“Магнайн баяр”-тай, тогтуун сайхан шинэлцгээе

Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр дөхөж, айл өрхүүд дор бүрнээ дуулиан, шуугиан багатай бэлдэж эхэллээ. Цаг үеийн байдлаас болоод төрийн золголт, нутгийн зөвлөлийн болон албан байгууллагын золголтыг хориглосон. Бөхийн барилдаан болохгүй. Өөрөөр хэлбэл, хүн олноор цуглах арга хэмжээ бүрийг хязгаарлах чигтэй байгаа. Мөн өчигдрийн байдлаар баар, цэнгээний газруудыг хаах тухай ярьж эхэллээ. Монгол түмэн Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр ийм уур амьсгалд өтгөс, нялхаст ээлтэй хотол төгс хэмээх төмөр хулгана жилийг угтах гэж байна. 

Шинэ төрлийн вирус дэлхий дахинд аюулын харанга дэлдэж эхэлсэн даруйгаас бүх шатны сургуулийн хичээлийг түр зогсоосон тул оюутан, сурагчид гэр гэртээ байгаа. Дунд сургуулийн сурагчид телевизээр зааж буй багшийн удирдлага дор хичээлээ хийж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу эцэг, эхчүүд нь тэднийг гадуур дагуулж явах нь эрс багассан нь анзаарагдаж байна. Улсын нийт иргэд, нийслэлийн оршин суугчид энэ мэтчилэн сонор, сэрэмжээ өндөрсгөж, анхаарал болгоомжтой байх болсон. Нөхцөл байдал ийм байгаа ч, сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа энд тэндгүй гарсан, хүнсний захуудын лангуу бараа, бүтээгдэхүүнээр сийрэгхэн байгаагаас үзвэл айл өрхүүд дор бүрнээ уламжлалт баяраа хийдгээрээ, гэхдээ даруу хийнэ гэсэн төлөвтэй байгаа нь ажиглагдаж байна.

Өвчний тархалтын тухай сонсохоос өмнө хүмүүс нийгмийн сүлжээгээр “Энэ жил бие биедээ хятад бараа биш, мөнгө бэлэглэе” хэмээж байсан нь нэлээд газар авснаас тэр үү, гарын бэлэг яах билээ гэж улайрах хүн харьцангуй цөөн байна. Олон нийт коронавирусийн тухай мэдээлэл сонссон даруйдаа цочирдож, дэлгүүр, хүнсний захуудын лангууг хоосолж байсан үеийнхтэй харьцуулахад тайвширчээ. Бүсгүйчүүд “Бууз, банш хөлдөхгүй нь, танайх яах гэж байна”, “Танай ажлынханд гоё дээл үзүүлэх юм сан, сонирхох болов уу” гэх зэрэг яриа дэлгэх нь таатай. Ах, дүү нартайгаа хэрхэн шинэлэх талаар ярилцаж үзэхэд аав, ээж, авга, нагацуудаа золгоно, найз нарынхаараа “хэсэхгүй”, аймаг, сум зорьж давхихгүй гэж байлаа. Тэгэхээр энэ жилийн Цагаан сарын баяр аядуу, намдуу болох нь ээ.

Хэдийгээр ярьж тохироогүй ч хүмүүс золгохдоо аав, ээжээсээ өөр хүнд үнсүүлэхгүй төлөвэй байна. Бага насны хүүхдүүдээ гадуур дагуулж явахгүй гэж байна. Харин болж өгвөл хөдөө ах, дүүс рүүгээ явуулчих юм сан гэх хүн нэг бус байх аж. Агаарын сайханд элдэв муу юмнаас хол байна гэж үзэж буй аж. Ийм бодолтой хүмүүстэй санал солилцохдоо эмнэлгээс хол дэмий биз дээ гэж бодлоо нэмэрлэв.

Монгол түмэн ийнхүү хоёр дахь удаагаа цагаан сарын баяраа хорио, цээрийн дэглэмд хийх болж байна. 1952 оны өвөл маршал Х.Чойбалсан насан өөд болсны дараахан тохиосон баярыг тэмдэглэлгүй өнжиж байсан түүхтэй.

МУИС-ийн багш, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор С.Дуламын хэлж байсан санаанд оров. Тэрбээр “Ахмад хүний амрыг асууж буй хэвлүүхэн хүүхдийг хариу өхөөрдөн “Мэнд ээ, амар сайн уу”, “Мэнд ээ, амар сайхан шинэлэв үү”, “Эрдэмтэй хүн болоорой”, “Баатар болоорой” гэхчилэн мэндчилэн ерөөгөөд хоёр хацрыг нь илбэн үнсэх юм уу, “Магнайн баяр” болгож духан дээр нь зөөлөн үнэрлэдэг. Түүнээс биш хацар нүүрийг нь хаана нь ч хамаагүй шүлсдэн үнгэх ёсон үгүй. Ер нь “үнсэх” гэдэг нь угтаа “үнэрлэх” гэсэн утгатай шүү дээ. Ижил насныхан нэгнээ үнсдэггүй. Ахмад хүн бага насныханд “Мэнд ээ” гэсэн хариу өгдөг бол бага насныхан нь ахмадынхаа амрыг эрдэг. Ахмад нь дүүмэд хүний амрыг эрээд зогсож байж болохгүйг санаарай” гэж байлаа.

Тийм ээ, ахмадынхаа тохойг өргөн амрыг нь эрж, багачууд хүүхдүүдийнхээ духыг үнэрлэн “Магнайн баяр” болгож, ерөөлтэй сайхан үг хэлэлцэн, гэр гэртээ тогтуун сайхан шинэлье ээ.

Бэлтгэсэн: Р.Оюунаа

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Дэлхий дахинд хурдацтайгаар тархаад буй коронавирусээс болж манай улс энэ жил Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй болсон. Мөн зарим улсаас бараа бүтээгдэхүүн импортлохоо больсноос үүдэн үнийн хөөрөгдөл үүсэж эхэлжээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэрхэн өссөн талаар сурвалжиллаа. Шинэ жил, Цагаан сараар хүний хөлд хамгийн их дарагддаг газар бол “Нарантуул” олон улсын худалдааны төв. Цагаан сар хаяанд ирсэн энэ үед “Нарантуул” зах сэлүүхэн байв. Урд хөршийн хилийг хаасантай холбоотойгоор бэлгийн бараа гэх “хог” цөөхөн лангуунд харагдав. Сүүлийн үед цахим сүлжээнд “Мөнгөө Монголдоо үлдээе”, “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжие” гэх уриалга иргэдийн дунд тархаад буй. Тиймээс Монгол үйлдвэрийн оймс, түлхүүрийн оосор, арьс, ширэн бүтээгдэхүүнтэй лангуу өмнөх жилүүдийнхээс нэмэгджээ. Хил хаахаас өмнө амжиж авчирсан хятад бараа бүтээгдэхүүнийг 500-10 000, Монгол нь 1000-25 000 хүртэлх төгрөгөөр борлуулж байв. Ажлын өдөр учир худалдан авагч бага байгаа юм уу гэж тойрч зогссон наймаачдаас асуухад “Үгүй. Энэ жил хүн бага, борлуулалт муу байна. Цагаан сарыг гэр гэртээ цомхон тэмдэглэх болсон учир хүмүүс бэлэг сэлт бус, ууц, тавгийн идээгээ л бэлтгэж байгаа бололтой” гэлээ. Зарим иргэн “Бүх бараанд үнийн хөөрөгдөл үүсээгүй ч үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн өнгөрсөн жилийнхээс үнэтэй байна” гэв. Тодруулбал, 1000- 1500 төгрөгөөр борлуулдаг байсан түлхүүрийн оосор 1500-5000, модоор урласан зарим бүтээгдэхүүн 10 000-25 000 төгрөг болтлоо өсжээ.

Чингэлтэй дүүргийн XVII хорооны иргэн Б.Баясгалангаас Цагаан сарыг хэрхэн тэмдэглэх талаар нь тодруулахад “Өмнөх жилүүдийн л адил идээ, шүүсээ бэлтгэнэ. Харин айл хэсэхгүй, гэртээ байна. Гар цайлгахдаа бэлэн мөнгө өгөхөөр шийдсэн. Уг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гэсэн боловч үнээ өсгөчих юм. Модны хугархайгаар хийсэн аяга, утасны тавиураа 10 000-12 000 төгрөгөөр зарна. Ном бэлэглэе гэхээр бас л үнээ нэмчихэж. Өнгөрсөн жил “Аз хур” номын дэлгүүр хамгийн хямд бэлгийн багцаа 6900, хүүхдийнхийг 4900 төгрөгөөр борлуулж байсан. Гэтэл энэ жил 7900 болсон байна лээ. Хүүхдийнх нь 6900. Тэгэхээр хэн худалдан авах билээ” гэв.

Хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний “Барс”, “Хүчит шонхор”, “Бөмбөгөр” худалдааны төвд үнийн хөөрөгдөл үүсжээ. Жилдээ ганц тохиох энэ баярыг хэн хүнгүй бусдаас дутахааргүй тэмдэглэх гэсэндээ байгаа бүхнээ шавхдаг жишиг тогтоод удсан. Учир нь Цагаан сараар идээ, шүүс элбэг хангалуун байх нь тэр жилийнхээ өнгийг тодорхойлно гэж үздэг учир ууц, шүүсэнд нэлээд мөнгө зардаг. Тэр тусмаа бэлэг биш, бэлэн мөнгө өгье гэх урилга иргэдийн дунд гарсан тул баярын ширээндээ л анхаарал хандуулах болов. Нэгэнт бэлэг сэлтэд мөнгө үрэхгүй учир идээ шүүсэндээ анхаарлаа хандуулахыг нь мэдсэн ченж нар чоно борооноор гэгчээр үнээ нэмээд амжжээ.

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын иргэн Э.Энхтөр “Манайх хотонд байгаа амьд хонио 200 000-250 000-аар зарж байгаа. Харин “Хүчит шонхор” захад ууцыг 160 000-350 000 төгрөгөөр борлуулсан. Үхрийн өвчүүг жингээс нь шалтгаалаад 160 000-250 000 төгрөгөөр худалдаж байна. Цагаан сар тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гарсан хэдий ч ууц, буузны махны эрэлт буураагүй” гэв. “Хархорин” худалдааны төвд үхрийн цул мах 12 000, “Бөмбөгөр”, “Барс”-ад 13 500 төгрөгийн үнэтэй байв.

Тавгийн болон цагаан идээг “Барс” худалдааны төвд хамгийн хямд худалдаж байлаа. Гандангийн хэвийн боов ширхэг нь 2000, ааруул кг нь 12 000 төгрөг. Харин “Бөмбөгөр”-т боов 2200 төгрөг гэв. Хамгийн хямд нь 2100 бол үнэтэй нь 2700, ааруул 18 000 төгрөг байв. Мөн нарийн ногоо, төмс хүнсний ногооны үнэ өсжээ. Байцай 2500, төмс 800-900, өргөст хэмх, улаан лооль 5000-7000, гурил кг нь 1100-2000 төгрөг. “Барс” худалдааны төвийн жимс, хүнсний ногооны худалдагч Э.Сүрэн “Өргөн хэрэглээний бараг бүх бүтээгдэхүүний үнэ өссөн. Хил хааснаас болсон байх. Иргэд биднийг л үнээ нэмчихсэн гэж ойлгодог. Коронавирус гарснаас болж хятад хүнсний ногоо, бараа бүтээгдэхүүн худалдах, нэмж захиалахыг хориглосон. Тиймээс хятадын бүтээгдэхүүн байхгүйгээс болж бусад улсын үйлдвэрийн бараануудын үнэ нэмэгдсэн. Бид захиалгаа өгөөд, нийлүүлэгч компаниуд хүргэж ирдэг. Тэдгээр компани үнээ нэмчихсэн” гэв. Харин “Хүчит шонхор” худалдааны төвийн нэгэн худалдагчаас үнэ яагаад нэмэгдсэнийг тодруулахад “Ахмадууд зээлээ тэглүүлчихээд байна” гэж хээв нэг хэлэв. Тэдний нүдэнд зээлээ тэглүүлсэн ахмадууд “мөнгөний гахай” болж харагдаж байгаа бололтой.

Ямартай ч бараа бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ их байгаа учир “хорио”- нд орсон ч Цагаан сарыг хотлоороо дэлгэр тэмдэглэх бололтой, монголчууд.

Бэлтгэсэн: Ж.Отгонтуул

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-Та цагаан сараа хэрхэн тэмдэглэх вэ?

Н.СЭРЧМАА (Сонгинохайрхан дүүргийн XXIX хорооны иргэн):

-Би таван хүүхэдтэй. Бүгд орон нутагт амьдардаг. Цагаан сарын шинийн 1–нд үр хүүхэд, ах дүү, төрөл садан гээд олуулаа ирж, золгодог. Харин энэ жил ханиад, томуу ихтэй, хятадад өвчин гарсан гээд нам гүм тэмдэглэх бололтой. Гэхдээ би буузаа чимхэж, тавгийн идээ, ууцаа хэдийнэ авчихсан. Өндөр настай учраас Цагаан сар тэмдэглэхгүй байж болохгүй нь. Хол, ойроос ах дүүс ирвэл гэртээ оруулахгүй гэлтэй биш. Хүүхдүүд минь хөдөө мал малладаг, шинийн 1-ний өглөө уул, овоон дээр гарч, хийморио сэргээж, Цагаан сарыг уламжлалаараа тэмдэглэдэг. Энэ жил Цагаан сар мал төллөж эхлэхтэй давхцах учир хүүхдүүд хөдөөнөөс ирж амжихгүй байх. Гийчдэдээ мөнгөн дэвсгэрт бэлэглэдэг.

Ж.БАТХҮҮ (Сүхбаатар дүүргийн XVII хорооны иргэн):

-Цагаан сараар эхнэр, хүүхдүүдийн хамт золгодог. Миний ээж, бас ах, дүү нарын олонх нь Дархан-Уул, Сэлэнгэ аймагт амьдардаг. Би эхээс есүүлээ. Бүгд л шинийн 1-нд ээжтэйгээ золгодог. Есөн айл жил бүр мөнгө нийлүүлж, нэгэндээ хэрэгтэй зүйлийг нь авч өгдөг. Цагаан сар нь буян үйлддэг, ах дүүсээ хүндэлдэг баяр. Тиймээс манайхан аль болох бусдыг баярлуулж, ахас, дээдэстээ хүндэтгэл үзүүлдэг. Хотод хамаатан садангууд маань байдаггүй учир энэ жил битүүнд, эсвэл шинийн 1-нд хөдөө явна.

Г.БАТ-ОРГИЛ (Баянгол дүүргийн IV хорооны иргэн):

-Би өнгөрсөн жил хуримаа хийсэн. Өрх тусгаарласнаас хойших анхны Цагаан сараа тэмдэглэх гэж байна. Аав, ээжүүд минь бүгд Увс аймагт байдаг учраас тийшээ явна. Энэ жил хотынхон Цагаан сар гэж нэг их сүржигнэхгүй байна. Хөл хорио тогтоосныг хөдөөгийнхэн тоохгүй, нэлээд бэлдэж байна лээ. Хөдөө очоод 20-30 айлаар орж, золгох учраас автомашины түлш, бэлэг, хувцсанд багагүй мөнгө зарцуулах байх. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн сонгож, бэлгээ бэлдэнэ. Коронавирусийн дэгдэлт аюултай түвшинд хүрсэн ч орон нутагт гайгүй байх. Нийслэл олон хүнтэй учир томуу дэгдэх магадлалтай.

Х.АРИУНТУЯА (Баянзүрх дүүргийн V хорооны иргэн):

-Манай гэр бүл Цагаан сарыг өргөн тэмдэглэхгүй. Өмнөх жилүүдэд ойролцоогоор 2-3 сая төгрөг зарцуулдаг байсан. Энэ жил өмнө нь худалдаж авсан дээл, хувцсаа өмсөнө. Тэгэхээр харьцангуй бага мөнгө зарцуулах байх. Цагаан сарын буузаа чимхээгүй, дөхүүлээд бэлдэнэ. Ойр дотнын ах дүүсийн 10- 15 айлаар орж, золгоно. Урьд нь олон айл хэсдэг байсан. Жил бүр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ сонгож, бэлэг бэлддэг. Хааяа солонгос бараа сонгоно. Төр, засгаас энэ баярыг хорьсон нь зөв. Тэгэхгүй бол коронавирус манайд дэгдэх магадлалтай. Ганц жил Цагаан сар тэмдэглэхгүй байж болно шүү дээ.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Л.БОЛОРМАА: Монголчууд уламжлалаа сэргээж, жинхэнэ утгаар нь баярлана

Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх Засаг даргын захирамж гарсан. Нийслэлийн ЗДТГ-ын Соён гэгээрүүлэх тасгийн дарга Л.Болормаатай энэ талаар ярилцлаа.

-Нийслэлчүүд энэ жил сар шинийн баяраа хэрхэн тэмдэглэх бол?

-Хөрш зэргэлдээ улсуудад коронавирусийн халдвар дэгдсэн тул нийслэлийн Засаг дарга 108 дугаар захирамж гарган, гуравдугаар сарын 2 хүртэл сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоон, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Удахгүй Монгол түмний үндэсний баяр болно. Нийслэлийн ЗДТГ-аас Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг уриалсан. Өргөн дэлгэр тэмдэглэж, олон хүн цугларч, золгох нь томуу, томуу төст өвчний вирус тараах, дамжуулах эрсдэлтэй. “Цагаан сарын баяраа зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлье. Аав, ээж, ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж золгоё” хэмээн уриалсныг нийслэлчүүд дэмжиж, санал, бодлоо илэрхийлсээр байна. Тиймээс нийслэлчүүдийн Цагаан сар өргөн цар хүрээтэй бус, цомхон хүрээнд болох байх.

-Хотын удирдлага хэрхэн үлгэрлэх вэ?

-Цагаан сараар хотын дарга уламжлал ёсоороо 100 насалж, зургаадай таяг тулсан буурлуудтайгаа золгож, хүндэтгэл үзүүлнэ. Олон нийтийг хамарсан нэг ч арга хэмжээнд оролцохгүй. Нэг настан “Монголчууд эрт үеэс Цагаан сарыг тэмдэглэхдээ өнгө мөнгөөр уралддаггүй байлаа. Зөвхөн өндөр настнууддаа золгодог байж. Аймаг, сум, нийслэл, дүүргийн золголт зохион байгуулдаггүй уламжлалтай. Сар шинийн баярыг зөвхөн гэр бүл, ах дүүгийн хүрээнд тэмдэглэх шийдвэр гаргасан нь зөв” гэж уриалгыг дэмжсэн. Манай эмээ ч “Томчуудад бэлэг сэлт өгдөггүй, хүүхдүүдэд хуйхалж чанасан нэг ширхэг шийр юм уу, хэвийн боов өгдөг байсан” гэж ярьдаг байв. Өнөө цагт уламжлалт баяраа тэмдэглэх, ах дүүсээ хүндэтгэх биш, бэл бэнчингээрээ уралдаж, том сүүлтэй ууц тавих, олон үе идээ засах зэргээр баярхах болж. Олон нийтийг гэртээ урьж залж, хүнсний хэтрүүлсэн хэрэглээ бий болгодог. Улмаар хэвийн боовоо хатааж, идээ шүүсээ ногооруулаад хог дээр хаяж байна. Хууччуул ийм жудаггүй явдлыг амны хишгээ барлаа гэж үздэг. Айл бүр заавал ууц тавих албагүй, хонины гуя, өвчүүтэй чанаж болно. Ийм ёс ч бий. Ямар ч муу юманд сайн тал байдаг. Магадгүй энэ жил баяраар монголчууд уламжлалаа сэргээж, жинхэнэ утгаар нь баярлах бололтой. Ингэснээр нийслэлчүүд эдийн засгаа хэмнэж, эд баялгаар уралдалгүй, уламжлал ёсоороо зөвхөн ах дүүсээрээ золголт хийх боломж бүрдлээ. Мөн түгжрэл үүсгэж, гудамжинд цагаа үрэхгүй, гэртээ үр хүүхдүүдтэйгээ баяраа тэмдэглэх нь байна.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Азийн орнууд уламжлалт баяраа гэр бүлийн хүрээнд тэмдэглэлээ

Билгийн тооллын шинэ жил буюу Цагаан сарын баярыг Азийн орнуудад тэмдэглэдэг. Хир буртгаасаа ангижирч, дээл хувцсаа шинэчилж, зочдын гар цайлгах бэлэг, идээ, шүүсээ зэхэх гээд айл өрх бүр шинэ оноо угтаж, хуучнаа үдэх баярт чин сэтгэлээсээ бэлтгэдэг заншил дэлхийн эл хэсэгт хэдийн тогтжээ. Азийн олон орон өнгөрсөн сарын 25-нд хулгана жилтэйгээ золгов. Гэхдээ энэ жил Хятадад шинэ төрлийн вирус дэгдсэний улмаас тус улсын иргэд элгэн садантайгаа золгохтой зэрэгцэн хөл хорионд орсон. Амралтын хугацааг хөл хорио болгон улсаас нь уртасгаад байна. Бусад улс ч адил ариун цэвэр, хөл хорионы өндөржүүлсэн арга хэмжээ авахад хүрч, баярын арга хэмжээг хумижээ.

Вьетнамд олон зууны уламжлалтай эл баярыг Тэт гэж нэрлэдэг. Тогтсон ёсоор баярын өмнөх бэлтгэлээ базаагаад, өнгөрсөн жил гэр бүлээрээ хийсэн, бүтээснийг тэнгэрт тайх голомтын бурхнаа үдэх, түүнийг цэвэр цэмцгэр гэртээ дахин морилж, халуун ам бүлийн хамт шинэ оноо угтахаар газарт бууж ирэх үйл хийдэг. Сарны мөчлөгөөс хамаараад эл баярыг вьетнамчууд нэгдүгээр сарын эцэс, хоёрдугаар сарын эхээр тэмдэглэдэг. Хаврын баярын урд буюу битүүний өдрийн шөнө дундын үед нийслэл Ханой зэрэг том хотод ёслолын буудлага үйлддэг бол сүм хийдэд зэс хонх цохиж, гудамж, талбайд залуус цаасан луу хийсгэдэг. Тэт дөрөв хоног үргэлжилдэг. Вьетнамчууд энэ өдрүүдэд хэчнээн хол байсан ч халуун ам бүлээрээ цуглаж, буурлууддаа хүндэтгэл үзүүлэн, үндэсний хувцсаар гоён, цагийг хамт өнгөрүүлэхийг хичээдэг аж. Баярын шөнө дунд буюу 24.00 цагт хүүхэд, багачууд өвөө, эмээ, эцэг, эхдээ сайн сайхныг ерөөн золгоно. Дараа нь хүүхдүүдэд аз жаргалын мөнгө бэлэглэдэг. Мөнгө хэд байх нь чухал биш. Хамгийн гол нь шинэ, улаан уут болон туузтай байх ёстой. Баярын дараагийн өдрүүдэд төрөл төрөгсөд, айл саахалтаараа зочлон, мөн л хүүхдийн гар цайлгадаг. Хүүхдэд өгсөн мөнгө шинэ оны орлогын үүдийг бэлгэддэг аж. Буддын шашны сүм, хийдийн лам нар ч бага насны хүүхдүүдэд аз дагуулах, жижиг улаан ууттай мөнгө түгээдэг байна.

Хамгийн өргөн буюу улс, үндэстний хэмжээний албан ёсны баяр болгон тэмдэглэдэг Хятадад долоо хоног бүх нийтээр амарч, эцэг, эх, ах, дүүстэйгээ учран золгодог. Энэ үеэр тэнгэрт хальсан ч ургийн үр үндсийг тавьсан өвөг дээдсээ дурсан, булш бунхныг нь эргэн хүндэтгэл үзүүлдэг онцлогтой. Удмын бүх үеэрээ ширээ тойрон сууж, улирсан онд ихийг бүтээж, шинэ онд өнгөтэй байхыг бэлгэдсэн, элбэг дэлбэг идээ шүүс барьсны дараа гэр бүлийн гишүүд бие биедээ улаан болон шар цаасан уутанд хийсэн мөнгө бэлэглэдэг.

Солонгосчууд соллаль гэж нэрлэдэг, хавартай эсэн мэнд золгосны эл баярыг хоёр хоног амарч, хятадуудын нэг адил эцэг, өвгөд, бурхан тахилдаа идээ будаа өргөж, ахмад настнууддаа мөргөн хүндэтгэл үзүүлдэг. Үндэстний онцлог бүхий баярын ширээнд зоог барьсны дараа настнуудаа хүндэтгэн гоёмсог торгонд боосон амттан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хураасан ургацын дээж, мөнгө бэлэглэдэг. Харин настнууд хүүхдүүдээ тусгайлан бэлдсэн ууттай мөнгө өгч, бэлгэ дэмбэрлийн үгээр урам хайрладаг.

Буриад, Бутан, Балбад бүх нийтээр хаврын баярт урьдаас бэлтгэн, ёслол, хүндлэлтэй өргөн тэмдэглэдэг аж. Харин Тайландын хүн амын 15 хувь нь хятад үндэстэн учраас тэд шинэ жарны эхэн хулгана жилтэй золгосны баяраа гэр бүлийн хүрээнд уламжлалын дагуу тэмдэглэсэн байна.

Бэлтгэсэн: З.Гал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)