Магадлан итгэмжлэгдсэн 9 байгууллага гэрчилгээгээ гардаж авлаа

Олон улсын жишигт нийцсэн шалгуур, шаардлагын дагуу магадлан итгэмжлэгдсэн байгууллагууд өнөөдөр гэрчилгээгээ гардан авлаа.

Маргад дээд сургууль, Засагт Хан дээд сургууль, Эдийн засгийн үндэсний дээд сургууль, Соёл Эрдэм дээд сургууль, Шинэ Монгол технологийн коллеж  гэсэн дээд боловсролын таван байгууллага, Гурвантамир мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Налайх дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Орхон аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Төв аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэсэн мэргэжлийн боловсрол, сургалтын дөрвөн байгууллага магадлан итгэмжлэлийн хөндлөнгийн үнэлгээ хийлгэн шаардлага хангажээ.

Магадлан итгэмжлэгдсэн их дээд болон мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын гэрчилгээг БСШУС-ын сайд бөгөөд БМИҮЗ-ийн дарга Ё.Баатарбилэг, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  Л.Цэдэвсүрэн, Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн ажлын албаны захирал О.Янжмаа нар гардуулж, амжилт хүслээ.

Дээд боловсролын салбарын хувьд байгууллагын магадлан итгэмжлэл тасралтгүй явагдаж, сүүлийн жилүүдэд хөтөлбөрийн магадлан итгэмжлэл идэвхжиж, жил бүр магадлан итгэмжлүүлэхээр хүсэлт ирүүлэх тоо нэмэгдэж байна.

Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиуд жил бүр ахиц дэвшлийн тайлангаа Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлд ирүүлж нь чанарын баталгаажуулалтаа ханган ажилладаг. Магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрүүдийн мэдээллийг www.accmon.mn цахим хуудаснаас авах боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)