Мадейрт үер бууж, 32 хүн амь үрэгдлээ

“Португалийн аялал жуулчлалын томоохон арал Мадейрт ширүүн бороо үргэлжлэн охж, хүчтэй шуурга болсны улмаас наад зах нь 32 хүн амь үрэгдээд байна” ВВС мэдээлэв. Гэмтэж бэртсэн 68 хүнийг Атлантик арлын эмнэлэгт хүргээд байгаа бөгөөд тэдний дунд гадаадын жуулчид байгаа эсэх нь тодорхойгүй байна.
“Хүчтэй салхинд булгарсан мод, үерийн ус гудамж, талбайг хаасан тул аврах ажиллагаа явуулахад хүндрэл учирч байна” гэж Мадейр арлын төв Фунчал хотын захирагч Мигуэль Альбукерке мэдэгдээд, онцын шаардлагагүй бол иргэд орон гэрээ орхин явахгүй байхыг уриалжээ. Хотын зарим дүүрэгт цахилгаан, харилцаа холбоо тасарчээ.
Португалийн Ерөнхий сайд Жозе Сократеш байгалийн гамшиг болсон бүс нутагт очин байдалтай танилцаж, тусламж, аврах ажиллагааг зохион байгуулахад оролцох аж. Тэрбээр “Бүс нутагт онц байдал зарлаж, гамшгийн хохирлыг барагдуулахад улс даяараа оролцохоос өөр аргагүй болсоныг нөхцөл байдал шаардаж байна” гэв.
Европын аялал жуулчлалын том арал Мадейрт хоёрдугаар сард ийм үер болж байсан удаагүй агаад хотын иргэд ихээхэн цочирдсон байна. Тус аралд 1993 оны аравдугаар сард ширүүн бороо орж, хүчтэй шуурсаны улмаас найман хүн амь үрэгдэж байжээ. 
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)