Майкл Клечески: УИХ-ын сонгуульд ажиглагчаар оролцох сонирхолтой байгаа

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, тус хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн нар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Майкл Клеческиг өчигдөр буюу энэ сарын 20-нд хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил, сонгогчийн санал авах ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар танилцууллаа. Тэрбээр, “Ээлжит сонгууль “COVID-19” цар тахлын үед болж байгаа учраас УОК-оос гаргаж байгаа заавар зөвлөмжийг чанд баримтлан ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгааг УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хэлбэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хийх ёстой. Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар шинэ зохицуулалт орсон. Үүний дагуу технологийн Харилцаа холбооны зохицуулах хороо, “Фейсбүүк” компанитай хамтран ажиллаж байгаа. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд манай сонгогчдын идэвх өндөр байна гэдэгт итгэлтэй байна. Гадаад улсын иргэд Монголд ирэх боломжгүй болсон тул манай улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөгч нарыг сонгуульд ажиглагчаар оролцохыг урьж байгаа” хэмээв.

Элчин сайд Майкл Клечески, "Би УИХ-ын сонгуульд ажиглагчаар оролцох сонирхолтой байгаа. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх талаар хамтран ажиллах боломжтой. АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс аравдугаар сараас Монгол Улсад залуучууд, эмэгтэйчүүдийн сонгогчдын боловсролыг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд хамтарч ажиллаж болно" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)