“Майдар эко хот” төслийн талбайд Монголын үндэсний кино үйлдвэрийн шавыг тавилаа

Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайтай “Майдар эко хот” төслийн талбайд Монголын үндэсний кино үйлдвэрийн шавыг өнөөдөр тавилаа.

Майдар хотод 50 га талбайг хамарсан 9 студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авах талбай, агуулах, офиссоос бүрдсэн, орчин үеийн стандартад нийцсэн Монголын анхны кино үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах юм.

“Чингис хаан” кино студи гэж нэрлэсэн уг цогцолбор нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, гадаад дотоодын кино урлагийн мэргэжилтнүүдийн уулзаж, хамтран ажилладаг гол төв болно гэж төсөл санаачлагчид найдаж байна. Кино студи нь дөрвөн улирлын байгалийн онцлог төрхийг харуулсан зураг авах, хотын болон байгалийн, уламжлалт соёл ахуйг харуулсан гэх мэт бүх төрлийн зураг авах боломжтой, байгалийн өвөрмөц төрх бүхий олон сонирхолтой газруудтай, жилийн 300 орчим өдөр нартай байдаг тул байгалийн давуу талыг зураг авахад ашиглах, мэдлэг, боловсролтой ажиллах хүчнээр хангах боломжтой зэрэг давуу талтайг төсөл санаачлагчид онцолж байна.

Кино студийг байгуулснаар Монгол Улсад орчин үеийн тоног төхөөрөмж, технологи дээр ажиллаж чаддаг туршлагатай ажиллагсад бий болж, Монголын кино урлагийн бүтээлүүд экспортын шинэ бүтээгдэхүүн болохын дээр уламжлалт соёл иргэншил, байгаль орчин, хөгжлийн талаар дэлхий нийтэд танилцуулах боломж нээгдэх зэрэг олон ач холбогдолтой аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)