Малын тоо толгойн албан татвар авна

-Монголын парламентын түүхэнд эмэгтэй хүн анх удаа чуулганы нэгдсэн хуралдаан удирдав-

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа даргалав. Энэ нь Монгол Улсын парламентын түүхэнд чуулганы нэгдсэн хуралдааныг эмэгтэй хүн удирдсан анхны тохиолдол юм. Өмнө нь УИХ-ын дэд даргаар С.Оюун ажиллаж байсан ч хуралдаан удирдаж байгаагүй аж. С.Одонтуяагийн даргалсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар доорх асуудлуудыг шийдвэрлэв.

ДЭГ ЗӨРЧВӨЛ ХУРАЛДААНД ОРОЛЦОХ ЭРХИЙГ НЬ ХАСАХ ХҮРТЭЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ НЬ

Өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэв. Чуулганы хуралдааныг үр нөлөөтэй явуулах, хуралдаан эхлэх бэлтгэл хангах, зарим нэн яаралтай, шаардлагатай асуудалтай гишүүдийг танилцах боломжоор хангах үүднээс нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 09.00- д, нэгдсэн хуралдааныг 10.00-т эхлүүлэх, хууль санаачлагч дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан УИХ-ын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж, үүнд үндэслэн холбогдох байнгын хороод хуваариа баталж, мөрдөхөөр хуулийн төсөлд тусгажээ.

Мөн хуралдааны дэг зөрчсөн гишүүнийг тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал танхимаас гаргахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах, түүнчлэн хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилж, эмх замбараагүй байдал үүсгэх болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, санал хэлэн, байр сууриа илэрхийлэхдээ гишүүдэд хариуцлага тооцох заалтын талаар олонтоо хөндөж байв. Хууль санаачлагчид “Гишүүдэд хариуцлага тооцох заалт аль ч улсын парламентын хуралдааны дэгийн хуульд байдаг. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 2007, 2010 оны хувилбарт ч хариуцлага хүлээлгэх заалт байсан. Харин тэрхүү зохицуулалт хэтэрхий хатуу байсныг илүү уян хатан болгосон. Гишүүдэд хүлээлгэх хариуцлагыг сануулах, үг хэлэх эрхийг нь хасах гэх мэтээр шат дараатай болгож зөөллөсөн. Бусад улсын парламентад ямар зохицуулалттай байдаг талаар Парламентын судалгааны хүрээлэн судалгаа хийсэн” хэмээн тайлбарласан.

КОНЦЕСС, ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН АСУУДЛЫГ ЗГХЭГ-ЫН ДАРГЫН ЭРХЛЭХ АСУУДЛААС ХАСАЖ, ШАДАР САЙДЫНХАД ХАМРУУЛНА

Дараа нь Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулиудын хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэв. Төслийн танилцуулгад “Коронавируст халдварын цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд үргэлжлэн нөлөөлөх шинжтэй байгааг харгалзан, 2021 онд 22 хувь болж нэмэгдэх байсан НДШ-ийг 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөн оны долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд 17 хувиар буюу ажилгүйдлийн, тэтгэмжийн даатгал болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг нийт дүнгээр нь 3-5 нэгжээр бууруулахаар тооцсон. Үүнтэй холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан” гэв.

Түүнчлэн орон нутгийн төсвийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж зэрэг тулгамдсан асуудлаа орон нутаг бие даан шийдвэрлэх боломж олгож, малын тоо толгойн албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан бие даан тогтоох эрхийг сум, дүүргийн ИТХ-д ирэх оноос олгохоор төлөвлөж буйтай холбогдуулан Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төсөл батлагдсанаар малын тоо толгойн татварын орлогыг тухайн сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, иргэд, олон нийтийн саналыг үндэслэн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулах боломж бүрдэх юм байна.

Концессын үр дүнд ирээдүйд төр, орон нутгийн өмчлөлд тодорхой эд хөрөнгө бий болох ба энэхүү хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд хамаарч байна. Иймд үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах зорилгоор концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг төрийн худалдан авах ажиллагааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх, үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлаас концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг хасаж, Шадар сайдын эрхлэх асуудалд хамруулахаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан асуулт тавьсан гишүүд малын тоо толгойн албан татварыг онцлон асууж байлаа. Татварын хувь хэмжээг тогтоож, бүрдүүлсэн төсвөө зарцуулах асуудлыг орон нутгийн ИТХ шийдвэрлэхээр төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, бэлчээр ашиглалт, цөлжилт, худаг усны хангамж, малын үүлдэр угсааг сайжруулах, малын эрүүл мэндийн асуудал зэргээр зарцуулалтыг нь тодорхой заалгүй, сум орон нутгийн онцлогийг харгалзан, төвлөрлийг сааруулж, иргэд өөрсдөө асуудлаа шийдвэрлэх эрхийг нээж өгөхөд чиглэсэн. Мөн албан татварыг тэнцүү хоёр хуваан, тухайн жилийн долдугаар сарын 15, арванхоёрдугаар сарын 15-ны дотор өмчилсөн малаа бүртгүүлсэн сум, дүүрэгтээ төлнө гэдгийг Сангийн сайд гишүүдийн асуултад хариулахдаа онцолж байв.

Уг төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.4 хувь нь дэмжив. Мөн “Засгийн газрын зүгээс Монголын төр, хувийн хэвшлийн топ 10 их, дээд сургуулийг дэмжинэ гэсэн бодлого баримталж байна. Иймд Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг эдгээр сургуульд зарцуулна” гэж Сангийн сайд хэлсэн.

Бэлтгэсэн: А.Амина


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)