Мазаалай, тахь, хээрийн бүргэдийг Боннын конвенцод бүртгэлээ

Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаа­лах тухай буюу Боннын конвенцын талуудын XII бага хурал өнгөрсөн сарын 23-28-нд Филиппи­ний Манила хотод боллоо. Гурван жил тутам болдог тус хурлын үеэр Монгол Улс нэн ховор зарим амьтныг конвенцод бүртгүүлэх санал гаргаж, оролцогч талуудаар хүлээн зөвшөөрүүлж чадсан байна. Уг конвенцод бүртгүүлснээр тэд­гээр амьтныг устахаас сэргийлэх ажлыг эрчим­жүүлж, олон улсын байгууллагуудтай энэ чиглэ­лээр хамтран ажиллах боломж бүрдэж буй юм байна. Тус конвенцын үндэсний зохицуулагч, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжил­тэн Д.Ариунтуяагаас энэ талаар тодруулахад,  амьтныг Боннын конвенцын нэгдүгээр хавсралтад оруулах санал гаргасан нь олон улсад дэмжигдлээ. Түүнчлэн тус конвенцын нэгдүгээр хавсралтад хэдийнэ оруулчихсан байсан хонин тоодог шувууг хамгаалах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөгөө танилцуулж, баталгаажууллаа. Устах аюулд өртсөн амьтдыг тус конвенцын нэгдүгээр хавсралтад багтаадаг журамтай. Монгол Улс уг конвенцод 1999 онд нэгдсэн. Конвенцод нэгдэн орсон улс орнууд хууль тогтоомжийнхоо хүрээнд тухайн амьтдыг хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх үүрэгтэй. Түүнээс гадна бусад улс оронтой хамтрах шаардлага ч бий. Хонин тоодог гэхэд нүүдэллэж амьдардаг, Монгол, Кыргыз, Казахстан, Иран, Тажикистан зэрэг 12 оронд тархсан. Манай Засгийн газар санал өргөн барьсан гэдэг утгаараа хонин тоодгийг хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр бүс нутгийн хэмжээнд санаачилга гарган ажиллах ёстой. Ирэх жил төрийн бус байгууллага, судлаачид, бусад улс орноос мэргэжлийн хүмүүсийг урьж, хэрхэн хамтран ажиллахаа тогтоохоор төлөвлөсөн гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)