Малчид таван хувийн хүүтэй зээлээр өвөлжөөндөө амины орон сууц бариулж болно

Жилийн дөрвөн улирлын турш хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг малчдад зориулсан таван хувийн хүүтэй, амины орон сууцны зээлийн хөтөлбөрийг ХХААХҮЯ-наас хэрэгжүүлэхээр төслийг нь удахгүй Засгийн газарт өргөн барих гэж буй аж. Энэ хөтөлбөрийн онцлог нь аль нэг төв суурин газарт барилга барих бус, малчны хотонд буюу өвөлжөөн дээр нь хувийн хаус сүндэрлүүлэх юм билээ.

Малчдад зориулсан амины орон сууцны цахилгаан, дулаан, жорлонг орчин үеийн ногоон барилгын технологиор шийдэх төлөвлөгөө гаргажээ. Тухайлбал, дээвэр дээр нь нарны панель суурилуулж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр цахилгаан, дулааныг нь хангах гэнэ.

Хэдэн толгой малтай айлыг тус зээлд хамруулахаа, хөтөлбөрийн нэгдсэн санхүүжилтийн эх үүсвэрийг хаанаас бүрдүүлэхийг одоохондоо эцэслэн тогтоогүй аж. Ямартай ч таван хувийн хүүтэй амины орон сууцны зээлд хамрагдсан малчдаас төлбөрийг нь заавал бэлэн мөнгөөр авна гэхгүй, ноос, ноолуур, арьс, шир зэрэг малынхаа ашиг шимээр төлөх уян хатан нөхцөлтэй байлгах юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)