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Гэхдээ мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх нь ганц цагдаагийн байгууллагын үүрэг биш. Иргэд, төр, цагдаагийн байгууллага хамтран ажиллах шаардлагатай. Ялангуяа малын хулгай ид үйлдэгддэг 10-11 дүгээр сард иргэд идэвхтэй байж, гэмт хэргийн талаар мэдээлж, туслалцаа үзүүлэх хэрэгтэй. Тэгж байж л энэ гэмт хэрэг буурна.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Чип суулгахыг дэвшилт аргад тооцож байна

Мал аж ахуй, гэрийн тэжээмэл амьтдыг хулгайлахаас сэргийлэх найдвартай аргаар цахим хувилбарыг нэрлэж байна. Тодруулбал, Казахстанд тухайн амьтны хүзүү орчмын булчинд чип суулгаснаар гаднаас нь харахад мэдэгдэхгүй, зөвхөн тусгай төхөөрөмжөөр илрүүлж, бүртгэлийн дугаарыг хардаг болжээ. Тийм цахим бүртгэлийн тусламжтайгаар алдсан мал хаана байгааг, эсвэл хулгайлагдсан нь хэнийх болохыг хялбархан тогтоодог. Чипгүй малыг нядалсан хойно нь хэнийх болохыг тогтоох аргагүй байсан бол одоо гулуузнаас эзнийг нь илрүүлэх боломжтой гэнэ. Мал эмнэлгийн газрын тийм бүртгэлд цагдаагийнхан ч нэвтрэх эрхтэй байдаг.

Ийм бүртгэлийн үйлчилгээг тус улс даяар үнэ төлбөргүй нэвтрүүлж, мал, амьтан бүр бүртгэлийн дугаартай болжээ. Ингэснээр малаа хулгайд алдсан тохиолдолд малчин улсаас нөхөн төлбөр авах боломжтой аж. Бүртгэлийн эл арга малын өвчлөлийг ч давхар бүртгэдэг тул худалдан авах амьтныхаа мэдээллийн сантай танилцаж, аль хот, сууринд хандахаа сонгох боломжтой. Малын гол халдварт өвчин илэрсэн газрыг чипийн бүртгэлд хамрагдсан нутаг оронд тэмдэглэсэн байдаг гэнэ.

Буриадад мөн чип суулгах аргыг өргөн нэвтрүүлж, малын арьсан доор суулгасан бичил төхөөрөмжийн тусламжтайгаар малын хулгайтай төдийгүй тариалангийн талбайд мал орохтой тэмцэх болжээ.

Мал, амьтныг цахимаар таних аргыг Канад, Австрали, Европ, Израил, Энэтхэг, Иран, Хятад, Турк улсад нэвтрүүлж, мэдээллийг нь хулгайн хэрэг, өвчлөлийг илрүүлэхээс гадна тооллого, байгаль орчныг хамгаалахад ашиглаж байна. Эдгээр улсад гэрийн тэжээмэл мал, амьтан төдийгүй загас, зөгийд заавал чип суулгадаг болжээ.

Үүний сацуу мал, амьтны хулгайн дийлэнх хэрэг эзэнгүй хариулга, хараа хяналтгүй байгууламжтай холбоотойгоор гардаг тул ОХУ-д 1000 рублиэр, Казахстанд эзэнгүй мал, амьтнаас болж, эрүүгийн шинжтэй гэмт хэрэг гараагүй бол 10 бог малтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулж байна. Хариулга, маллагаагүйгээс бусдын өмчид, тухайлбал, газар тариаланд хохирол учирсан тохиолдолд нөхөн төлүүлдэг аж.

Нөгөөтээгүүр, малчид хоорондоо харилцаатай байж, тухайн нутагт сэжиг бүхий гаднын дугаартай тээврийн хэрэгсэл, үл таних хүн харагдсан тохиолдолд улсын бүртгэлийн дугаар, эсвэл гадаад төрхийг бүртгэх замаар хамтран ажиллавал малын хулгайтай үр дүнтэй тэмцэх боломжтой. Мөн цалин багаас болж хулгайн хэрэг гарахад нөлөөлдөг учир малчин, эзэн хоёрын тохиролцоо хулгайн хэрэг гарах, эсэхэд нөлөөлдөг байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)