“Мазаалай” Туул голын хогийг цэвэрлэлээ

Орчны бохирдлыг бууруулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төр, хувийн хэвшлийнхэн Туул голын эрэг дагуух хог цэвэрлэх “хөдөлгөөн” өрнүүлж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачилсан “Хоггүй хот” аянд нэгдсэн иргэд өнгөрсөн баасан гарагт Баянзүрхээс Сонсголонгийн гүүр хүртэлх газрыг цэвэрлэсэн бол “Мазаалай” аялагч клубийнхэн хотын төв хэсгийн гол дагуух хэсгийг цэвэрлэж, 150 шуудай буюу 2.2 тонн хог түүв. Залуус хүн явахад бэрхшээлтэй, мод, бутан доторх хур хогийг цэвэрлэжээ. Тэд “Нэг бургас тойроход л шуудай хог гарч байна. Ганцхан цагийн дотор 70 шуудай хог түүлээ. Байгаль эх хүмүүст уух ус, амьсгалах агаар үнэгүй өгдөг. Харин бид яагаад ийм муухай ул мөр үлдээх ёстой гэж. Арай ч дээ” гэсэн юм.