МАГАТЭ-гийн чуулганд 170 гаруй орны төлөөлөгч оролцож байна

Австрийн нийслэл Вена дахь НҮБ-ын салбарт Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (МАГАТЭ)-ийн Ерөнхий хурлын 63 дахь чуулган болж байна. Энэ сарын 20 хүртэл үргэлжлэх чуулганд 170 гаруй орны өндөр албан тушаалын төлөөлөгч оролцож буй бөгөөд тэд атомын эрчим хүчийг хөгжүүлэх, цөмийн аюулгүй байдлын сацуу Иран, БНАСАУ-д цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгаа олгох асуудлыг хэлэлцэх гэнэ.

Жил тутмын эл чуулганы хүрээнд болох эрдэм шинжилгээний хурлаар хорт хавдрыг оношлох, эмчлэх арга замыг хөндөх аж. Тэрчлэн 35 орны төлөөлөгчөөс бүрддэг Удирдах зөвлөлийн 11 гишүүнийг сонгоно. Тэд агентлагийн ерөнхий захирлыг шалгаруулах юм. Ерөнхий захирлын албан тушаалд МАГАТЭ-гийн тэргүүний үүрэг гүйцэтгэж буй Корнел Феруцэ, Аргентины байнгын төлөөлөгч Рафаэль Гросси, Цөмийн туршилтыг бүх нийтээр хориглох тухай гэрээний байгууллагын Бэлтгэх комиссын гүйцэтгэх захирал, Буркина-Фасо улсын төлөөлөгч Лассина Зербо, Цөмийн хяналтын газрын дарга, Словакийн төлөөлөгч Марта Жиакова нар нэр дэвшжээ. Ирэх сард тодорхой болох МАГАТЭ-гийн ерөнхий захирал ирэх оны нэгдүгээр сарын 1-ний дотор үүрэгт ажилдаа орно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)