Мазаалайг таниулсан “Говийн баавгай” зогсож болзошгүй

Монголд хамгийн удаан, тогтвортой үргэлжилж буй төсөл “Говийн баавгай” гэхэд хилсдэхгүй. 2005 оноос хэрэгжүүлсэн энэ төслийн хүрээнд мазаалайн тоо толгойг тогтоох, амьдрах орчныг судлах олон ажил хийдэг. БОАЖЯ-ныхан 2000 оны эхээр олон улсын эрдэмтдийг Монголд урьж, уулзалт хийхдээ тэднээс мазаалайг судалж, хамгаалахыг хүссэн юм. Үүний дараа Дэлхийн баавгай хамгаалах нийгэмлэгийн ерөнхийлөгч Харри Рейнолдс 2006 онд Японд болсон олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр “Би сайн дураараа ажлаа хүлээлгэн өгч, үлдсэн амьдралдаа Монголын говийн баавгайг судална” хэмээсэн аж. Монголынх гэж онцлоод байгаагийн учир нь дэлхийн өөр хаана ч говьд амьдардаг баавгай үгүй. Тухайн үед манай судлаачид өнөөх л санхүүгийн асуудлаас болж дорвитой “хөдлөх” боломжгүй байж. Харин Харри Рейнолдс мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч анх зүүж, түүний нутагладаг газарт автомат камер байршуулах зэргээр судалгаанд орчин үеийн, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн юм. Үүний дүнд эл амьтан амьдралынхаа турш 3000 км зам туулж хоол хайдаг, хоорондоо таарамж муутай зэрэг сонирхолтой олон зүйлийг тогтоожээ. Үүний сацуу манай судлаачдад туршлага хуримтлуулах боломж ч олгосон билээ. “Говийн баавгай”-г хэрэгжүүлээгүй бол мазаалай одоогийнх шигээ танигдсан байх, эсэх нь эргэлзээтэй. Манай улс амьтан, ургамлын ихэнх судалгааг гадаадын судлаачидтай хамтарч, тэдний нөөц бололцоонд тулгуурлан хийдэг нь нууц биш. Тийм ч учраас дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас олон улс хилээ хаасан нь манайд хэрэгжүүлж буй ихэнх хээрийн судалгаанд нөлөөлж, зогсоод байна. Тэдгээрийн дунд “Говийн баавгай” төсөл ч багтсан юм. Тодруулбал, төслийн удирдагч Харри Рейнолдс Монголд ирэх боломжгүй учир 2020 оны хавар, намрын судалгаагаа цуцалжээ. Тиймээс баавгайд хүзүүвч зүүж, генетикийн судалгаанд ашигладаг үс, ялгадсыг нь цуглуулаагүй гэсэн үг.

Энэ талаар төслийн зөвлөх, амьтан судлаач, доктор Л.Амгалангаас тодрууллаа.

-Төслийн судалгаа нэг жил завсарлалаа. Мэргэжилтнүүд одоо хэрхэн ажиллаж байна вэ?

-Мазаалайг Говийн их дархан цаазат газарт очиж дунджаар 20 хоног судалдаг. Үүнд хоол хүнс, шатахуун зэргээс авхуулаад урсгал зардал их шаарддаг юм. Цаашлаад зураг, дүрс бичлэгт анализ хийх, үс, ялгадсыг лабораторид шинжлэх, сансрын дохиололтой хүзүүвчийн мэдээллийг цуглуулах ажилд багагүй хөрөнгө зарцуулна. Төслийн удирдагч олон улсын байгаль хамгаалах байгууллагуудад мазаалайн тухай танилцуулан, тэднээс санхүүжилт босгодог. Зарим жил өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлаж судалгаагаа үргэлжлүүлэх тохиолдол ч бий. Төслийн удирдагч Харри Рейнолдс жил бүр 5-6 автомат камер байршуулсаар өдгөө 30 гаруй болсон. Мөн 26 мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүсэн юм. 14 жил тасралтгүй үргэлжилсэн эл төслийн хээрийн судалгааны ажил хөл хорионы улмаас өнөө жил зогссон ч судлаач, мэргэжилтнүүд тэжээлийн цэгүүдэд ажиглалт хийж, камерын бүрэн бүтэн байдлыг шалгаж, дүрс бичлэг, зургийг нь мэдээллийн санд хадгалж байна.

-Харри Рейнолдсын нас 80 дөхөж буй гэсэн. Ямар нэг байдлаар энд ирэх боломжгүй болбол төслийн явцад нөлөөлөх үү?

-Тэрбээр “Би цаашдаа Монголд ирэх боломжгүй болно. Тиймээс энэ төслийг цааш үргэлжлүүлэх хүн олж, ажлаа хүлээлгэж өгнө” гэсэн. Хөл хорио цуцлагдвал “Говийн баавгай” төсөл хэвийн үргэлжилнэ. Мөн Олон улсын баавгай судлалын нийгэмлэгийнхэн энэ амьтны судалгаанд хамтрах санал тавьсан. Судлаачид энэ онд олон улсын баавгай судлалын хурлыг Монголд зохион байгуулахаар төлөвлөсөн ч цаг үеийн асуудлаас шалтгаалан хойшлуулаад байна.

-Урт хугацааны судалгааны үр дүнд мазаалайн тухай олон зүйлийг тодорхой болгосон. Таны бодлоор энэ амьтныг хамгаалахын тулд нэн түрүүнд юу хийх ёстой вэ?

-Амьтны тоо толгойг 500-гаас доош байвал нэн ховор, устаж буй хэмээн тодорхойлдог. Гэтэл манай говийн баавгай 50 ч хүрэхгүй үлдсэн шүү дээ. Тиймээс хамгийн түрүүнд амьдрах орчныг сайжруулах шаардлагатай. Говийн хамгийн том Шархулст баянбүрдэд сүүлийн гурван жил хур тунадас ороогүй. 1-2 удаа үүл буудаж, бороо оруулсан ч дорвитой нөлөөлөөгүй. Тэнд ургадаг заг ногоорохоо больсон. Гэтэл Хятад улс цөлжилттэй нутагтаа үүл буудан цас, бороо оруулж, томоохон усан сан байгуулан, ургамал тарих зэргээр зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулдаг. Манай улс үүн шиг дорвитой арга хэмжээ авах шаардлагатай. Ер нь хур тунадас шиг үнэтэй зүйл үгүй хэмээн ярилаа.

Монгол, Хятадын Засгийн газар 2017 онд гэрээ байгуулж, 11.6 сая юанийн санхүүжилт гарган мазаалайг судлах төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэрээнд “Говийн баавгай”-н тогтоосон зарим зүйлийг дахин судлахаар заасан байв. Манай судлаачид “Олон улсын байгууллагатай хамтарч судалсан зарим ажлыг давхардуулсан байна” гэж хэлсэн ч албаныхан “Хоёр улсын Засгийн газар гэрээ байгуулсан тул хэрэгжүүлэхээс өөр аргагүй” гэсэн байдаг. Гэхдээ дархан цаазат газрын захиргаанд машин, техникийн туслалцаа үзүүлж, тэжээлийн цэгүүдэд нэмж камер байршуулсан зэрэг ажил хийсэн. Уг төсөл энэ жил дуусах байсан ч хөл хорионы улмаас зогсож, хараахан үр дүнгээ тайлагнасангүй. Одоогоор үргэлжлүүлэх, эсэх нь ч тодорхойгүй байна. 11.6 сая юань бол бага төсөв биш. Ийм хөрөнгөөр олон улсад баталчихсан зүйлийг дахиж судлахын оронд тулгамдаад байгаа генетикийн судалгаа, амьдрах орчныг сайжруулах зэрэг хэрэгтэй зүйлд зарцуулбал илүү үр дүнтэй санагдана. 11.6 сая юаниар генетикийн шинжилгээний лаборатори ч барих боломжтой юм билээ. Энэ мэтчилэн их хөрөнгө зарсан атлаа гол зүйлээ судалж, дорвитой үр дүн гаргаагүй төсөл өчнөөн.

Мазаалай бол говьд тасарч үлдсэн хүрэн баавгай, эсвэл тэнд амьдардаг тусдаа төрөл зүйл мөн, эсэх нь одоо ч эргэлзээтэй. Судлаачид энэ асуудлаар ихээхэн зөрчилддөг. Үүнийг генетикийн аргаар шинжилж, баталдаг. Эл ажлыг докторант Т.Одбаяр АНУ-д хийж буй юм. Тэрбээр докторын ажлын судалгаагаа дуусгасан бөгөөд удахгүй хамгаалах аж. Судалгааны үр дүнг олон улсын сэтгүүлд нийтлүүлэхийн өмнө нийтэд дэлгэж болохгүй. Тэгэхээр одоохондоо мазаалай тусдаа төрөл зүйл мөн, эсэх нь эргэлзээтэй хэвээр үлдлээ. Т.Одбаяраас “Говийн баавгай” төслийн талаар асуухад “Энэ төслийн хээрийн судалгаанд 2007 оноос хойш явсан. Мазаалайн тоо толгойг нарийвчлан тогтооход генетикийн судалгаа зайлшгүй шаардлагатай тул би энэ ажлыг хариуцаж авсан юм. Харри Рейнолдс манай улсын залуу судлаачдыг туршлага хуримтлуулахад нь дэмжиж, чиглүүлэн, туслахыг эрмэлздэг. Миний хийж буй судалгааны ажилд ч гол нөлөө үзүүлсэн хүмүүсийн нэг. Лабораторид шинжлэх дээжийг төслийн хүрээнд цуглуулсан. 

Одоогоор “Говийн баавгай”-н хээрийн судалгаа түр зогссон ч генетикийн судалгааны ажил хэвийн үргэлжилж байгаа. Сүүлд хийсэн судалгааны дүнг олон нийтэд удахгүй танилцуулна. Эл төслийн ач холбогдол бол олон улсад мазаалайг сурталчилсан явдал. Шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл их байх тусам олон улсын байгууллага, эрдэмтэд эл амьтныг сонирхож, хамтарч хамгаалах санал тавьдаг. Монголд очихоороо бусад судлаачтай туршлагаасаа хуваалцаж, мазаалай судлах ажлаа “Говийн баавгай”-гаас хамаарахгүй үргэлжлүүлнэ. Миний бодлоор Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, ШУА болон их, дээд сургуулийн судлаачид, олон улсын эрдэмтэд нэгдэж, урт хугацааны төлөвлөгөө гарган ажиллавал илүү үр дүнд хүрнэ. Мазаалай бол эмзэг популяц учир нарийн төлөвлөж, судлах хэрэгтэй” гэлээ. Ташрамд дурдахад, мазаалайг судалж, докторын зэрэг хамгаалсан судлаач нэг байдаг. Харин эл төсөлтэй хамтарч буй докторант хоёр бий. Тэгэхээр “Говийн баавгай” хоёр доктор “төрөхөд” тусалж буй. Хаана шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргаж байна, тэр газар илүү хөгждөг. Манай улсад эл зарчим ус, агаар мэт хэрэгтэй байгааг судлаачид анхааруулсаар буй. Тиймээс эрдэмтэн, судлаачдын үгийг сонсож, шинжлэх ухаанд тулгуурлан бодлого хэрэгжүүлэхгүй бол дээр, дооргүй учраа олох гэж будилах зуур говийн хэдэн баавгай маань устах вий.

Бэлтгэсэн: О.Алуунгуа 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)