Малын хулгайч нар аргаа өөрчилж байна

Хэнтий аймгийн баруун хойд талын сумдаас мал хулгайлдаг байсан бүлэг этгээдийг тус аймгийн Цагдаагийн газрынхан илрүүлж, хэрэгт холбоотой байж болзошгүй найман хүнийг саатуулжээ. Тэд хамгийн сүүлд Өмнө-дэлгэр сумын нутгаас цөөнгүй бод хулгайлсан аж. Хэнтий аймгийн харьяат болон тус аймгийн Цэнхэрмандал сум, Хэрлэн Баян-Улаан тосгон, Улаанбаатар хотын иргэд хамтран хариулгагүй 150 бодыг 27 удаагийн үйлдлээр хулгайлсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдож буй. Бэлчээртээ эзэнгүй байгаа малыг ачиж, сум дамнуулан тээвэрлэж өөрсдийнхөө болон ах дүү, садан төрлийнхөө малд тавьж байгаад зах зээлд борлуулах арга хэрэглэдэг гэнэ. Ингэхдээ төв замаас алс, автомашинтай хүмүүс цөөн зорчдог замаар мөр буруулан явдаг байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Хэрэгт холбогдогчдоос нэг бус хүн өмнө нь мал хулгайлсан хэргээр шүүхээс ял шийтгүүлж байж. Цагдаагийнхан гэмт этгээдүүдийн явсан маршрутын дагуу шалгалт хийхэд Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан, Өмнө-дэлгэр, Цэнхэрмандал, Баянмөнх сум, Өлзийт, Тахилгат тосгоны нутгаас дээрх 150 толгой мал хулгайлсан нь батлагдаад буй бөгөөд алдагдсан таван бодын эзэн нь хараахан олдоогүй байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)